Буцалтгүй тусламжаар баригдсан 161-р сургууль бохироо шийдээгүйгээс цахимаар хичээллэж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны ерөнхий боловсролын 161 дүгээр сургуулийн барилгын ажил дууссан хэдий ч бохирын асуудлаа шийдээгүйгээс хоёр дахь жилдээ цахимаар хичээллэх нөхцөл байдал үүсээд байна.
2023 оны намрын ээлжийн бүртгэл авч, бэлэн болоогүй сургууль дээрээ нээлтээ хийжээ. Бохирын асуудлын улмаас тодорхой хугацаа заагаагүй цахимаар хичээллэх
талаар сургуулийн захиргаанаас мэдэгдэл гаргасанд 161 дүгээр сургуулийн сурагч
болон асран хамгаалагч нар нь дургүйцэж байгаагаа илэрхийлээд байна.
Бид сургуулийн барилга хэзээ асуудлаа шийдэж, сурагчид танхимд хичээллэх талаар холбогдох газруудаас тодрууллаа.
Гүйцэтгэгч: "Жунсон констракшн" ХХК-ийн менежер: 2021 оноос эхэлж барилгын үйл явц эхэлсэн бохирын асуудал дээр ганцхан манай байгууллагаас хамааралгүй байгаа
юм. Бохирын хоолой татах гэхээр зөвшөөрөлгүй улмаас бусдын эзэмшлийн газраар
татахаар болоод нийслэлээс нь зөвшөөрөл нь гарч өгөхгүй ийм нөхцөл байдалд
хүрчихлээ. Одоо удахгүй шийдэгдэх байх.
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга Б.Байгалмаа: Манай хорооны
нутаг дэвсгэр өмнө нь ерөнхий боловсролын сургуульгүй байсан. Өнгөрсөн жил 163
болон 161 дүгээр сургуулийг шинээр барьж, ашиглалтад оруулсан. Гүйцэтгэгч
компани болох "Жунсон констракшн" ХХК-ийн зүгээс бохирын шугамаа холбож
чадахгүй, ажил нь удаашралтай байна. Бид тус компанийн гүйцэтгэх захирал,
инженерийг дуудаж тайлбар авна. Талбайн инженер нь "Бохирын шугам холбох
ажлаа хийж байгаа ч хэзээ дуусгахыг хэлж мэдэхгүй" гэдэг тайлбарыг өгсөн.
161 дүгээр сургуулийн менежер: Үйл ажиллагаагаа цахимаар явуулж байгаа, хүүхдүүд
маань датагүй ч юм уу, хоцордог ч юм уу, хүндрэлүүдтэй учирч байгаа ч биднээс
хамаарахгүй нөхцөл байдал болохоор засвар дуусахыг л хүлээж байна даа.
960 хүүхдийн хүчин чадал бүхий 161 дүгээр сургуулийн барилгыг 2021 онд БНХАУ-ын буцаалтгүй тусламжийн хүрээнд баригджээ.
Б.УУГАНБОЛОР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.