Нийгмийн

"Шинэ хуулиар найман нэрийн дэлгүүр зөвхөн архи, тамхины зөвшөөрөл л авна"

-ТӨРӨӨС ОЛГОДОГ ЗӨВШӨӨРЛИЙН ТОО ТАВ ДАХИН БУУРНА-

УИХ-аар шинэчлэн баталсан "Зөвшөөрлийн тухай хууль"-ийг МҮХАҮТ-д хүлээлгэн өгөх, хуулийн өөрчлөлтийг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад хэрхэн нөлөөлөх талаар олон нийт, бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал боллоо.

Энэхүү хуралд УИХ-ын гишүүн, Зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ-ын Бодлого, стратегийн газрын дарга Ж.Оюунчимэг, Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар оролцлоо.

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн баталсан Зөвшөөрлийн тухай хууль нь 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр төрөөс олгож байсан зөвшөөрлийн тоо тав дахин буурч, эрх зүйн цоо шинэ орчин бий болох юм. Энэ нь бизнес, эдийн засгийн орчин сайжрах, хүнд суртал хумигдах, цаг хугацаа хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой.

-Н.АМАРТҮВШИН: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ХУУЛЬ БОЛСОН-

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Иргэд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхлэхэд нь төрөөс ирэх дарамт шахалт, хүнд суртал буурах, бизнесийн үйл ажиллагаа идэвхжих, ил тод байдал дээшлэх, эдийн засаг тэлэх суурь нөхцөл бүрдэхэд шинэчлэн баталсан Зөвшөөрлийн тухай хууль гол үүрэг гүйцэтгэхээр байна. Хувийн хэвшил энэ удаагийн шинэчлэлд ихээхэн талархалтай хандаж байгаа. Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэхэд хуулийн үүрэг, оролцоо маш их. Монголын бизнесийн орчныг сайжруулах чухал хууль болсон гэж харж байгаа. Бизнесийн орчинд том дэвшил болж байна” хэмээн онцлов. Одоо хэрэгжиж буй хууль, эрх зүйн зохицуулалтаар иргэн, ААН ямар нэгэн бизнес 1,500-1600 гаруй зөвшөөрлийг давхардсан тоогоор авдаг байсныг нэмж хэлсэн юм.

-Х.ГАНХУЯГ: 1600 ЗӨВШӨӨРӨЛ 362 БОЛСОН-

УИХ-ын гишүүн, Зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг “2001 онд Тусгай зөвшөөрлийн тухай хууль гэж батлагдаж байсан. "Зөвшөөрлийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулга батлагдахаас өмнө 1,600 зөвшөөрөлтэй байсан. Тухайлбал мэргэжлийн хяналтын эрүүл ахуйн баталгаажуулалтаас гадна найман нэрийн барааны дэлгүүр дээр 8 зөвшөөрөл авдаг байсан бол өнөөдөр зөвхөн архи болон тамхины зөвшөөрлөө л авна. Ажлын байрыг бий болгох, эдийн засгийг тэлэх, бизнесийн орчныг эрүүл, зөв болгох, хүнд суртлыг арилгах нь “Зөвшөөрлийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын гол зорилго байсан. Нийт 362 зөвшөөрөл байгаа бол зөвшөөрөл авах үйл явц тодорхой, ойлгомжтой, цэгцтэй, ил тод нээлттэй болж байна” гэв. МҮХАҮТ-аас бизнесийн орчны нөхцөл байдлыг бодитоор үнэлэх, асуудлыг гаргаж ирэх үүднээс “Хүнд суртлын индекс” гэж судалгааг тогтмол жил бүр бизнес эрхлэгчдийн дунд явуулж ирсэн. Судалгааны үр дүнг нь нийтэд мэдээлж, холбогдох төрийн байгууллага, Засгийн газар, УИХ-ын гишүүдэд хүргүүлж, танилцуулдаг. “Хүнд суртлын индекс-2021” судалгаагаар, Зөвшөөрлийн үйлчилгээний үнэлгээ өгсөн бизнес эрхлэгчдийн 18 хувь нь ба 31 аж ахуйн нэгж ямар нэг хууль, дүрэм журам зөрчигдсөн гэж хариулсан байна. Харин дээрх 31 байгууллагын 13 нь үйлчилгээтэй холбоотой гомдол гаргасан бол эдгээрээс дөнгөж 2 гомдлыг хууль журмын дагуу шийдвэрлэсэн гэжээ. Зөвшөөрлийн үйлчилгээ авах үйл явцын үнэлгээ нь төрийн үйлчилгээний дундаж үнэлгээнээс бүх үзүүлэлтүүдээр бага үнэлгээтэй байна. Шинэчлэн баталсан Зөвшөөрлийн тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхэлснээр дээрх нөхцөл байдал өөрчлөгдөж, бизнесийн орчин илүү таатай болох хүлээлттэй байна.

Иргэн, аж ахуйн нэгжүүд мэдээгүй байж байтал тусгай зөвшөөрлөө цуцлуулсан тохиолдол олон гарсан байдаг. Шинэ хуулиар 45 хоногийн өмнө эрх бүхий байгууллагад нийтийн мэдээллийн хуулийн дагуу дуусах гэж байгаа талаар албан мэдээлэл өгдөг болж байна. Тиймээс хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах бичгээ өгч, 10 хоногийн дотор үүнийг шийдэж өгдөг болно. 30 хоногийн дотор мэргэжлийн хяналт, онцгой байдал зэрэг газруудаар холбогдох дүгнэлтүүдийг амжуулж хийлгэнэ. Дүгнэлтүүдийн хариуг ажлын тав хоногт гаргаж авна. Эдгээрийг цахимаар шийдэж, тухайн материал хаана, хэн гэдэг албан тушаалтан дээр гацаад байгааг 30 хоногтоо цахимаар хянаад явах боломжтой боллоо.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөвхөн архи, тамхи зардаг дэлгүүр байвал зохимжтой юм биш үү!!! Бусад дэлгүүрт архи тамхи зарахыг хатуу хоригло!!!

Холбоотой мэдээ

Back to top button