Хээ бүрт бэлгэдэл, хатгалт бүхэнд ерөөл шингээсэн "Ширмэл ширдэг" урлангийнхан
Ширмэл урлалаар дагнан дөрвөн жил үйл ажиллагаа явуулж буй "Ширмэл ширдэг" урланд зочиллоо. Урлангийн багш нарын ихэнх нь багш мэргэжилтэй, нийгмийн сэтгэл зүй чиглэлээр ажиллаж ирсэн нь сонирхол татав. Тэд өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор үнэ төлбөргүй сургалт явуулдаг. Өнгөрсөн хугацаанд танхимын болон онлайн ангиар дамжуулан 10 мянга орчим хүнд ширмэл ширэхийг заасан байна.
Эсгий амьд энергитэй гэж үздэг тул энэ урланд дандаа ерөөлийн үгс хэлэлцэнэ. Бэлдэц аваад гарч буй үйлчлүүлэгчээ "Үйл бүтэг" хэмээн үдэх аж. Ухаж ойлгоогүй хүнд улаан эмжээртэй олбог төдийнхнөөр төсөөлөгддөг ширмэл ширдгийн цаана хээ угалз, өнгөний бэлгэдэл, өв соёлын дархлаа гээд асар өргөн агуулга оршдог болохыг анзаарснаа уншигч танд хуваалцъя.
"Өөжин бүүвэй" брэндийн үүсгэн байгуулагч Б.Батцэцэг: Ширмэл ширдэг хэмээх өв бол арга билгийн ухааны хослол
Энэ урлангийн эзэгтэйг Б.Батцэцэг гэдэг. Мөн "Өөжин бүүвэй" брэндийн үүсгэн байгуулагч. Тэрбээр сэтгэл судлаач, сэтгэлзүйч мэргэжилтэй. Сүүлийн 10 жил болж байна ширмэл ширдэг урлалыг сонирхон хөгжүүлж яваа бөгөөд дөрвөн жилийн өмнө урлангаа нээжээ.
Анх өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, мартагдаж буй зүйлийг сэргээх, нийгэмд хүргэх зорилгоор ширмэл ширдэг сонирхож эхэлсэн байна. Энэ явцдаа ширмэл ширэх хүний сэтгэл зүйд сайнаар нөлөөлдөг, нэг талаар бясалгал болдгийг анзаарсан тул мэргэжлийн онцлогтоо хөтлөгдөн лавшруулсан судалжээ. Нөгөө талаар түүний хань монгол зургийн зураач тул ширдгийн хээ дизайн, хэлбэр хийцэд нөлөөлсөн гэнэ.
-Юм оёход бодол санаа цэгцэрдэг гэдэг. Та сэтгэлзүйч хүн тул үүнийг илүү мэргэжлийн үүднээс тайлбарлах байх. Мөн ширмэл ширдгийг гүнзгийрүүлэн судалж, түгээн дэлгэрүүлж яваа тань ч үүнтэй холбоотой болов уу гэж бодож байна?
-Ширмэл ширдэг хэмээх өвийн төлөөлөл дотроо маш олон агууламжтай. Сэтгэл засал, бясалгал, ур ухаан, хээ бэлгэдлийн мөн чанар, эсгий хийх гэх мэт. Эхэндээ хүмүүс ширмэл ширдгийг наана цаанаас нь хатгаж оёдог зүйл гэж ойлгодог. Цаана нь бясалгалын шинж чанар бий.
Монголчууд "Үйл мэтгэж суугаа хүний ухаан бодол тогтдог. Үйл урлаж байгаа хүн үйлийн үрийг үргээдэг" гэж ярьдаг. Тийм учраас ээжүүд тусдаа гарч байгаа хүүхэддээ ширмэл ширдэг ширж өгдөг. Хүүхдийг анх хөлд орж, даахийг нь үргээх үед эсгий ширмэл ширж өгөөд суудлын цээрийг нь гаргаж өгдөг уламжлал бий.
Энэ бол арга билгийн ухааны хослол. Билэг чанараа дагаад явдал дом засал болдог. Арга талдаа хүнийг ажилд сургадаг, бодол санааг нь тэгшилж өгдөг гайхамшигтай урлаг.
-Сүүлийн үед хүмүүс үндэсний гэх агуулга руугаа илүү өнгийж, эдэлж хэрэглэхийг зорьдог болсон. Ширсэл ширдэг ч үүнд багтаж буй. Танай урлангийн тухайд машины суудал зэрэг орчин үеийн хэрэглээнд нийцүүлж бүтээгдэхүүний нэр төрлийг тэлж буй нь анхаарал татлаа?
-Ганц би оёх биш бүгд оёж байж өв соёл маань тогтох юм байна гэж бодсон учраас үнэгүй сургалт хийж ирсэн. Өв соёл тогтоод ирэхээр ахуйн хэрэглээнд суурьшиж эхэлсэн. Улмаар "Би ширмэл ширдэг хийж үзэх юм сан" гэдэг сэтгэлзүйд нийгэм бий болно. Өөрөө ширээд эхлэхээр утга учир, ач холбогдлыг нь ойлгож эхэлнэ. Цаашлаад хээний бэлгэдлийг таньж мэднэ.
Ингэснээр ширмэл ширдгийн өв соёл хэрэглээнд илүү ойртсон. Гудас, олбог, хөлийн ширмэл, автомашины суудалд, оффисын суудалд зориулсан ширмэл гэхчилэн өргөжөөд явж байна.
Цаана нь эрүүл мэндийн асуудал ч яригдана. Цагаан эсгийгээр хийсэн суудал нян бактераа өөрөө устгадаг, маш сайн амьсгалдаг. Цагаан мах эргэх, нурууны суулт, бөөрний өвчнүүдэд сайн. Хүйтэнд дулаахан, халуунд сэрүүхэн байдаг учраас хэрэглээнд тохиромжтой. Үнийн хувьд боломжийн. Тиймээс манай урлангаас ирж бэлдэц аваад, хэрхэн ширэхийг үнэ төлбөргүй заалгаад өөрийнхөө гараар урлаад хэрэглэх сонирхолтой хүмүүс нэмэгдэж байгаа.
-Түрүүн таны хүнд зөвлөж байхыг сонссон. "Язгуурын хээг завсрын өнгөөр тавих нь зохимжгүй" гээд. Ерөөс ширмэл ширдгийн өвийн салшгүй хэсэг нь хээ, түүний хэрэглээ юм байна шүү дээ?
-Монголчууд 2000-3000 төрлийн хээ угалзтай. Алтай язгуурын улсууд бүгд ширмэл ширдэг хэрэглэдэг. Гэхдээ ихэвчлэн угалзарсан хээ ашиладаг. Харин монгол хээ нь ард түмний язгуур чанарыг шингээсэн зоримог дайчин, эрс шулуун байдаг.
Хүмүүсийн хамгийн их мэддэг, сонирхдог хээ бол баянхошуу хээ. Бие биеийнхээ араас шургаж гардаг учраас шургуулган хээ ч гэж нэрлэдэг. Мөн малын тагнайтай адил эрээлсэн учраас тагнай хээ гэх нь бий. Улс үндэстэн, нутаг нутгийн онцлогоос шалтгаалаад өөр. Алтайн баруун хязгаарын уулсад хэрэглэгддэг байснаа нийт монгол даяар тархсан хээ.
-Тэгвэл олбог ширдэгт тохиромжтой, тохиромжгүй хээ гэж бий юү. Монголчууд бэлгэдлийг эрхэмлэдэг ард түмэн учраас үүнийг сонирхох нь гарцаагүй?
-Монголчууд олбог ширдэгтээ усны элемент агуулсан хээг түлхүү тавих ёстой. Яагаад гэвэл, монгол гэр бол эх дэлхийн жижигрүүлсэн хувилбар. Дэлхийн хөрснөөс ус гардаг. Тиймээс монголчууд ус бол амьдралыг тэтгэх эх булаг гэж үзээд хөлийн ширмэл олбогтоо усын хээг агуулж ирсэн. Уулын усны боргилсон энергийг өөртөө агуулж, эзэндээ цог жавхаатай энергийг бэлэглэдэг. Ямар ч насны хүн хаана ч хэрэглэж болох цээргүй хээ.
Тэгвэл өлзий хээг авч үзье. Манай урлагийн онцлог хээ нь үүлэн хээ, усан хээг тавьж өгдөг. Монгол хээ, угалз дээр байгалийн болон геометрийн дүрслэлүүд илүү байдаг. Үүнээ бид байгалийн хээг аваад угалз буюу хамар хээгээр чимэглэж өгдөг. Энэ нь уул усандаа ойрхон байх санаа.
10 нүдтэй өлзий хээг монголчууд арван тамын хаалгыг хаадаг гэж үздэг. Дундаас дээш насны эмэгтэй хүнд хэрэглэвэл тохиромжтой. Мөн орны ард татдаг аравч зэрэг тохиромжтой. Сүүлийн үед тухай өөрөө цээрлэгүй бол хаана ч ашиглаж болно гэж үзэх болсон. Хүрээ, Өргөө хотын үед түлхүү дэлгэрч, гоёмсог ганган хэлбэрээр орж ирсэн хээ. Урт удаан нас, эрүүл мэндийг бэлгэддэг.
Хээ бүр өөрийн гэсэн зэрэг дэв, онцлог, бэлэг чанартай. Хэрэглэж байгаа хүндээ тэр энергийн дагуу энерги бэлэглэж байдаг. Тэгэхээр хүнд бэлэглэхдээ цээртэй хээг нь сонгож өгч болохгүй. Тухайллбал, хорол хээг хөлийн ширдэг, олбогт тавьж болохгүй байх нь. Монголчууд хорол тооно гэж бэлгэддэг шүү дээ.
Уран зохиолын багшаас ширмэл ширдэг урлалын багш болсон Б.Энхцэцэг

"Ширмэл ширдэг" урлангийн ууган гишүүн хийгээд шавь нартаа хүндлэгдсэн найрсаг багшийг Б.Энхцэцэг гэдэг. Түүний уг мэргэжил нь уран зохион багш. Улсын багшийн их сургуулийг төгсөөд СӨБ-ын байгууллагад багш, арга зүйчээр ажилласан байна. Тэрбээр өмнө нь хоббигоороо гутал, цамц, малгай ороолт нэхдэг байжээ. Хоббигоо хөгжүүлж явсаар ширмэл ширдэг урлалтай амьдралаа холбосон нь энэ.
Энэ тухайгаа "Анх Б.Батцэцэгээрээ эсгий ширэхийг заалгаж байлаа. Тэр үед яг миний байх ёстой газар, хийх учиртай зүйл байна гэж мэдэрсэн. Хүн дуртай зүйлээ хийнэ гэдэг хамгийн том аз жаргал. Амьд малыг зовлонгоос нь гэтэлгэж ноосыг нь авч, амь таслахгүй гардаг бүтээгдэхүүн учраас эсгий амьтай. Өглөө бүр урлангийнхаа хаалгаар аз жаргалтай орж ирдэг. Орой гарахдаа бие биедээ талархлын үг хэлээд тардаг" хэмээн өгүүлнэ.
Түүний хань урлагийн хүн бөгөөд тэд гэртээ хамтдаа эсгий ширээд суудаг гэнэ. Энэ нь өв соёлоо өвлөн уламжлахаас гадна тархиа амрааж, тайвшрах дадал болсон аж.
Б.Энхцэцэг багш "Хүмүүст ширмэл заах маш гоё, сургалт болгоны дараа хүмүүсээс эерэг энерги ирдэг. Манай суралцагч дунд 8 настай хүүхдүүд, 95-тай өндөр настан ч бий. Сүүлийн үед эрчүүд их ирдэг болсон.
Гар урлалбол цор ганц бүтээл. Хэдийгээр ижил хээ оёж байгаа ч хатгалт нь хол ойр болоход л тэр дахин давтагдахгүй. Зургийн тухайд манайх гараараа зурдаг. Нэг зураасыг өөр татахад л цор ганц бүтээл болно. Манай урлангийн онцлог нь үйлчлүүлэгчдийн хүссэн хэмжээ, хээгээр нь зурж өгдөг" гэв.
17 наснаасаа хойш урлаж буй уран хэмээх Ю.Байгальмаа

"Үйл урлаж байгаа хүнийг үр хүүхдийнхээ үйлийн үрийг үргээдэг гэдэг. Тийм болохоор эгч нь ширмэл ширж суугаадаа их бахархалтай байдаг юм. Хүү маань том машин барьдаг учраас муу муухай юмыг нь зайлуулж сууна даа гэж дотроо боддог. Эсгий ширмэл энерги сайтай, ширээд суухад нэг ёсны бясалгал болдог. Гандан орж ном уншуулснаас илүү санагддаг даа хэмээн хуучлах эмэгтэйг Ю.Байгальмаа гэдэг.
Урлангийнхан нь түүнийг "Амьтан ширэх амаргүй. Нэг л буруу хатгавал харц нь өөр болчихдог. Чоно ширлээ гэхэд харцыг нь буруу гаргавал сүр сүлдгүй болчихно. Манай Байгаль эгч амьтны нүд, характерыг маш сайн гаргадаг. Тиймээс бид уран Байгаль гэж дууддаг юм" хэмээн түүнийг магтана.
Тэрбээр 17 наснаас оёдлын үйлдвэрт ажиллаж иржээ. Ангийн үсний үйлдвэрээс ажлын гараагаа эхлүүлж булган малгай, булган шуба, зээр чоно нохойн арьсаар гутал хийдэг байж. Дараа нь тэмээний ноосон үйлдвэрт 10-аад жил ажиллажээ. Энэ олон үйл дундаас түүний онцолж дурласан нь ширмэл ширдэг.
Урлагийн отгон гишүүн Д.Бямбасүрэн

Д.Бямбасүрэн ширмэл ширдэг урлаад долоон сар болж байгаа ч хэдийн хувийн бизнесээ эхлүүлж, урлангийнхаа отгон гишүүнээр элсээд буй. Японд тогоочоор ажиллаж байгаад ирсэн түүнд хамаатных нь 70 гарсан настай эгч ширмэл ширж суугаа нь содон туссан гэнэ.
Ингээд өөрөө нэгийг ширж үзэхээр шийдэн бэлдэц авахаар "Ширмэл ширдэг" урлантай анх танилцсан байна. Өв соёлоо тээж, өөрийн гараар олбог урласандаа урамшиж, төрөл бүрийн хээ оёж үзэхээр тэмүүлсэн сэтгэл нь түүнийг нааш хөтөлжээ.
Тэрбээр "Хамгийн томдоо урлангийнхаа эгч нартай хамт 2,3 метртэй ширмэл хийж байсан. Хээний утга их гоё санагддаг. Жишээлбэл, миний яг одоо оёж байгаа алхан хүрээтэй таван нүдэн хээ байна. Алхан хээ үүрдийн аз жаргалыг бэлгэддэг. Таван нүдэн хээг машинд тавивал аюул ослоос сэргийлдэг. Мөн дөрвөн арвай нийлүүлсэн мэт харагддаг тул идээ будаа арвижихыг бэлгэддэг. Мэдээж өв соёлоо түгээн дэлгэрүүлж байна гэж бодохоор бүр ч сайхан" хэмээн ярьсан юм.


П.ДАВААЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.