Нийгэм мэдээ
Журам: Эрэн хайх ажиллагааны эхний 72 цагийн зардлыг орон нутаг хариуцна

Эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах нийтлэг журмаас танилцуулж байна.
Гурав. Эрэн хайх, аврах ажиллагааны удирдлага, зохион байгуулалт
- 3.1. Эрэн хайх, аврах ажиллагааны ерөнхий удирдагчаар Аврах тусгай анги, нутаг дэвсгэр хариуцсан онцгой байдлын байгууллагын дарга, захирагчийг, эрэн хайх, аврах ажиллагааны ахлах удирдагчаар аврах анги, салбарын захирагчийг, эрэн хайх, аврах ажиллагааны удирдагчаар аврах бүлгийн дарга байна.
- 3.2. Эрэн хайх, аврах ажиллагааны ерөнхий удирдагч нь эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх аврах анги, салбар, бүлгийн дарга нарыг үүрэгжүүлнэ.
- 3.3. Эрэн хайх, аврах бүлэг нь 2 хэсэг хуваагдаж ажиллах үед туршлагатай мэргэшсэн аврагч нэг хэсгийг эрэн хайх, аврах ажиллагааны удирдагчийн шийдвэрээр удирдаж болно.
- 3.4. Аврах бүлгийн дарга (эрэн хайх, аврах ажиллагааны удирдагч) нь харьяалах аврах анги, салбарын захирагчид захирагдана.
- 3.5. Аврах анги, салбарын захирагч (эрэн хайх, аврах ажиллагааны ахлах удирдагч) нь харьяалах Аврах тусгай анги, аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга, захирагчид захирагдана.
- 3.6. Аврах тусгай анги, аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга, захирагч (эрэн хайх, аврах ажиллагааны ерөнхий удирдагч) нь Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага, зохицуулалтын хэлтсийн даргад захирагдана.
- 3.7. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга захирагч нь эрэн хайх, аврах ажиллагааны төлөвлөгөөгөөр ажиллах бүрэлдэхүүнийг баталж, нутаг дэвсгэрийн байршил, газар зүйн онцлог, цар хүрээнээс хамаарч шаардагдах хүч хэрэгслийг нэмэгдүүлэх ажлыг хариуцан зохион байгуулна.
- 3.8. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга захирагч эрэн хайх, аврах ажиллагаанд зарцуулах хүнс, шатахууны нөөцийг бүрдүүлсэн байна.
- 3.9. Аврах анги, салбарын захирагч (аврах ажиллагааны ахлах удирдагч) нь томилгоот эрэн хайх, аврах бүлгийг “Үндсэн”, “Бэлтгэл”, “Нэмэлт”, “Нөөц” хэлбэрээр төлөвлөн зохион байгуулна.
- 3.10. Аврах анги, салбарын захирагч нь эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглах техник, багаж хэрэгслийг байнгын бэлэн байдалд байлгаж бүрэн бүтэн байдлыг хариуцна.
- 3.11. Аврах анги, салбарын захирагч нь аврах ажиллагааны даалгаврын баримт бичгийн бүртгэл, техник, тоног төхөөрөмж, хамгаалах хувцасны ашиглалт, ажиллах цаг хугацаанд нь хяналт тавина.
- 3.12. Эхний бүлэг дуудлагаар ажиллаж байгаа үед дараагийн дуудлагаар ажиллах “Бэлтгэл”, “Нэмэлт”, “Нөөц” бүлгийг аврах анги, салбарын захирагч тодотгоно.
- 3.13. Эрэн хайх, аврах ажиллагаанд 2 ба түүнээс дээш бүлэг оролцох бол салбарын захирагч, 4 ба түүнээс дээш бүлэг оролцох ажиллагааг аврах ангийн захирагч удирдана.
- 3.14. Ослын голомтод эхний ирсэн аврах бүлгийн дарга эрэн хайх, аврах ажиллагааны удирдагч байна.
- 3.15. Хүч нэмэгдүүлэн нэмэлтээр ирсэн аврах бүлэг, салбарын дарга болон эрх бүхий албан тушаалтан удирдлагыг албан ёсоор шилжүүлэн аваагүй тохиолдолд эхний бүлгийн дарга удирдагч байна.
- 3.16. Хаана, хэн, юу осолдсон нь тодорхойгүй болон нотлогдоогүй мэдээллээр эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэхгүй.
- 3.17. Ослын шинж байдал нь гадны нөлөөтэй, гэмт хэргийн шинж чанартай байж болзошгүй тохиолдолд хууль хяналтын болон эрүүл мэндийн байгууллагын оролцоотойгоор ажиллагааг гүйцэтгэнэ.
- 3.18. Аварсан, осолдсон нэрвэгдэгчийг хууль хяналтын болон эрүүл мэндийн байгууллага /амьд, бэртэж гэмтээгүй үед ар гэрт болон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтанд/-д шилжүүлэн өгнө.
- 3.19. Эрэн хайх, аврах ажиллагааг ослын голомтод аль ойр байгаа нутгийн захиргаа, онцгой байдлын байгууллага харьяалал болон нутаг дэвсгэрийн хилийн цэсээс үл хамааран зохион байгуулна.
- 3.20. Аврах бүлэг өөр аймгийн нутаг дэвсгэрт эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах үед тухайн аймгийн Онцгой байдлын газар, хэлтэст мэдэгдэх бөгөөд шаардлагатай бол дэмжлэг авна.
- 3.21. Нутгийн захиргааны байгууллага нь өөрийн нутаг дэвсгэрт эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа эрэн хайх, аврах бүлэгт дэмжлэг үзүүлнэ.
- 3.22. Эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэж байгаа аврах бүлэг улсын хил нэвтэрч ажиллах тохиолдолд хоёр талын онцгой байдал, хил хамгаалах, гадаад харилцааны асуудал эрхэлсэн байгууллагатай хамтран ажиллана.
- 3.23. Нисдэг тэрэг, нисэх төхөөрөмж ашиглахдаа нисгэгч болон нисэх төхөөрөмж хариуцагч техникч, мэргэжилтэнг тухайн эрэн хайх, аврах ажиллагааны удирдагч нь шууд удирдлагадаа авч, хамгийн оновчтой газар оронд эрэн хайх, аврах ажиллагааг явуулна.
- 3.24. Эрэн хайх, аврах ажиллагаанд тусгайлан бэлтгэгдсэн эрэлч нохойг ашиглаж болох ба нохойны аюулгүй байдал, үүрэг гүйцэтгэлийг нохой сургагч хариуцна. 3.25. Үйлчлэх хүрээнд ажиллаж буй бүрэлдэхүүнд хүч хэрэгсэл нэмэгдүүлэх, эгүүлэн татах, ээлж солих ажлыг харьяалах эрэн хайх, аврах ажиллагааны ерөнхий удирдагчийн шийдвэрээр эрэн хайх, аврах ажиллагааны ахлах удирдагч хариуцан зохион байгуулна.
- 3.26. Тухайн аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн хүч хэрэгсэл хүрэлцэхгүй болсон тохиолдолд харьяалах эрэн хайх, аврах ажиллагааны ерөнхий удирдагч нь Онцгой байдлын ерөнхий газар /шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч/-т мэдэгдэж зэргэлдээ аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн даргатай зөвшилцөн хүч нэмэгдүүлэх 1 бүлгийг ажиллуулах, Аврах тусгай анги болон орон нутгийн 2 ба түүнээс дээш бүлгийг хүч нэмэгдүүлэх томилох асуудлыг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах газрын дарга шийдвэрлэнэ.
- 3.27. Эрэн хайх, аврах ажиллагааны үргэлжлэх хугацааг газар орны байршил, байгаль, цаг агаар, үүссэн нөхцөл байдлыг харгалзан эрэн хайх, аврах ажиллагааны ахлах удирдагч харьяалах эрэн хайх, аврах ажиллагааны ерөнхий удирдагчтай зөвшилцөн шийдвэрлэнэ.
- 3.28. Эрэн хайх, аврах ажиллагаа эхэлснээс хойш 72 цагийн дотор төөрсөн, сураггүй болсон иргэнийг олоогүй тохиолдолд эрэн хайх, аврах ажиллагааны удирдагч ар гэрийнхэн, эрэн хайх, аврах ажиллагааны ахлах удирдагчтай зөвшилцөн үргэлжлүүлэх, түр зогсоох талаар шийдвэр гаргана;
- 3.29. Эрэн хайх, аврах ажиллагааг эхэлсэн цагаас хойш 144 цаг буюу 6 дахь хоногоос эрэн хайх, аврах ажиллагааны удирдагч, ахлах удирдагчтай; 216 цаг буюу 9 дэх хоногоос эрэн хайх, аврах ажиллагааны ахлах удирдагч, ерөнхий удирдагчтай; 288 цаг буюу 12 дахь хоногоос эрэн хайх, аврах ажиллагааны ерөнхий удирдагч; 360 цаг буюу 15 дахь хоногоос эрэн хайх, аврах ажиллагааны ерөнхий удирдагч, онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах газрын даргатай; 432 цаг 6 буюу 18 дахь хоногоос Онцгой байдлын ерөнхий газрын даргатай зөвшилцөн шийдвэрлэнэ.
- 3.30. Энэ журмын 3.28 дэх заалтад заасан хугацаа байгалийн гаралтай аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын төрөл, онцлогоос шалтгаалан өөрчлөгдөж болох бөгөөд шийдвэрлэх албан тушаалтны дараалал өөрчлөгдөхгүй.
- 3.31. Эрэн хайх, аврах ажиллагааны эхний 72 цагийн зардлыг тухайн орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс хариуцна.
- 3.32. Гамшгийн нөхцөл байдал үүсээгүй боловч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүсэлт гаргасан тохиолдолд үйлчилж болох жагсаалтын дагуу төлбөртэй үйлчилж болох бөгөөд тусгай журмаар зохицуулна;
- 3.33. Аврах бүлгийг сэлгэх эсхүл дэмжлэгээр ирж байгаа аврах бүлэг нь 72 цаг бие даан үүрэг гүйцэтгэх чадамжтай байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.