УЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Батжаргал: Дорноговьд 12 мянган ажлын байр эзнээ хүлээж байна

Энэ сарын 28, 29-нд зохион байгуулагдах "Нээлттэй Дорноговь" чуулганы талаар аймгийн Засаг дарга О.Батжаргалаас тодрууллаа.

-Энэ долоо хоногийн баасан, бямба гарагт зохион байгуулагдах “Нээлттэй Дорноговь” чуулганы талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд бид “Нээлттэй Дорноговь” чуулган зохион байгуулах гэж байна. Үйл ажиллагаа 28-нд барилгын салбарын сэдвээр эхэлнэ. Ингэхдээ зураг төсөл, хот, гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож байсан компани, аж ахуй нэгжүүд мөн орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй барилгын компаниудыг урьж оролцуулна. Сайншанд, Замын-Үүдэд баталсан хот төлөвлөлтөө танилцуулна. Мөн хот төлөвлөлтөд хөрөнгө оруулагчид, Барилга хот байгуулалтын яамныхан болон бусад албаныхан оролцоно. Энд гэр хороололд тулгамдаж буй асуудлаа ч ярина. Уул уурхайн хайгуул, олборлолт, тээвэрлэлт гэсэн чиглэлүүдээр зөвлөлдөх юм. Цаашид байгаль орчны чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого, хийх ажлаа танилцуулж, ярилцана.

-Маргааш нь буюу 29-ний өдөр ямар арга хэмжээ болох вэ?

-29-нд “Дорноговьд тавтай морил” арга хэмжээ болно. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөдөөгийн сэргэлтийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодит нөхцөл байдлыг танилцуулах чуулган зохион байгуулна. Дорноговь аймагт хийгдэж буй бүтээн байгуулалт, дэд бүтэц, хамгийн гол нь ажлын байруудыг танилцуулж, хөдөлмөр зуучлалыг хийнэ гэж ойлгож болно. Дээрээс нь манай аймагт хийж болох бизнесүүдийн талаар танилцуулахаас гадна, түншүүдийг холбож өгөхөөрөө ач холбогдолтой. Салбарыг хамарсан асуудлуудаар мөн хэлэлцүүлэг зохион байгуулна.

-Ажлын байр төдийгүй бизнесийн боломжууд хөдөө орон нутагт элбэг байдаг хэдий ч хүний нөөц, боловсон хүчний асуудал яалт ч үгүй тулгардаг бодит үнэн. Танайд энэ асуудал хэр байна вэ?

-Хөдөө орон нутагт тулгамдаж буй гол асуудал нь хүний нөөцийн асуудал. Төрийн захиргааны байгууллагад төдийгүй, хувийн хэвшлүүдэд ажиллах хүчний нөөц яалт ч үгүй хомсдолтой байна. 2022 онд гэхэд манай аймагт Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл гүйцэтгэсэн 28 ААН-д 2500-2600 хүн ажиллаж, түр ажлын байраар хангагдсан тоон мэдээлэл бий. Тэгэхээр энэ удаад бид хөрөнгө оруулагчдыг уриалж, бий болж буй ажлын байруудаа танилцуулах болно. Нэг ч гэсэн иргэнийг ажлын байраар хангах, нэг ч гэсэн ААН-ийг бизнесийн түнштэй болгох үүднээс Дорноговь аймагт ажиллах уриалгыг дэвшүүлнэ. Бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллана.

2023 оны тавдугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд 1100 орчим ажлын байрны захиалга бий гэдэг тооцоо судалгааг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар гаргасан. Барилга, орон сууц, дэд бүтцийн бүтээн байгуулалтуудад орж ажлын байраар хангагдах боломж манайд байна гэсэн үг. Эмч, багш, хөдөө аж ахуй, байгаль орчны мэргэжилтнээр ирж ажиллах уриалгыг гаргаж байна.

-Хөрөнгө оруулагчдыг уриалж, бий болж буй ажлын байруудаа танилцуулна гэдэг үг таны ярианд олон давтагдлаа. Танай аймаг яг хэчнээн хүнийг ажлын байраар хангах чадамжтай юм бэ?

-Нэг ажлын байран дээр нэг л хүн ажилладаггүй. Тухайлбал, нэг компанийн засварчин орон тоон дээр 2-3 хүн ажиллах боломжтой. Манай аймагт ажиллах хүчний 900 гаруй орон тооны захиалга өгсөн гэсэн тоон мэдээлэл гараад байна. 1100 ажлын байр чуулган дээр танилцуулагдана. Цаашлаад байнгын болон түр ажлын байрыг нэмээд тооцож үзэхэд 6072 болж байна лээ. Нэг ажлын байранд хоёр хүн гээд тооцвол 12 мянга болно. Тэгэхээр Дорноговьд 12 мянган ажлын байр эзнээ хүлээж байна гэсэн үг.

-Иргэд өөрийн бизнесээ төлөвлөж ирээд манай аймагт ажиллах боломжтой-

-Танай аймагт ажиллахад дунджаар хэдэн төгрөгийн цалин авах боломж бололцоотой юм бэ. Шилжин суурьшихаар төлөвлөж буй иргэдийн анхаарал татах гол асуудал нь цалин шүү дээ?  

-Төрийн албан хаагчдын цалингийн мэдээлэл цахим орчин нээлттэй бий. Та бүхэн ч мэдэж байгаа байх. 800-900 мянган төгрөгөөс эхлэх туслах ажилтны орон тоонууд бий. Хувийн хэвшилд ажиллагсдын дундаж цалин 1 сая 25 мянган төгрөгөөс эхэлж байгаа гэсэн судалгаа гарсан. 2-3 сая төгрөгийн ч цалинтай ажил байна. Төмөрлөгийн үйлдвэрт ажиллахад л дундаж цалин 4 саяд хүрч буй. Үйлдвэржилт, уул уурхай, зам тээвэр, логистик дагасан жижиг дунд бизнесийн салбарууд дээр өргөн орон зай, шинэ тутам боломжууд үүсэж байгааг дурдмаар байна. Хөдөө орон нутаг гэхээр заавал төрийн албанд ажиллана гэсэн ойлголт ард үлдсэн. Өөрийн бизнесийг төлөвлөж, манай аймагт ирээд ажиллах боломж бүрэн нээлттэй. Тиймээс бид зөвхөн ажлын байр биш хөдөө яаж шинэ бизнес эхлүүлэх вэ гэдэг тал дээр нь ч анхаарна.  

-Бизнесийн таатай орчин манайд бий гэлээ. Тухайлбал?

-Дорноговь аймгийн бодлогын цөмд үйлдвэржилт бий. Үйлдвэрүүдийг бий болохын хэрээр ажлын байр, худалдааны харилцаа үүсэж, нийгмийн суурь үйлчилгээнүүд шаардагдаж эхэлдэг. Эдгээрийг дагаад л бизнесийн шинэ боломжууд үүснэ. Тухайлбал, ажлын хувцас багаж, бараа материалаар хангах, түлш шатахуун, зам барилгын техник тоног төхөөрөмж, аялал жуулчлалын салбарт орж ирэх боломж байна. Одоогоор эдгээр салбаруудад өрсөлдөөн бага байгаа тул зах зээл нь манайд бэлэн.

-Танай аймаг сүүлийн таван жилийн турш өрсөлдөх чадвараар эхний тавд, сүүлийн хоёр жил тэргүүллээ. Голчлон ямар үзүүлэлтүүд нөлөөлөв. Энэ нь танай аймгийг сонгож, очиж суурьших том шалтгаан нь болох байх?

-“Эдийн засгийн боломж, өрсөлдөх чадварын судалгааны төв” ТББ жил бүр 175 орчим үзүүлэлтээр судалгаа авч, аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэн олон нийтэд танилцуулдаг. Сүүлийн хоёр жил тэргүүлэх үзүүлэлтэй байлаа. Гол үзүүлэлт нь эдийн засгийн тамир тэнхээ буюу хөрөнгө оруулалт идэвхтэй хийгдэж байна. Монгол Улсын эдийн засагт нөлөө үзүүлэхүйц тээвэр логистик, хүнд үйлдвэр, худалдааны салбарууд нь өргөжсөн гэсэн үзүүлэлт гарсан. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмждэг гэдгээрээ ялгардаг аймаг. Энэ утгаараа ажилгүйдлийн түвшин багатай байна гэж дүгнэсэн юм билээ. Боомтын үйл ажиллагаанууд ч чухал нөлөө үзүүлж байгаа. Түүнчлэн боловсролын чанар болон сумын эрүүл мэндийн үйлчилгээний чанар сайжирч байна. Бий болж буй байнгын болон түр ажлын байрууд бас онцлох нөлөөтэй. Үүнийгээ дагаад татвар төлөлт ч нэмэгдсэн. Улсын төсвөөс татаас авдаггүй, харин жил бүр татвар төвлөрүүлдэг аймаг. Энэ мэт үзүүлэлтүүд, салбарын хэдэн асуудлууд өрсөлдөх чадварын индекст жин дарсан гэж бодож байна.

-Танай аймагт сүүлийн жилүүдэд барилга баригдаж, энэ хэрээрээ хөгжил цэцэглэлт хурдацтай явагдаж байна. Ойрын таван жил хөгжлийн тэсрэлт болох аймаг гэж үнэлэгдээд байгаа юм билээ. “Монголын Дубай” болох нь ч гэгддэг?

-Засгийн газраас зохион байгуулсан “Хөдөөгийн хөгжил” чуулганы үеэр Дорноговь аймаг хуурай уур амьсгалтай, говийн бүсэд оршдог хэдий ч Дархан, Эрдэнэтийн жишгээр томоохон хот болгож хөгжүүлнэ гэдэг зорилт тавьсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 1368 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байх жишээтэй. Одоо 2000 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжих шатандаа үргэлжилж байна. Эхний ээлжинд 500 айлынхыг энэ онд ашиглалтад оруулна. Бид нийтийн орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Ингэхийн тулд дэд бүтцээ зөвөөр төлөвлөх нь чухал. Дорноговь аймгийн 14 сумаас 12 нь дулаан хангамж, эрчим хүчний эх үүсвэртэй холбогдсон. Одоо үлдсэн хоёрт нь энэ ажил явагдаж байна. Инженерийн байгууламжид холбогдсон тохилог орон сууц сумын төвд ч чухалд тооцогдох болсон. Манай аймагт ажиллахаар зориод ирж буй хүмүүс ганцаараа ирэхгүй. Гэр бүл, найз нөхөдтэйгээ ирж таарна. Ингээд зориод ирэхэд тохилог байр орон сууцанд амьдрах, тухтай худалдаа үйлчилгээгээр хангагдах нь мэдээж чухал. Иймээс барилгын салбарын уулзалт хэлэлцүүлгүүд “Нээлттэй Дорноговь” чуулганы гол үйл явдлын нэг гэж хэлж болно.

-Ярилцсанд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Dornogobid ochij baisaan taalagdsan ajiliin bair oldvol ajilah sonirhol bna

Naraa
Naraa

Dornogovi bol yalt ch hugjliin tuv l duu hotod shahaldaj bhaar humuus nuuh heregtei

Зочин
Зочин

Дэлхийн томоохон тосгон шиг гээч юун хөдөөний пппсла

Холбоотой мэдээ

Back to top button