Даши Намдаковын Чингис хаан

Саяхан даа, нэрт уран барималч Даши Намдаков Монголд Чингис хаан музейг үзэж сонирхсон тухай зургууд цахим сүлжээнд мэр сэр үзэгдэв. Түүний оргил бүтээлүүдийн нэг бол яахын аргагүй Лондонгийн төвд тавигдаж байсан Чингис хаан баримал нь билээ. Иймээс ч тэр аль хэдийнэ Монголд ирсэн Чингис хаан барималаа уг музейд тавигдсан эсэхийг мэдэхээр зочилсон нь дамжиггүй болов уу. Гэвч өнөөг хэр түүний хамгийн үнэ цэнтэй бүтээлүүдийн нэг монголчуудын өмнө дэлгэгдээгүй хэвээр л байна.
ДАРХАН
Даши Намдаков уран барималч гэхээсээ өөрийгөө дархан хүн гэж хэлэх нь алдартай уран барималч гэх тодотголоос илүү түүнд ойр, үнэн санагддаг хэмээнэ. Түүний талаар өгүүлэх Blacksmith буюу Дархан нэртэй баримтат кино цомхон хүрээнд үзэгчдийн хүртээл болж байсан удаатай. Бурхан урлаач аавынхаа давчуухан пингээс тэр урлахуйн гайхамшиг болоод дархан хүний дадал, уламжлалд суралцсан гэдэг. Түүний аав тосгоныхоо дацанд бурхан урладаг байсан нь хожмоо түүнийг дэлхийд алдартай уран бүтээлч болохын эхлэл байсан хэмээн тэр ярих дуртай.

"Урьд дархан хүн бөөгөөс илүү үнэлэгддэг байв. Тэд галтай харьцдаг байсан учраас бөө нар ч тэднээс эмээнэ. Дархан хүн дайсныхаа дүр байдлыг цаас эсвэл өөр бусад шатааж болохуйц зүйл дээр буулгаж /дүрсэх хэмээн нэрлэдэг/ галд шатаагаад дайсныхаа өөдөөс үлээхэд 200 км алсад буй дайснаа дардаг байсан гэх домог яриа байдаг. Дархчуул хүчтэй, хаана ч үнэлэгдэж хүндлэгдэнэ. Тиймээс Чингис хаан зүг бүрээс дархчуулыг цуглуулдаг байв. Тэнд миний уг гарвал, өвөг дээдэс ч бий. Би ч гэсэн өвөг дээдсийнхээ адилаар галтай харьцаж, дархан хийж байна" хэмээх Даши Намдаковын яриагаар энэхүү бүтээл эхлэдэг.
Түүхэн олдворууд цагийн явцад элэгдэж, эвдэрлээ ч уг шинжээ алдалгүй хэдэн зууны дараа олдохдоо өв болох нь бий. Даши Намдаков өөрийн бүтээлүүдээ зөвхөн хүрэлээр хийхийг зорьдог нь тэр өөрийн бүтээлүүдийг дэлхий дахинд үнэлэгдээсэй гэхээсээ илүү цагийн шалгаралыг даваасай, бидний үр хойч бүтээлүүдийг нь хараасай гэж хүсдэгийнх. Тийм ч учраас олон жил бүтээлүүдээ бясалган бүтээж, зөвхөн үнэтэй материалд л мөнгөө үрж байв. Тэр "Зөгнөл" нэртэй бүтээлийнхээ дүр төрхийг хүссэн материалаараа ой тойндоо буусан тэр л янзаар нь гаргаж авахын тулд 20 жилийг зориулсан аж. Чингис хаан, Эцэг Байгал бол түүний оюун санааны охь бүтээлүүд бөгөөд Даши бүтээл нэг бүрээ эхлээд сэтгэлдээ урладаг нь түүний яринаас мэдрэгддэг.
Чингис хаан баримлыг бүтээхдээ тэр ихэд алгуурлан бодож, бас цаг ямагт дотроо тунгаан бясалгадаг байсан гэдгээ олонтаа хэлдэг. Өөрөөр хэлбэл зүгээр ч нэг зориглон бүтээсэн биш цаг хугацаа түүнтэй хамт эл бүтээлийг нь урлалцсан гэж ойлгохоор. Учир нь Чингис хаан гэж байн дахин хэлэхэд ч эмээм, энэ үг өөрөө ариун дагшин мэт Дашид санагддаг учир тэр дархан хүнийхээ хувьд уг бүтээлээ муу хийх эрхгүй юм шиг сэтгэлд нь мэдрэгдсэн хэрэг. Хэрвээ муу хийвэл тэнгэр шийтгэнэ гэж тэр итгэнэ. Түүний зүүд, зөн билиг эл бүтээлийг бүтээхэд түлхэц болж, тэр тусмаа далайн чинад дахь Лондонгийн төв цэгт л олны хүртээл болгоно гэж хүссэн нь ч биелсэн юм. Чингис хаан бүтээлийг нь нээхээс хэдхэн хоромын өмнө тэр сандарч, догдолж, басхүү баярлаж байгаа нь баримтат киноноос нь харагддаг. Яагаад заавал Лондон? гэдэг асуултад тэр далайн чанадад хүрсэн гэдгээр бэлгэдэн бодсон хэмээдэг. Чингис хаан баримлын тухайд тэр ердөөсөө бидний мэдэх, түүхийн эх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн тэр л дүр бүхий Чингис хааныг бүтээхийг хүссэн бус харин хүн төрөлхтөнд 800 жилийн дараа дахин эргэн ирж буй Чингис хааныг дүрслэхийг хүссэн гэдгээ хэлж байлаа. Энэ бол сайн цаг монголчуудад ирнэ гэсний дохио, урьд хождын зөн биелэхийн учир шалтгаан хэмээн бэлгэдэн тайлах дуртай. Даши Намдаковын бүтээлд хүн, амьтны хөдөлгөөн, биеийн хэлэмж, цаг хугацааны янз байдал нарийн тусгагддаг. Уран бүтээлчийн энэ онцлогийг ч мөн уг бүтээлдээ тусгасан бөгөөд Чингис хаан ямар ч зэр зэвсэггүйгээр тэнгэрээс морьтойгоо буун ирж буй нь унасан мориных нь дэл сүүл агаарт задран хийсч буйгаар /жингүйдэж буй мэт/ дүрслэн бүтээснээс нь харж болно. Салвадор Далигийн уран зургууд зүүднээсээ сэдэвлэгдэж, ингэхдээ түүний зүүдний амьтад жирийн бодит амьтдаас өөр байдагчлан Дашигийн зүүдний Чингис хаан ч мөн ийнхүү түүний дүрслэлээр дахин бүтсэн бөгөөд Даши уг бүтээлээ "Тэнгэрийн санаа" хэмээн тайлбарладаг. Бодож, бясалгаж, бөөлүүлж, дээд тэнгэртэй харьцаж, зориглож бүтээсэн бүтээлээ тэр олон улсын соёлын өлгий болсон газар нээлтийг нь хийж, өөрөө биечлэн оролцож бүтээлээ "амьшуулан" байршуулсан. Баримлаа олон нийтэд дэлгэснийхээ дараа Даши Намдаков сэтгэл зүйн хувьд асар их тайтгарал мэдэрснээ ч нуугаагүй. Тэр дархан хүнийхээ хувьд өөрийн төрсөн нутаг болох Байгал далайдаа, Буриад зон олондоо Эцэг Байгал бүтээлээ өргөсөн бол Монгол хүнийхээ хувьд Чингис хаан бүтээлийг бүх дэлхийд зориулсан. Нөгөөтэйгүүр дархан хүний удам, дархан хүнийхээ хувиар өөрийн Чингис хаан-ыг бүтээсэн юм. Түүний туйлын хүсэл бол уг бүтээлээ монголд, монголчуудын өдөр бүр харж болохуйц газар байлгахыг хүсэж байгаагаа ч илэн далангүй, ил шулуухан хэлдэг.

ЭЦЭГ БАЙГАЛ
Тавин насны босго давав. Даши Намдаковын чин зүрхнээс амилан бүтсэн бас нэгэн хайртай бүтээл нь Отец Байкал буюу Эцэг Байгал юм. Уран бүтээлүүд нь дэлхийн алдарт урлагийн музейд нээлтээ хийж, тэр хэрээр түүний бүтээлүүд хүн төрөлхтний нэг хэсэгт хүрдэг бол түүнд тусгайлан хэн нэгэнд зориулан бүтээсэн онцгой бүтээл байдаг нь яахын аргагүй монголчуудад зориулсан Чингис хаан, буриад зон олондоо зориулсан Эцэг Байгал билээ. “Эцэг Байгал” нэртэй баримтат кинондоо тэр “Эх нутагтаа бэлэг барихыг ихэд хүссэн” хэмээн хэлдэг. Урландаа бүтээлээ бүтээж дуусахын алдад тэр нисдэг тэргээр Байгал нуурын дээгүүр нисч, орчин тойрныг бүхэлд нь ажиглахдаа өөрийн бүтээлийг байрлуулах төгс зайг эрэлхийлэв.
Ингэхдээ уулс болоод далайг хамгаалах тийм л ариун хамгаалагч гэсэн тайллыг ч хэлсэн юм. Бүтээлээ урлах явцдаа тэр аавынхаа дүр төрхийг бодож бүтээжээ. Бөөгийн шүтлэг зонхилсон буриадуудын дунд Байгал далай бол тэдний эцэг өвгөд, онгодын ариун өлгий хэмээн үзнэ. Уул усаа аргадах зан үйл, тахилга тайлгын ёсон одоо ч тэдний дунд бий тул Даши Намдаков үе залган ирсэн энэ уламжлал жаягийг өөрийн эл бүтээлд шингээх нь зүй ёсны билээ. Бөөгийн улаачаар дамжуулан бүтээлийнхээ ерөнхий шинж байдал ямар байхыг зөвлөлдөнө. Байгал нуурыг тойрсон олон гай гамшгийн дараа уул усаа аргадан бүтээсэн бүтээл нь энэ ажээ.
МОНГОЛЧУУДЫН ОЙЛГООГҮЙ “МОНГОЛ”
Даши Намдаковын тухай баримтат кинонд Оросын алдарт кино найруулагч Сергей Бодровын Монгол киноноос хэсэгчлэн гарах нь нэн сонирхолтой. Учир нь Сергей Бодров анд найз Даши Намдаковыг дархан хүн гэдэг талаас нь харуулахыг зорьсон Дархан баримтат нэвтрүүлгийг продюсерлэсэн бөгөөд нэвтрүүлгийн үеэр тэр "Даши бид хоёр Москвад Монголын Элчин дээр анх танилцаж байсан. Түүний бүтээлүүд надад дан ганц урам зориг өгөөд зогсохгүй Чингис хаан болон монгол ахуй соёлыг ойлгоход гүнзгий тусласан" гэнэ. Өөрөөр хэлбэл Сергей Бодров Даши Намдаковын доторх Монголыг бүтээл болгон нээхийг хүссэн байна.

Эцэг Байгал болон Дархан нэртэй баримтат нэвтрүүлгүүдэд Даши Намдаков илүү нээлттэй, чөлөөтэй, өөрийнхөөрөө ярьсан байв. Тэр "Долоон жилийн өвчин шаналал. Шөнөжин өвдөж тарчилсаар үүрийн 5 цагт сэрнэ.Хөөрхий ээж аав хоёр минь намайг Чита руу авч явж удгантай уулзав. Удган толио өнгөлж арчаад, гөлгөр талаар нь цээжинд минь наахад яг л цавуудчихсан юм шиг унахгүй тогтож байснаа 15 минутын дараа гэнэтхэн пүг хийтэл уначихав. Удган толийг авч харснаа "мммхм... танай тосгоноос 20 км зайд юун том онцгой мод байдаг билээ. Энэ жирийн мод биш байна" гэхэд нь би тэнд суугаад удган юуны тухай яриад байгааг нь үнэндээ ойлгосон ч үгүй. Харин ээж минь "Их дээр үед бидний өвөг дээдэс шүтэж байсан" хэмээн ам нээхэд удган над руу хараад энэ хүүгийн буруу биш, тэр илүү их өвдөх байж. Энэ харин таны буруу. Та уламжлал, ёс заншлаа мартсаны учир өвөг дээдсийн чинь шийтгэл иржээ гэсэн юм. Удган цааш, мод хоёр эзэнтэй бөгөөд сахалтай, өвгөжөөр онгод болоод залуухан үзэсгэлэнтэй эмэгтэйг би эндээс харж байна" хэмээгээд бидэнд хийх зан үйл бийг хэлж өгсөн юм. Үнэхээр л удганы хэлсэн газарт томоос том хуш мод байсан. Өвлийн тайгад удган бөөлөөд л, өвөрмөц сонин чимээ бидний чихэнд сонсогдсон. Магадгүй би амжиж удганд очоогүй байсан бол үхэх байсан байх. Маргааш нь нөгөө л үүрийн 5 цагтаа сэрэхэд өвдөлт алга. Үдийн хоолны цаг болсон ч өвдөлт алга л байв. Ингээд өвдөхөө больсноос гурван хоногийн дараа би хот руу ажил хайхаар явж билээ"...тэр өөрийн баримлуудаа бүтээж эхлэхээс өмнөх цаг үеийг ийнхүү дүрслэн хэлсэн юм.
Сергей Бодров “Монгол” киноны зураачаар Даши Намдаковыг ажиллуулсан талаараа яриа дэлгэв. Чингис хааны хүүхэд нас, идэр нас, хаан болсны дараах дүр, дайчид гээд бүхэлдээ Дашигийн гар зургаар бүтсэн байлаа. Даши хэлэхдээ "Бодров надад, чи л хэрвээ үүнийг хийхгүй гэвэл өөр хэн нэгэн хийж л таарна гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Монгол хүн биш бол өөр нэгэн бүтээнэ гэсэн үг л дээ. Би ойлгож байлаа. Гэхдээ үнэндээ би эмээж байсан. Чингис хаан бол хөндөшгүй ариун нандин төдийгүй хориотой сэдэв. Хэрвээ энэ төсөл дээр ажиллавал маш том хариуцлага ирнэ гэдгийг ч ойлгож байлаа. Учир нь энэ зөвхөн миний хувийн төсөл биш шүү дээ" хэмээн кинонд гар бие оролцох болсон талаараа ярьсан юм.
Сергей Бодровын хүсэл том. Тэр Даши Намдаковын зүүд, зөн билгийн шинжтэй бүтээлүүдэд нь татагдахаас гадна тун өвөрмөц уран бүтээлч хэмээн хардаг учраас "Монгол" кино түүний нүдээр хэрхэн буух нь түүнд жир бусын мэдрэмж, хүлээлт төрүүлж байсан нь илт. "Монгол" киноныхоо төсөлд олон орны уран бүтээлчдийг оролцуулахаар зориг шулуудсан нь үнэндээ тэр хувь уран бүтээлчийн амжилтаас хол давж сэтгэсэнийг түүний энэхүү нэвтрүүлгээс нэвт шувт олж харж болохоор. Тухайн үед монголд уг киног нийтээр шүүмжилж, Сергей Бодровыг нийт олон төдийгүй уран бүтээлчид ч таагүй хүлээж авч байсныг цухасхан санаж байна.

Даши Намдаков, Сергей Бодров хоёрын хувьд Чингис хаан шууд л дайчин эр болчихоогүй, тэр өөрийн замналтай байсан гэдгийг уг киногоороо харуулахыг хүсэв. Түүхэн эх сурвалжид Тэмүжин хэрхсэн тухай огтын тэмдэглэгдээгүй тодорхой цаг хугацаа байдгийг уран сайхны аргаар дүрслэн харуулсан гэж болохоор. Түүхэн киноны уламжлалт аргын дагуу уналт босолтын шугамд Тэмүжинг аваачихдаа түүнийг ядуу боол мэт дүрсэлсэн хэмээн монгол үзэгчдийн зүгээс хатуу шүүмж ирж, түүхийг мушгиж гуйвуулсан мэтээр киног нь хүлээж аваагүй нь Сергей Бодровт мэдээжийн хүнд туссан. Даши Намдаков өөрийн бүтээлцэж, гар бие оролцсон энэ кинондоо үргэлж сэтгэл хангалуун байдгаа ч илэрхийлсэн удаатай. Хүн нэг бүрийнх нь хувцас хэрэглэл, ахуй аж байдлыг дүрслэн оролцохдоо тэр монголчуудын ахуй их энгийн байсан гэдгийг харуулахыг хүссэн гэдэг. Монголчуудын ахуй соёл тун авсаар атлаа нарийн ур ухаан шаардсан. Хэт гял цал, өндөр дээд хэрэглээнээс ангид ахуйтай байсан агаад тэр жирийн даруу ахуйгаас Тэмүжин гэх хүү хаан болтлоо өөрөө өөрийгөө бүтээсэн гэдгийг харуулахыг хичээсэн нь өнөө цагт Чингис хааны тухай бүтээгдсэн олон арван кинонуудаас онхи ондоо хэвээр л байна. Киноноос хэдхэн жилийн дараа Даши Намдаков Чингис хаан баримлаа бүтээх нөр их ажилд ханцуй шамласан гэдэг.
Даши Намдаковын бүтээлүүд дэлхийн өнцөг булан бүрт бий. Харин тэр өнөөдөр Укурик сууриндаа Тужи нэртэй төсөл хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажлаа хэдийнэ дуусч хүүхдүүд хэрхэн зурах, хэрхэн баримал бүтээх тухай хичээл зааж сууна. Өөрийнх нь бүтээсэн цор ганц бүтээлүүд ч энд байршсан. Буриад түмний төдийгүй Монгол ёс заншлыг ч Тужи-д сэргээн санацгаана. Сээр цохих, шагай харвах, бууз хэрхэн хийх зэрэг монгол соёлын өдрүүд ээлжлэн болох агаад "Мэргэн" нэртэйгээр уламжлалт харваа зохиож, "Тэнгэрийн бичиг" нэртэй монгол уран бичгийн өдөрлөг ч мөн болох аж. Өөрийн төрсөн сууриндаа Даши Намдаков алдхан газрыг ийн соёлын бяцхан цогцолбор болгож даруухан аж төрж байна.
Түүний монголчуудад зориулан бүтээсэн Чингис хаан баримал өдгөө монголд бий хэдий ч олон түмний нүднээс далд хувийн цуглуулгад бий. Хүний нүднээс далд, давчуухан газар хадгалагдах нь бүтээлийн бэлгэдэл талаасаа тийм ч таатай бус хэмээн тэр үзэж олны хөлийн газар байршуулахаар яаравчлан монголд ирж, өөрийн биеэр хөөцөлдөж байсан ч удаатай. Тиймээс уг бүтээл уран бүтээлчийнхээ хүсэл ёсоор олны нүднээ ил гараасай гэж найдах л үлдлээ.
Ц.ТАМИР















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хөшөөг анх Англид байрлуулсан, Европууд хөшөө ний уран сайхан, үнэ цэнийг мэдрээд монголчуудын соёл, гоо зүйн мэдрэмжийг гайхан эгдүүцэхдээ дургүй лхсан гэж би ойлгодог.Ийм суут бүтээл Монголд ирсэ н нь их сайн хэрэг, энэ хөшөөний байршлыг нь маш зөв сонгох хэрэгтэй. Жинхэнэ орчин цагийн урлагийн бүтээл гэдгий нь олон түмэн аажим аажмаар мэдэрнэ тэгснээрээ монголчууд соёл иргэншлийн дээд эрэмбэ нд тун ч дөхөж очино.
Манай монголчууд, тэр тусмаа эрдэмтэд, соёл урлаг, улс төрийнхэн хуншгүй тэнэг амиа бодсон бүхий л юмыг өмчлөх гэсэн муухай сэтгэлгээ ийм алдартай улсуудтай хамтрахад саад болох мөртлөө хаа холын барууныхны халтар хултар бүтээлийг од болгон шүүрэх нь үнэхээр харамсалтай. Намдаковын Чингис хаан бүтээлийг авах хэрэгтэй. Хятад,, Орос 2 улс л бидэнтэй хамт Чингисийн агуу гүрний түүхийг бүтээлцсэнийг нууж бараг л барууныхан хамт байсан юм шиг авирлахаа болих цаг болсон
УИХ-н гишүүн Ажнай Бат-Эрдэнэ хувийн мөнгөөрөө худалдаж аваад Монголд авчирсан гэж хэвлэл мэдээллээр гараад байсан. Тэрэнд байгаа дөө
хэтэрхий өндөр үнэлээ биз дээ баян хүн зүгээр өгчих болохгүй юм байгаа биз дээ
Хүний юмыг зүгээр зүгээр, "зүгээр" л авах;
Социализм нь "бурхан"болоод 33 жил болоход "гуйлагачин " сэтгэлгээ нь хэвээрээ л
байхымаа !
"Хувийн цуглуулгад бий" гэнэ үү? Улсын баялагийг идэж баяжсан тэр луйварчин ийм мундаг бүтээлийг Богд эзэн хааны музейд бэлэглэчихвэл өөрт нь л буян ирнэ байх даа.
Улаан үддээ тавиаарай . Оросууд харж байг
Ажнай худалдаж аваад авчирсан
Лондонд тэр хөшөөг харсан хүүхдүүд энэ бол Чингис хаан биш, аймшигийн муухай мангас байна гэж байсан тэгж муугаар харж ойлгож байсан. Нэг л муухай....
Энэ одоо бараг доромжлол болгосон юм шивдээ.