ГХЭ-ийн "Хотгор" төслөөс Австралийн хөрөнгө оруулагч гарлаа

"Хотгор" төслийн 80 хувийг 15 сая ам.доллараар худалдан авах төлбөрөө "Temarise" компани хугацаанд нь төлж чадаагүй талаар мэдээлжээ.
Улмаар "Хотгор" төсөлд "Temarise"-ийн 30 хувийг эзэмшдэг "Parabellum Resources" нь хамааралгүй болсноо мэдэгдсэн байна.
"Temarise" компани нь төсөлд хувь эзэмших төлбөрийн хугацааг нэг удаа сунгасан. Өмнө нь тавдугаар сарын 22-ноор тогтоож байв. Улмаар зургадугаар сарын 31 гэхэд төлж дуусна гэсэн ч хугацаандаа амжсангүй. Иймд "Хотгор" төслөөр дамжуулан "Temarise"-ийн 30 хувийг аваад байсан Австралийн "Parabellum Resources" компани төслийг орхиж буйгаа мэдэгдсэн байна.
2023 оны нэгдүгээр сард "Parabellum Resources" нь "Temarise"-ийн 30 хувийг эзэмших гэрээгээ байгуулаад байв.
“Хар алт” гэгддэг нүүрснээс дэлхий нийтээр татгалзах хандлага нэмэгдсэнээр газрын ховор элемент анхаарал татах халуун сэдэв болсон. Хими, хими технологийн хүрээлэнгээс “Хотгор”-ын ордод судалгаа хийхэд чулуулагт агуулагдах газрын ховор элементийн нийлбэр агууламж 0.02-1.6 хувь, түүний 86.2-95.7 хувь нь церийн бүлгийн элемент байгаа нь тогтоогдсон.
Өмнөговь аймгийн Цогт овоо сумын нутагт орших тус ордод анх 2010 онд тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд одоогийн байдлаар газрын гадарга талаас 20 метрийн гүнд эрдэсжилт илрүүлсэн талаараа хөрөнгө оруулагч компаниас мэдээлээд байгаа юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.