Инфляцын түвшин 10 хувиар өссөн ч цэцэрлэгийн хоолны зардал 4 жил өөрчлөгдсөнгүй

Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 2475-3600 төгрөгөөр баталж, хэдийн дөрвөн жилийн нүүрийг үзлээ. Тодруулбал, 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475, 24 цагаар ажилладаг, сувиллын болон тусгай цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 3600 төгрөг байхаар 2019 оны арванхоёрдугаар сард баталсан байдаг.
Улмаар 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсон билээ. Гэвчиг өнөөдрийг хүртэл эл зардалд өөрчлөлт орсон удаагүй. Тухайн үед Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "2020 онд гурван сайд хамтарсан тушаал гаргаж, хүүхдүүдийн хоногт авах илчлэгийн хэмжээний хэдэн хувийг сургууль, цэцэрлэгийн хоолноос авахыг тогтоосон.
- Өдрийн буюу өдөрт найман цаг ажилладаг цэцэрлэгийн хүүхдүүд хоногт авах илчлэгийнхээ 80-100
- 24 цагийн цэцэрлэг болон дотуур байранд амьдардаг хүүхэд 100
- ЕБС-ийн сурагчид 35 хувийг авахаар заасан.
Гэвч эдийн засгийн байдал, цар тахлын нөлөөний улмаас хүнсий бараа үйлчилгээний үнийн өсөлтөөс шалтгаалж хүүхдүүд дээрх хэмжээний дөнгөж 50 хувийг л авч байна" хэмээж байлаа.
Тиймээс харьяа яамнаас энэ оны эхний улиралд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг эх, асран хамгаалагчидтай хуваалцах замаар хүүхдийн хоолны чанар хүртээмжийг сайжруулах тандах судалгааг явуулсан байдаг. Судалгаанд нийт 28 гаруй мянган эцэг, эх хамрагджээ.
Судалгааны үр дүнгээс танилцуулахад
- 76.3 хувь нь хоолны зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай
- 56.1 хувь нь хоолны зардлын тодорхой хувийг хариуцахад бэлэн гэж хариулсан байна.
Инфляцын түвшинг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10, 2019 оны эцэстэй харьцуулахад 4.8 хувиар өссөн бөгөөд уг өсөлтийг бий болгох гол шалтгаан нь хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт байсан юм.
Ийн тооцоолж үзвэл хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 2022 оны мөн үеэс дор хаяж 10 хувиар өссөн гэсэн үг. Инфляцын түвшний өөрчлөлтийг дагаж, хүүхдийн нэг өдрийн хоолны зардал нэмэгдэхгүй, дөрвөн жилийн өмнөхтэй ижил байх нь хойч үеэ бодоогүй зүйл.
Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэх үеэр нэг хүүхдэд ногдох хоолны зардлын асуудлыг хөнддөг хэдий ч "инфляцын өөрчлөлтийг дагаж хоолны зардал өснө" гэх агуулгыг хөндөхгүй орхигдуулсаар.
Нөгөө талд хүүхдэд зориулж буй хоолны зардлаас гадна стандартын шаардлага хангасан гал тогоо сургууль, цэцэрлэгийн орчинд тулгамдаж буй асуудал хэвээр байна. Энэ талаар салбарын сайд нь "Хүүхдийн хоол хүнсний чанар аюулгүй байдлыг хангуулахад стандартын шаардлага хангасан сургууль, цэцэрлэгийн гал тогооны орчныг бүрдүүлэх нь туйлаас чухал. Харин төрийн өмчийн нийт сургуулийн 27.2 нь зориулалтын бус, хүчин чадал нь хүрэлцэхээргүй гал тогоотой байна" хэмээж байлаа.
Түүнчлэн "Мөн 40 орчим хувь нь шинжилгээ баталгаагүй байгаа гэж гарсан нь хүүхдийн хоолны чанар, аюулгүй байдалд эрсдэл учруулах бодит нөхцөл нүүрлэж байна. Түүнчлэн нийт сургуулийн 10 хувьд хоол зүйч ажиллаж байна" хэмээсэн.
Б.УУГАНБОЛОР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
инфляциа дагаад өсгөхгүй бол хоокныхоо борцоо худалдаж авч чадахгүйд хүрнэ.