Ашигт малтмалын лицензийн нээлттэй сонсгол өнөөдөр эхэлнэ

Ашигт малтмалын лицензийн асуудлаарх нээлттэй сонсголыг өнөөдөр /2024.05.29/ 09.00 цагаас эхлүүлэхээр товложээ.
Тодруулбал "Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны эхний хуралдаан болох юм.
Тус түр хороог УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ахалж байгаа. Тэрбээр "Хороо богино хугацаанд ажилласан. Зардал, чирэгдэл ч гарлаа. Бэлэн байгаа нотлох баримтад л суурилсан. Дижитал хэлбэрийн мэдээлэлд тулгуурласан. Нийт 105 хүнийг гэррчээр дуудна. Ажиглагчаар зургаан байгууллагын төлөөлөл оролцоно" хэмээн мэдэгдээд байв.
Тодорхой болсон мэдээллээр гэрчээр дуудагдах хүмүүс дунд:
- Долоон сайд ба сайд асан
- Нэг Төрийн нарийн бичгийн дарга
- Хоёр агентлагийн дарга асан
- Төрийн албан тушаалтан 28
- 10 аймгийн Засаг дарга
- Зургаан сумын Засаг дарга багтсан.
УИХ-ын хаврын чуулганы хугацаанд энэ сонсголыг амжихгүй гэсэн хүлээлт байв. Харин богино хугацаанд шахаж, нотлох баримтыг дижитал хэлбэрээр цуглуулсан ийм сонсгол нэр бүхий хүмүүст чиглээд дуусах вий хэмээх болгоомжлолтой. Өмнө нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн ахалж явуулсан эмийн сонсгол ч мушгисан, туйлширсан дүгнэлт мэдээлэл ихтэй, эцсийн үр дүн багатай, хийсэн нэртэй болоод өнгөрсөн.
Гэхдээ ашигт малтмалын лицензийн сонсголд бол эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнийн "захиалга" бий.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.