АНУ-д худалдагдах гэж байсан үлэг гүрвэлийн 16 олдворыг авч ирлээ

Монгол Улс, АНУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос эхлэн монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворыг Монгол Улсад буцаан төвлөрүүлэх ажил хэрэгжиж эхэлсэн.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн сарын 19-ний өдөр АНУ-д худалдагдах гэж байсан зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг Монгол Улсад буцаан авч ирсэн бөгөөд эдгээр үлэг гүрвэлийн олдворууд болон өнгөрсөн хугацаанд АНУ-аас хүлээн авсан олдворуудаас сорчлон танилцуулах “Welcome home” тусгай үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд нээлтээ хийлээ.
Энэхүү үзэсгэлэнд монгол нутгаас олддог нэн ховор олдворууд болох Тарвозавр Батаар, Овираптор, Протоцератопс, Завролофус, Орнитомимозавр Пситтакозавр, Пахицефолозавр, Анкилозавр зэрэг 8 төрлийн үлэг гүрвэлийн 21 олдворын толгойн яс, хэлхээ яс, хурдсанд хадгалаастай яс, дунд чөмгөний яс, сээр нурууны яс гэсэн хэлбэрээр үзүүлж байна.
Үзэсгэлэн мөн Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд цаашид Байгалийн түүхийн музей, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаачид эдгээр олдворуудыг хамтран судлах, бэхжүүлэх, сэргээн засварлах, боловсруулах, сурталчлах ажлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд үе шаттайгаар зохион байгуулна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.