Нэг дороос: Айдалиа хар салхины улмаас Флоридад 2 хүн нас барж, 272 мянган хүн тоггүй байна

АНУ-ын Флорида мужийг зорьж буй Айдалиа хар салхины түвшин гамшгийн хэмжээнд хүрээд байна. Одоогоор тус улсын 21 мужид нүүлгэн шилжүүлэх ажиллагааг хийж байгаа юм.
НЭМЭЛТ: 17.00 цаг
-ФОТО: Айдалиа хар салхины дараах Флорида муж-
НЭМЭЛТ: 16.20 цаг
-Хар салхинаас болж, 100 жил амьдарсан мод хугарчээ-
Хар салхины улмаас 100 жилийн настай царс мод унасан талаар Флорида мужийн амбан захирагчийн эхнэр жиргэжээ.
Флорида мужийн Таллахасси хот дахь амбан захирагчийн ордны үүдэн дэх энэ мод унах үед гэр бүлийн бусад гишүүдийн хамт гэртээ байсан аж. Мөн тэрбээр байшингийнхаа урд талд хоёр хуваагдсан модны зургийг нийтэлжээ. Хэдийгээр мод бэртэж, гэмтсэн ч хэн ч бэртэж гэмтээгүй байна.
Мөн Флоридад тог цахилгаангүй 272 мянган иргэн байгаа бол Жоржиад 108 мянгад хүрчээ.
НЭМЭЛТ: 14.40 цаг
-Цаг агаарын улмаас хоёр иргэн нас барлаа-
Айдалиа хар салхины улмаас хоёр иргэн нас барсан байна. Энэ талаар Флоридагийн хурдны замын эргүүл, ахлагч Стив Гаскинс мэдэгдэв.
Энэ нь хар салхины улмаас нас барсан эхний тохиолдлууд болоод байна. Гейнсвилл хотын 59 настай эрэгтэй иргэн Тоёота Пикап машин жолоодож явахдаа 20-р замын хойд талын суваг руу унасан байна.
Мөн 40 настай эрэгтэй Паско дүүргийн Сент-Жой ззамд пикап машинай явж байхдаа хурдаа тааруулаагүйн улмаас осолджээ. Тухайн хоёр жолооч хоёул өөр өөр газарт осолдсон бөгөөд газар дээрээ нас барсан аж.
НЭМЭЛТ: 12.38 цаг
-Хар салхины хурд багасаж, нэгдүгээр түвшин рүү орлоо-
Жоржиа мужийг дайран өнгөрөх хар салхины хурд 90 миль/цаг хүрч буурсан байна. Улмаар нэгдүгээр зэрэглэлийн хар салхины түвшинд хүрчээ. Мөн Булангийн эрэг дагуу усны түвшин өндөр хэвээр байна.

Стейнхэтчи голын усны түвшин хоёр цагийн дотор 9 фут нэмэгдсэн юм. Усны түвшин ийм хэмжээнд нэмэгдсэн нь 2016 оны Гермин хар салхины үеэр тогтоосон амжилтаас нэг футаар илүү байв.
НЭМЭЛТ: 10.00 цаг
-Айдалиа хар салхи Флоридагаас Жоржиа муж руу шилжлээ-
Флорида мужид хэд хэдэн газар зам хаагдаж, хот руу чиглэсэн усны түвшин цаашид нэмэгдэх хандлагатай байна.
Тэгвэл тус мужийг дайран өнгөрсөн хар салхи Жоржиа муж руу чиглэжээ. Хар салхины хурд 105 миль/цаг болж буурснаар хоёрдугаар түвшний ангилалд хамаарч буй. хар салхи Жоржиа мужид 250 миль орчим үргэлжиллээ.
Цаашлаад Өмнөд Каролина болон Хойд Каролинаг дамжин өнгөрнө хэмээн тооцоолж байгаа юм.

Тэгвэл тухайн мужуудад нөхцөл байдал ямар байна вэ?
Флорида:
- Таллахасси - Усархаг бороотой, үер буух магадлалтай, салхины хурд 50 миль/цаг
- Гейнсвилл - хүчтэй аадар бороо, аянга цахилгаан, үер, салхины хурд 50 миль/цаг
Жоржиа:
- Саванна - шуурга 3-5 фут хүрч болзошгүй, хүчтэй борооны улмаас үерлэнэ
- Атланта - борооны зурвасаар аадар бороо орно, салхи 20 миль/цаг хурдтай
Өмнөд Каролина, Чарлстон: Хүчтэй бороо үерт хүргэж болзошгүй

Хойд Каролина, Вилмингтон: Усархаг бороо орж, үер буух эрсдэлтэй, салхины хурд нэмэгдэнэ.
НЭМЭЛТ: 09.00 цаг
-Хар салхины хүч багассан ч сүйрлийн хэмжээ их байна-
Флоридагийн Хиллсборо мужийн Алафиа голын дагуух оршин суугчид үерт автлаа. Хар салхины улмаас их хэмжээний ус үргэлжлэн орох юм.
Үндэсний хар салхины төвийн мэдээлснээр тус хар салхины хурд 110 миль/цаг хүрч, хоёрдугаар зэрэглэлийн хар салхины хэмжээнд хүрч, буурсан байна. Гэсэн хэдий ч тус мужийн хойд эрэг дагуу шуурга гамшгийн хэмжээнд хүчр, сүйрэл дагуулж байгаа юм.
Улаан загалмайн нийгэмлэгээс мэдээлснээр 4500 орчим хүн Айдалиа хар салхины нөлөөллийн бүсэд хорогдох байранд байрлажээ. Одоогоор 100 орчим хорогдох байр ажиллаж байгаа бөгөөд нэг байранд 400-420 хүн байрлах боломжтой ажээ.
Мөн тог цахилгаангүй иргэдийн тоо 230 мянга болж нэмэгдсэн байна.
НЭМЭЛТ: 00.00 цаг
-Айдалия хар салхи Флорида мужийг дайрлаа-

Айдалиа хар салхи Флоридагийн Китон далайн эрэг орчимд гуравдугаар зэрэглэлийн шуурга болж, 125 миль/цаг хүртэл шуурлаа.
Энэ нь тухайн бүс нутаг дахь сүүлийн 125 жилийн хугацаанд болж буй хамгийн хүчтэй шуурга юм. Эл хар салхи нь 2022 оны есдүгээр сард болсон Иан, аравдугаар сард болсон Николь хар салхины дараагаар тус мужийг дайрч буй гурав дахь хар салхи болоод байна.
НЭМЭЛТ: 2023.08.30 өдөр 18.30 цаг
-Айдалиагийн шуурга усны түвшний дээд амжилтыг тогтоов-
Айдалиагийн хар салхи Тампа булан руу 4-5 фут өндөрт огцом өсөлтийг бий болгов. Үүний улмаас далайн түрлэг нэмэгдсэн юм. 2020 онд Эта хар салхины улмаас 3.79 фут өндөртэй байснаас илүү гарсан үзүүлэлт билээ.
Түүнчлэн Флорида мужид 60 мянга орчим иргэн цахилгаангүй байгаа юм.

НЭМЭЛТ: 2023.08.30 өдөр 11.40 цаг
-Тампа хотод салхи, бороо ширүүслээ-
Тампа хотод цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн юм. Салхи бороо аажмаар ширүүсэж байгаа нь цаашид үүнээс ноцтой байдал үүсэх эрсдэлтэй хэмээж буй. Одоогоор хал салхины улмаас цахилгаан тасарсан талаарх мэдээлэл байхгүй байна.
Флоридагийн баруун өмнөд хэсэгт бороо орж байгаа ч Айдалиа хар салхины төв нь далайн эргээс 160 км зайтай байна.
НЭМЭЛТ: 2023.08.30 өдөр 10.30 цаг
-Дисней парк үүдээ хаав-
Флоридагийн хамгийн алдартай газруудын нэг бол Орландо дахь Уолт Дисней ертөнц хар салхитай холбоотойгоор хаалгаа барилаа. Компанийн зүгээс цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас уг шийдвэрийг гаргасна гэдгийг мэдээллээ.
Хотын зүгээс шаардлагатай бус үйлчилгээ, хотын захиргааны байрыг урьдчилан сэргийлэх замаар хаана гэдгээ мэдэгдэв.
ЭХЛЭЛ: 2023.08.30 өдөр 09.00 цаг
-Цахилгаан машинууд үерийн усанд шатдаг талаар сэрэмжлүүлэв-
Флоридагийн амбан захирагч Рон ДеСантис шуурганы үеэр цахилгаан машин аюултай байж болзошгүй нөхцөл байдлыг урьдчилан анхаарууллаа. Тэрбээр "Цахилгаан тээврийн хэрэгсэл давстай усанд байвал гал авалцах болно" хэмээсэн юм.
Цахилгаан машины галыг унтраах хэцүү бөгөөд өнгөрсөн жилийн Иан хар салхины дараагаар олон тооны машин шатсан жишээг дурдлаа.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.