Польшийн Ерөнхийлөгч ирэх даваа гарагт ирнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт манай улсад 2023 оны дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Үүнээс гадна Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн айлчлал нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүлээн авч буй анхны төрийн айлчлал гэдгээрээ онцлогтой. Төрийн айлчлалыг Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжүүлдэг.
Тус айлчлалыг хоёр жилийн өмнө хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч цар тахал болон бусад хүчин зүйлийн улмаас хойшлогдсон байна.
БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда 2015 онд анх сонгогдсон бөгөөд 2020 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон юм. Тэрбээр Монгол Улсад айлчилж буй Польшийн гурав дахь Ерөнхийлөгч болох юм. Тодруулбал, Ерөнхийлөгчийн түвшинд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 1999 онд, БНПУ-ын Ерөнхийлөгч Л.Качиньски 2008 онд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд, БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовски 2013 онд айлчилсан түүхтэй. Монгол Улс, БНПУ 1950 оны 04 дүгээр сарын 14-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. БНПУ-д 1,000 орчим монгол иргэн, манай улсад Польшийн 27 иргэн 90 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байна. Монголын 100 гаруй эмч БНПУ-д ардын уламжлалт анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа гарчээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.