Нийгмийн

ЗАМЫН-ҮҮД: Дундын бүсийг татан буулгаж, тээвэр зогсох нөхцөлийг танилцуулжээ

Замын-Үүдийн тээвэрчид өвөлжин, хаваржин тэмцэж, задгай тээвэр явуулж өгөхийг удаа дараа хүссэн. Бүр нэг жолоочоос 10 мянган төгрөг хурааж, дундаасаа 20 сая төгрөг босгон есөн гишүүн томилж төр засагт дуу хоолойгоо хүргэхээр Улаанбаатар хотод сар зочид буудалд байрлаж, ажилласан байдаг. Замын-Үүдийн тээвэрчдийг нэгтгэсэн долоон холбоо дөрвөн удаа тайван жагсаал хийснээр төр засагтай “учраа оллоо” гэж бодоцгоосон. Бодсон гэсний учир нь бодит амьдрал дээр хэрэгжсэн  шийдвэр нь нэр төдий, төр тээврийн бизнест улам лав шургалан оржээ.

-ДУНДЫН БҮСИЙГ ТАТАН БУУЛГАЖЭЭ-

Зам-Үүдийн тээврийн бодит нөхцөл байдал. Төрийн данстай 30 шар машин оочер дугаар хамаарахгүй, өдөр бүр хилээр орж, гарч тээвэр хийнэ. Ард иргэдийн ажил, ачаа горилон зогсоо 7000 машинаас өдөрт 30 л орох нормтой бөгөөд хэдэн ч цагаар хамаагүй оочерлон зогсоно. Анх төр засаг 30 машин, ард иргэд 40 машин оруулахаар тохирсон ч иргэдийн квот хасагдсаар одоо 25 болжээ. Түүнчлэн тээвэрчдийн холбоо бүрээс оролцуулсан жолооч нарын багийг дундын бүсэд ажиллуулна гэсэн тохирооны үр дүнд 7000 бүртгэлтэй жолоочоос 14 хүн л тэнд байршсан байна. Гэвч ойрын өдрүүдэд Эрээн хотод коронавирусийн халдвар нэмэгдсэн гэх шалтгаанаар дундын бүсийг татан буулгаж, засвар үйлчилгээ эрхэлдэг таван жолоочийг л үлдээжээ. Цаашид урд байгаа 200 гаруй чингэлгийг нааш зөөвөрлөж дуусгаснаар дахин ачих боломжгүй гэж урьдчилан мэдэгдсэн байна.

-ЧИНГЭЛГИЙН ТҮРЭЭС 60 МЯНГАН ЮАНЬ, ТЭЭВРИЙН ХӨЛС 720 МЯНГАН ТӨГРӨГ-

Дундын бүс буюу Замын-Үүдэд буудалд тусгаарлалтад өөрсдөө зардлаа гаргаж, хоногт 50 мянган төгрөг буудалд төлж, долоо хоногт 70  мянган төгрөг шинжилгээнд өгдөг дундын бүсийн арваад жолооч хилээр орж ирсэн машинуудыг нааш оруулж ирэх, тээврийн тэрэгнүүдийг ажилд гарах бэлэн байдлыг хангаж бэлдэж өгөх, засвар хийх зэрэг ажлыг гүйцэтгэж өдөртөө хамгийн дээд тал нь  250 мянган төгрөг олдог байж.  Харин чингэлэг тээвэр хийж буй машинууд нэг ороод гарахад 720 мянган төгрөгийн ханштай. Иргэдийн машин цаашаа гарахдаа чингэлэг ачиж үүнийхээ хөлсөнд 100 мянган төгрөг авдаг байна. Чингэлгийн түрээс 50-60 мянган юанийн үнэтэй бөгөөд хувьдаа 3-10 чингэлэгтэй хятад иргэн олон байдаг аж.

-ТӨРД БООМИЛУУЛСАН ТЭЭВЭРЧИД-

 Төр эрх дарх хэмшээлшгүй их, хязгааргүй хүчтэй. Тийм ч учраас өнөөдөр төр хутгалдаагүй бизнес гэж байдаггүй. Үүний нэг тод жишээ Замын-Үүдийн тээвэр. Задгай тээврийн төлөө түмэнтээ тэмцээд тусыг олоогүй тээвэрчид өдгөө төрдөө боомилуулан, ээлж дараагаа хэзээ нэгэн цагт ирж хилээр нэг гарч 720 мянган төгрөгтэй болно хэмээн машиндаа амьдран оочероо хүлээж сууна. Дараагийн асуудал бол чингэлгийн бизнес. Хилийн тээврийн бүх оролцогч тал өнөөдөр чингэлэг тээврийн үнийн дарамтад сөхөрч байна. Чингэлэгийн түрээсийн үнэ 50-60 мянган юань. Нэг куб ачаа 2000 юанийн ханштай. Энэ долоо хоногт тээврийн холбоо мэдээлэл хийхдээ монголчууд өдөрт чингэлэг тээвэрт 84 мянган ам.доллар зарцуулж байгааг хэлсэн. Ухаандаа бол энэ 84 мянган ам.доллар чинь эргээд барааны үнэд шингэж иргэдийн нуруун дахь ачааг хүндрүүлнэ. Цаашид дарга нар Замын-Үүдээр нүүрс урагш нь гаргах алсын хараатай. Замын-Үүд орчим өнөөдөр 20 тоннын чингэлэг хэдэн мянгаараа өрөөстэй. Энэ нүүрсээ Дорноговийн сумдаас олборлох төлөвлөгөө аль хэдийн эхэлсэн.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button