БАЙР СУУРЬ: Саарал жагсаалтын талаар эдийн засагчид ЮУ ярив

Монгол Улс "Саарал жагсаалт ” -д орсон эсэхийг ФАТФ өнөөдөр /2019.10.18/ зарлана. Үүнээс хоёр хоногийн өмнө манай улс саарал жагсаалтад орсон гэдгийг улс төрчид, болоод эдийн засагчид зарласан билээ. Тодруулбал, Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах шийдвэр гарсан талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээллэсэн.
Хэрвээ Монгол Улс саарал жагсаалтад орчихвол эдийн засаг бүхэлдээ хүнд нөхцөлд орж, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байх эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд сануулж буй. Харин улсаа саарал жагсаалтад оруулахад хэн, юу нөлөөлсөн гэдэгт хариулт өгөх эзэн олдохгүй бүгд өөрсдөөсөө бурууг түлхэж байгаа. Саарал жагсаалтад ороход юу нөлөөлсөн, ямар эрсдэл үүсч болох талаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.
-УЛС ТӨРЧИД ШИЙДВЭР ЯРИХААСАА ИЛҮҮ АРЬСАА ХАМГААЛСАН МЭДЭГДЛҮҮД ХИЙЖ БАЙНА-
МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч асан Б.Лхагважав:
“Ерөнхийдөө макро эдийн засаг, санхүүгийн ертөнцөд болж буй үйл явцын менежментийн асуудалд алдаа гарсан гэж болно. Улс төрчид шийдвэр ярихаасаа илүү арьсаа хамгаалсан мэдэгдлүүд хийж байна. 2017 онд ОУВС-тай гэрээ хийснээр санхүүгийн менежментээ тэдний хяналт дор явуулах болсон. Тухайн онд бүх арилжааны банкуудад шалгалт орж байсан. Арга хэмжээ авах шаардлагатай банкууд дуулдаж байсан ч намар нь бүгд өр ширгүй, сайн ажилласан болоод л хувирчихсан.
Хоёрдугаарт, Дубайн нэмэлт гэрээгээр өмнөх хөрөнгө оруулагч нараа сольж дэлхийн 16 том банкны санхүүжилтээр төсөл үргэлжилэхээр болсон. Оюутолгойн зөвхөн газрын доор эрдэс баялаг тэнд байгаа компанийн асуудалд болохоор бид давхар банкны системээ барьцаанд өгсөн. ОУВС манайд орж ирснээр хийгдэж буй процест нь манайхан бүдэрч унасан. Гэвч аргалдаг зангаараа аргалаад өнгөрсөн байдаг. Төв банкны хяналтын зөвлөл энэ талаар олигтой тайлбар тавиагүй, нууц байдлаар хийгдсэн. Одоо 500 тэрбумын асуудал босч ирж байна.
Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар “2018 оноос өмнөх, 1992 оноос хойших нийтийн мөнгийг завших, хулгайлах, өөрсдөө ашиглах үйлдлийг” “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-иар далдалсан юм шигээр буруу мэдэгдэл хийж харагдана лээ. Яг үнэндээ тухайн хуулинд тендерээс, концессоос, улсын мөнгийг санхүүгийн системээр хулгайлахыг халхалсан ямар ч заалт байхгүй. Одоо ч буруу тайлбар явагдаад байгааг би хүлээн зөвшөөрөхгүй.
2013, 2014 онуудад янз бүрийн бондуудын мөнгө болон 2,7 их наяд төгрөг хэвлэж 200 гаруй компаниаар дамжуулан тухайн үеийн Засгийн газар, Монгол банктай хамтран тараасан. Энэ бүхний цаана мөнгө угаалт явагдсан бол нэг төгрөг болгон нь санхүүгийн баримтаар гарч ирэх төслүүд юм. Ийм алдаануудаа анхаарч, шахаж ажиллах боломж байсан юм шүү. ОУВС, Сангийн сайд хоёрт макро эдийн засагт гарч байгаа сайн тоонуудыг нь авч яриад, муу тоонуудыг нь өөрсдөөсөө зайлуулах эрх байхгүй. Муугийн ч ярьж засаад явах ёстой.
-СААРАЛ ЖАГСААЛТАД БАГТСАН ЭНЭ УДААГИЙН АСУУДАЛ ОУВС-ЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ОГТХОН Ч ХАМААРАЛГҮЙ-
Эдийн засагч Ч.Отгочулуу:
“Саарал жагсаалтад орвол гадаад гүйлгээ хийдэг ААН, компаниудын хувьд хүндрэл гарна. Гадаад гүйлгээний үнэ өртөг өндөр болно. Түүнээс биш иргэдийн яриад байгаа шиг карт ажиллагаагүй болно гэсэн зүйл байхгүй. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах эрсдэлтэй. Манайх ёроолдоо хүртэл унчихсан тул нэмж унах боломжгүй. Манайд 40 зөвлөмж өгсөн юм билээ. 20-ыг нь биелүүлсэн. 20 нь үлдсэн байсан. Тэдгээрээс дөрөв нь хангалтгүй гэсэн үнэлгээтэйгээр үлдсэн гэгддэг. Эхнийх нь хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгооч гэдэг зөвлөмж.
Хамгийн эхнийх нь цөмийн зэвсэгтэй болох асуудлаас болоод Иран, Хойд Солонгос гэсэн хоёр улс нилээдгүй хэцүүдэж байсан. Манайх Хойд Солонгостой зэвсгийн наймаа хийх гэж үзсэн, дүрвэгсэд, ажилчид орж ирсэн. Тэднийг ажиллуулахаа боль гэсэн зөвлөмж байгаа. Солонгосын ажилчдын цалин үй олноор хөнөөх цөмийн зэвсэг бүтээх санхүүжилтэд ашиглагдаж байж магадгүй гэсэн хар бий. Энэ бол Хууль зүйн яамны хийх ёстой ажил.
Хоёрдугаарт, манайх алтны татвараа огцом нэмсэн тохиолдол бий. Нэг хэсэг хулгайн алт гадагш их гарсан. Тэр нь тероризм, хүний наймааг санхүүжүүлж байж магадгүй гэсэн хардлага гарч, шалгах ёстой болчихсон гэдэг. Манайхан энэ асуудлыг тоож, хөдөлж өгөөгүй юм шиг байгаа юм.
Энэ удаагийн саарал жагсаалтад багтаасан асуудал ОУВС-ын хөтөлбөртэй огтхон ч хамааралгүй, харин терроризм, мөнгө угаах, хар тамхи, хүний наймааны санхүүжилтийг барьж авах зорилготой. ОУВС манай банкуудад эх үүсвэрийн шалгалт явуулсан нь үнэн. Тэр шалгалт дууссан. Ямар нэгэн байдлаар тэр эх үүсвэр дотор терроризмтой, мөнгө угаахтай холбоотой зүйл байхгүй нь тодорхой болчихсон шиг байна гэж харсан. Өөрөөр хэлбэл ОУВС-гийн хөтөлбөр тусдаа, өөр асуудал. Үүнийг ялгаж салгахгүй санаатай болоод санамсаргүй мэдээллүүд их гарч байна. Сургаар мэдээлэл тараагаад байвал долларын ханш өсөхөд нөлөөлнө. Долларын ханш өсөхөөр өөрсдөд нь ашигтайгаар эргэх гээд байгаа хүмүүс зориуд сэвээд байгаа ч юм шиг харагдаж байна” хэмээн ярилаа.
-СААРАЛ ЖАГСААЛТАД ОРСОН НЬ САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 30 ЖИЛИЙН ГАЖУУДЛАА ЗАСАХ ТОМ БОЛОМЖ-
Эдийн засагч Д.Ангар:
“Манай улс саарал жагсаалтад орвол долларын ханшид нөлөөлөх, гадаадын хөрөнгө оруулалт багасах зэрэг тодорхой эрсдэлүүд үүсэх байх. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хоёр муу ажилласных. Үндсэндээ энэ хоёр байгууллага 20 жил ажлаа хийсэнгүй. Саарал жагсаалтад ороход нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл нь арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй. ОУВС-тай хөтөлбөрийн хүрээнд банкны системд активын чанарын үнэлгээ хийж, нийт банкны системд 500 орчим тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгийн дутагдал гарсан.
Ихэнх банкууд үүргээ биелүүлж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн ч эх үүсвэрээ нотолж чадаагүй, мөнгө угаасан гэдэг нь шууд тодорхой.Энэ нь саарал жагсаалтад ороход нөлөөлсөн гол хүчин зүйл болсон гэж харж байна. Саарал жагсаалтад орсноор иргэдэд шууд нөлөөлөх нөлөө бага. Харин гаднын хөрөнгө оруулалтууд буурна. Гэхдээ харамсаад байх ч зүйл биш.
Нэг талаараа хүндрэлүүд авчрах ч гэсэн нөгөө талаараа гажуудалтай санхүүгийн зах зээлээ засалгүйгээр 30 жил явсан гажуудлыг засах маш том боломж гэж харж болно. Бид санхүүгийн зах зээлийн алдаа, зөрчлөө засчихвал саарал жагсаалтаас гарах боломжтой” хэмээн ярилаа” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.