Тогтоолын төсөл: Барааны үнэ өссөн жинхэнэ шалтгааныг мөрдөн шалгана
Өчигдөр буюу зургадугаар сарын 11-ний УИХ-ын чуулганы хуралдааны төгсгөлд Ш.Адьшаа нарын 26 гишүүнээсөргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Өнгөрсөн жилээс эхлэн өнөөг хүртэл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа хэдий ч манай төрийн өмчит компаниудын борлуулалтын үнэ дэлхийн зах зээлийн үнээс гурав дахин бага байна. Түүнчлэн Монгол Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зардал хэт өссөн, үүнээс улбаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн шалтгаан нөхцөлийг тогтоох шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа онцлоод төсөл санаачлагч нь уул уурхайн компаниудын нүүрсний олборлолт, экспортоос олсон ашгийг Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхээр ашиглах төрийн урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, улмаар тогтвортой олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, уул уурхайн салбарт хэрэгжиж буй хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, тус салбараас Монгол Улсын хүртэж буй орлогын урсгалыг хянах, хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийн шалтгаан нөхцөлийг олж тогтоох, хянан шалгах, улмаар уг хүндрэлийг даван туулах арга замыг тодорхойлох зорилгоор тогтоолын төслийг боловсруулсныг дурдав.
Мөн төсөл санаачлагч гишүүн Г.Ганболд УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа, Гашуунсухайтын боомт дээр 20 км газарт нэг машин нүүрс тээвэрлэхэд 80 сая төгрөгт хүрснийг онцлоод эм, хил гаалийн асуудалд мөрдөн шалгах түр хороо байгуулах нь оновчтой гэж үзэж байна гэв. Мөн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын хилээр хууль бусаар алт гаргах, мэдүүлэггүйгээр нүүрс зөөхөөс эхлээд хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зардал хэт өссөн, үүнээс улбаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн зэрэг тулгамдсан асуудлууд их байхад УИХ Хянан шалгах түр хороо байгуулаад асуудлыг шалгаж ажиллах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин Гашуунсухайт, Замын-Үүд дээр боомтын шинэчлэлийн ажил өрнөж буй энэ үед хил, боомтуудаар явж, ачаа тээврээ хэрхэн гаргах, боомтын барилгын ажлыг хэрхэн дуусгах талаар шалгаж үзэх нь зүйтэй гэсэн тайлбарыг хэлж байлаа.
Ингээд “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.1 хувь нь дэмжсэнээр тус тогтоолын төсөл батлагджээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Унгасны хойно хавчив, үхээд хоноцгоо
Арай л удаан ажиллаад бна уу даа . Ченжийн системийг л устгаб хэрэгтэй бна
Энэ ч үлгэр болоод дуусна. Ярихаас хийдэг нь бол бишээ