Гадаад мэдээДЭЛХИЙ

Афганистанд болсон үерийн улмаас 315 хүн амь үрэгдэж, 1600 хүн бэртээд байна

Афганистан улсад хүчтэй бороо орсны улмаас үер буужээ. Тус улсын Дүрвэгсдийн яам хохирлын талаар ням гарагт /2024.05.12/ мэдэгдэл хийхдээ үерийн улмаас 315 хүн амь үрэгдэж, 1600 хүн бэртсэн хэмээсэн юм.

Үерийн улмаас Афганистаны хойд бүсэд оршдог олон мянган байшин эвдэрч, мал амьтад эндсэн байна. Хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд эрүүл мэндийн салбар мөн ундны усны гэх мэт амин чухал дэд бүтцүүдэд хохирол учирсныг анхааруулжээ.

Үер буусан Баглан мужийн Нахрин дүүрэгт амьдардаг Мухаммед Яхкуб “Бидэнд хоол хүнс, ундны ус, хоргодох газар, нөмрөх хөнжил юу ч алга. Үер бүхнийг аваад одсон. Манай хөндийд 42 барилга байдаг байснаас хоёр гурав нь л үлдлээ” гэсэн байна.

Яхкуб үерийн улмаас гэр бүлийнхээ 13 гишүүнийг алджээ. Афганистаны төрийг барьдаг Талибануудын эдийн засгийн сайд Дин Мохаммад Ханиф НҮБ, хүмүүнлэгийн байгууллагууд, хувийн бизнес эрхлэгчдэд үерт нэрвэгдсэн хүмүүст дэмжлэг үзүүлэхийг уриалсан юм.

Афганистан дахь Хүүхдийг ивээх сангийн захирал Аршад Малик “Хүмүүсийн амь нас эрсдэж, амьжиргааны эх үүсвэр нь урсан алга боллоо. Үер тосгонуудыг дайрч, байшингуудыг сүйрүүлэн, мал амьтдыг хамж одсон” гэжээ.

Түүний тооцооллоор хамгийн их хохирол амссан дүүрэгт 310 мянган хүүхэд амьдардаг байна. Малик “Хүүхдүүд бүхнээ алдсан” хэмээсэн юм.

Афганистан нь байгалийн гамшигт өртөмтгий орон. НҮБ-аас мэдээлснээр бол тус улс нь цаг уурын өөрчлөлтөд хамгийн мэдрэмтгий газар нутагтай улсуудын нэг аж.

2021 онд АНУ Афганистанаас цэргээ гаргасны дараа тус улсын төрийн эрхийг Талибанууд барьж байгаа. Үүний дараа олон улсын хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг ихэнх орнууд тусламжаа зогсоосон юм. Хүмүүнлэгийн тусламжууд тус улсын эдийн засгийн чамлашгүй хэсгийг бүрдүүлдэг байсан билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button