АНУ-ын сонгуулийн явц: Трамп 15, Харрис долоон мужид ялалт байгуулаад байна
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль үргэлжилж байна. Одоогийн байдлаар тус улсын 41 мужид санал хураалт хаагдсан байгаа юм. “Edison Research” фирм тооцоолсноор Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп 15 муж, Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис долоон мужид ялалт байгуулаад байгаа аж.
Тус сонгуульд 270 электорал санал авсан нэр дэвшигч ялалт байгуулна. Тэгвэл одоогийн байдлаар Трамп 162 электорал санал, Харрис 81 электорал санал авчээ. Гэхдээ сонгуулийн үр дүнг өрсөлдөөн хурц Аризона, Жоржиа, Мичиган, Невада, Хойд Каролина, Пенсильвани, Висконсин мужууд шийднэ. “Decision Desk HQ” фирм Трампыг Хойд Каролина мужид ялалт байгуулна гэж таамаглаж байгаа ч бусад хэвлэл болон “Edison Research” ямар нэгэн таамаг гаргаагүй байна.
“Edison Research” мэдээлснээр савлагаатай муж болох Жоржиад нийт саналын 77 хувийг тоолж, Трамп 52.3 хувь харин Харрис 47.1 хувийн санал авсан үзүүлэлтэй байгаа юм.
Ерөнхийлөгчийн сонгуулиас гадна америкчууд Конгрессын гишүүдийг сонгож буй. Конгрессын дээд танхим буюу Сенатын танхимд Бүгд найрамдах намын нэр дэвшигч Жим Жастис Баруун Виржиниа мужийн сенатыг авах таамагтай байгаа. Өмнө нь тус муж Ардчилсан намын сенатортой байсан. Ийм учир Ардчилсан намынхан Сенатад олонхоо алдах эрсдэл тулгарлаа. Харин Конгрессын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын сонгуулийн үр дүн 50 50 буюу зоос шидэхтэй адил, аль нам олонх авах нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.