2024 оны тойм, улс төр: Одоо л тэр хазайвал...

УИХ-ын сонгуулийн цикл таарсан учир улирч буй 2024 он улс төрийн хувьд дандаа л шилжилтээр дүүрэн байлаа. Түрүүлж дүгнэх, хэн нь хэн бэ гэдэгт хариулт өгөх бололцоог 2024 он одоохондоо хараахан олгоогүй байна.
Гэхдээ манай агентлаг оны тоймд нэг улстөрчийг онцлон задалж бичдэг хэв маягаасаа ухрахыг хүссэнгүй. Сонголт амаргүй ч сонгууль, үйл явдал, тэдгээр шилжилт бүхнийг нэг улстөрч тойроод гарчихлаа. Энэ нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Хишгээгийн Нямбаатар юм.
Х.Нямбаатар хотын мээр болоод хоёр хүрэхгүй сарын дараа л 2024 оныг угтсан юм. Өөрөөр хэлбэл 2024 он түүний хоттой, албан тушаалтайгаа тухтай нүүр тулж ажилласан эхний жил болон улирч байна. Энэ үүднээс түүний хотын даргын карьерын анхны онд үнэлт дүгнэлт өгөх бололцоо бүрдчихлээ.
“Шударга тав”-аас Засгийн газрын галыг үүрэгч
Нам нь түүнд даалгавар өгөхөөс өмнө Х.Нямбаатар хурдтай цойлсон улстөрч байлаа. Дээд сургуульд багшилж байгаад 2009 онд төрийн албанд хөл тавьсан гэвэл гурван жилийн дараа НИТХ-аар улс төрийн карьераа эхлүүлж, 2016 онд УИХ-ын гишүүн болж амжсан нийт хугацаа долоон л жил юм.
Гишүүн болсон дороо тэр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жинтэй, хэн ч гар хүрэхээс цааргалмаар хуулиудыг барьж авч, парламентад удаан сууж буй улстөрчдөөр шүүмжлүүлж байсан. “Ийм дураараа, ийм хурдан орой дээр заларсан УИХ-ын залуу гишүүн хараагүй. Жаахан тавтиртай бай. Хүний гар хөл болоод байна” гэдэг үгсийг дааж Х.Нямбаатар дөрөвхөн жилийн дараа дахин сонгогдоод, Хуулийн сайд болж чадсан.
Тэр яг МАН доторх үе солигдолтын төлөөлөл болсон юм. “Шударга тав” гэж өнөөгийн Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй хамт Сүхбаатарын талбай дээр жагсаал тэмцэл өрнүүлэн, М.Энхболдыг УИХ-ын даргаас унагасан хүн бол Х.Нямбаатар. Энэ түүний хувьд намтарт нь маш тодоор бичигдэж үлдэх үйл явдал мөн. Үүнээс хойш богино хугацаанд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар МАН-д нөлөөллөө бататгаж, Засгийн газраа ч авсан. Тэд ер сонгуулиа удирдаж ордог хүмүүс болсон. Энэ шилжилтийн нэгэн хэсэг нь Х.Нямбаатар байв. “Шударга тав”-аас өнөөдөр Т.Аюурсайхан шоронд, Лу.Болд элчин, Ж.Батзандан гудманд яваа нь нэгийг хэлдэг ч Х.Нямбаатар бүрэн утгаар Л.Оюун-Эрдэнийн баруун гар болж, өнгөрсөн 4-5 жилийн улс төрд тогтмол шат ахиж явлаа.
ХЗДХ-ийн сайдаар ажиллах хугацаандаа тэр шүүхийн шинэтгэл хийж, Ерөнхийлөгчтэйгөө (Х.Баттулга) байлдаж, гишүүний индрээс өөртөө ахадсан гэмээр гал дагуулам мэдэгдлүүдийг хийж байлаа. Авлигатай тэмцэх таван Ш ажиллагаа, Оюу толгой төслийг аврах “Рио Тинто”-той хийсэн хэлэлцээ гээд нэрлэвэл олон. Нэг хэсэг Х.Нямбаатаргүй юм байхгүй болчихсон явсан. “Эрдэнэт”-ийн 49 хувийн схем буюу “сахал” Д.Эрдэнэбилэгтэй хийж эхлүүлсэн Л.Оюун-Эрдэнийн нэгэн бүхэл тэмцлийн гол түшиц нь ч Х.Нямбаатар байсан. Х.Нямбаатар богино хугацаанд өнгөрсөн үеийн бүлэглэлтэй тэмцсэнээрээ зоригтой, эргээд харахад улсын амьдралд шууд нэрлэчих хор хохирол учруулчхаагүй ажилласан онцлогтой нь үнэн. Тэр ажил хийж, урагш давшиж байсан.
Харин 2023 онд Улаанбаатар хотод үер бууж, “ногоон” тодотголт автобусны хэрэг дэгдсэнээр Нийслэлд эрх зүйн суурь шинэчлэл хийж байсан Д.Сумъяабазар ажлаа өгөхөд хүрэв. Олон нийт “бөх” гэдэг имижээр итгэдэггүй байсан ч муу хотын дарга бол байгаагүй. Харин оронд нь тэгвэл хэн бэ? гэдэг Л.Оюун-Эрдэнийн асуулт амаргүй байлаа. Учир нь Улаанбаатар хотын өмнө ямар ч улс төрийн эрх ашгийн хойгуур тавьж болохгүй эргэлтийн цэг тулаад ирчихсэн. Нэг үгээр өөр хувилбар байгаагүй. Шинэ хотын мээр галыг үүрэгч Х.Нямбаатар.
Суурь характераар ажлыг хариуцлагатай, хурдтай эхлүүлсэн нь
Хурдтай өгсөж явсан улстөрч ингээд менежерийн, аж ахуйн ажилтай ноцолдон зууралдах үүргийг намаасаа авсан юм. Тэр ХЗДХ-ийн сайдаа болино, бүр УИХ-ын гишүүнээсээ татгалзана. Ажлаа хийсэн шиг хийе гэвэл дахиж сонгуульд өрсөлдөхгүй. Нэг үгээр нэг хэсэг л намын ажлаас, улс төрөөс холдоно. НИТХ-д багаа бүрдүүлэхээс өөр улстөржих ямар ч бололцоогүй ажилд Х.Нямбаатар шунгаж орлоо.
Д.Сумъяабазар Нийслэлийг бие даасан хуультай, төсвөө өөрөө бүрдүүлж, өөрөө захиран зарцуулдаг, бонд босгох ч эрх зүйн боломжтой болгож өгсөн. Энэ суурин дээр Х.Нямбаатар ажилласан нь зарим талаар ашигтай нөхцөл болж туссан. Гэхдээ олон нийт Улаанбаатар хотыг нүдний өмнө өөрчлөгдөөсэй л гэж хүсэх “алаан” дунд ажлаа эхэлсэн нь тэр юм.
Төлөвлөгөө танилцууллаа. Х.Нямбаатар ямар ч байсан ажил хийж, ард нь гарч үзье гэж хувь хүнийхээ хувьд зорьсон нь тэр төлөвлөгөөгөөр мэдэгдсэн.
Хэзээ түгжрэхээ болих юм бэ. Агаар, хөрсний бохирдлоо яах юм бэ. Нийтийн тээврээ яаж шийдэх юм бэ. Зай завсаргүй шигсэн төлөвлөлтгүй хотоо ер нь одоо яаж аврах юм бэ гэдэг асуудалд буюу олон нийтийн асар их стресс бухимдлын өөдөөс сөрж ажиллах хэцүү бас амархан. Амархан ажиллая гэвэл зүгээр л хүмүүст таалагдаж болно. Үр дүн нь богино хугацаанд гарч эхлэх жижигхэн ажлуудаар хөөцөлдөж, нэр хүндээ өсгөж аваад шударга дүр эсгэн ажлаа өгч, 2024 оны сонгуульд өрсөлдөж болох байсан.
Улс төрд хамт мандаж явсан нь бүгд сонгууль гээд бужигнаж явахад Х.Нямбаатар нэр дэвших мандатаас татгалзаж, иргэдтэйгээ хэрэлдээд л ажлаа хийж үлдсэн нь факт юм.
Жилийн дотор Х.Нямбаатар Нийслэлд хоёр ч удаа бонд босгочихлоо. Санхүүжилтээр нь нэг зуны дотор бүх замаа засаад авлаа. Түгжрэлийн шийдэл болох томоохон зам, нүхэн гарцуудыг эхнээс нь ашиглалтад орууллаа. Гэр хорооллыг орон сууцжуулах “Сэлбэ дэд төв” төслийг эхлүүлчихлээ. Эрчим хүчний дутагдалд анхаарч, Бөөрөлжүүтийн ЦС-ын эхний блокийг барь гэж “Голомт”-ын Д.Баясгаланд бондын 300 тэрбумыг өглөө. Метро гэдэг мөрөөдлийн сэдэвтэй шууд нүүр тулж, одоо гүйцэтгэгч компаниа шалгаруулчхаад явж байна.
Харамсалтай нь 2024 онд Улаанбаатар хотын амьдрал дээрдээгүй. Дээрдэх ч болоогүй. Гэхдээ олон чиглэлд ёроолдоо тулчихсан Нийслэлд хурдтай, ажил хэрэгч хандаж чадлаа. Одоо ерөөсөө ирэх жилүүдэд том төслүүд хаана гэвэл Улаанбаатарт л хийгдэнэ. Мөнгө эргэлдэнэ. Түүнийг дагаад НИТХ-ын сонгууль урьд өмнөхөөс илүү “алаан”-тай, бүлэглэлийн эрх ашгууд огтлолцсон халуун цэг болж хувирав.
Хотын сонгууль, “Голомт”-ын Д.Баясгалан
Ерөнхийдөө ажил хийсэн хүнийг хийлээ гэж бичвэл магтсан болчихдог зовлон сэтгүүлчдэд бий ч Х.Нямбаатар “Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ?” гэдэг хандлага руу явчихсныг харин онцлохоос өөр аргагүй юм.
Х.Нямбаатар НИТХ-ын сонгуульд өөрийн хүмүүсийг сойж, багаа бүрдүүлж авахгүй бол хотын даргаа больчих эрсдэлтэй. Бас эрх зүй, төлөвлөгөө, фунтаментын хувьд Улаанбаатарыг “мөнгөний машин” болж хувирах эхлэлийг тавьсан ерөнхий нөхцөл байдлаа бусдад алдчих боломжтой байв. Одоо л Х.Нямбаатар барьцаа лавшруулахгүй бол гавьяаг нь өөр хүн хүртэх болно.
Ингэхдээ хотын сонгуулийн санхүүжилтээ Х.Нямбаатар БНХАУ-ын гурав, “Голомт”-ын Д.Баясгалангийн хоёр компаниар босгосон гэдэг яриа дуулдав.
Улмаар Д.Баясгалантай бол гар барьчихсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй, бичсэн хэвлэлийг цагдаад өгөхдөө тулчхаад явж байна.
Х.Нямбаатар Хуулийн сайд байхдаа Д.Баясгалантай байлдаж явсан юм. Ерөөсөө түүний баримталж ажилласан бодлогоор бол “Голомт”-ын Д.Баясгалан муу хүн. Тэр улс төр, бизнесийн бүлэглэлийн эцэг, тэр санхүүжүүлэгч, тэр том төслүүдийг тендергүй хамж аваад гүйцэтгэгч. Хэд хэдэн удаа нэр цохон шүүмжилж явсан нь өнөөдөр хэвлэлийн хуудаснаа үлджээ.
Харин өнөөдөр 500 тэрбумаар бонд босгоод 300-г нь Бөөрөлжүүтийн ЦС-д өгсөн нь ерөөс Гашуунсухайтын төмөр замыг бариад, халуун тамаас салгаад аль гэж Х.Баттулга Д.Баясгалантай оффтейк гэрээ байгуулсантай агаар нэг дүр зураг юм.
Улмаар Д.Баясгалангийн “Бодь интернэйшнл”-д ажиллаж явсан Т.Даваадалайг орлогчоо болгон томиллоо. Одоо Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалай метроны төслийн менежэрээр ажиллаж байна. Хотын цөөнгүй ажлыг “Бодь” гүйцэтгэх боллоо.
“Шилэн данс”-ны мэдээллийг харахад, Д.Баясгалангийн “Бодь электроникс” компани “Улсын хэмжээнд топ 10 бэлтгэн нийлүүлэгч”-ийн жагсаалтыг хоёрт бичигдэж байна. Энэ 2024 оны дүн. 2023 оны хувьд энэ жагсаалтад дээрх компани сураг ч үгүй байв. Арваннэгдүгээр сарын байдлаар “Бодь электроникс” улсаас нийт 55.5 тэрбум төгрөг авч, ажил гүйцэтгэжээ. Тэдгээрийн дийлэнхийг Нийслэл дэх ажил бүрдүүлж байгаа юм.
Дурдахад, энэхүү жагсаалтын нэгдүгээрт “Нийслэлийн хөгжлийн сан” Хувийн ХОС ТЗК бичигдсэн. Иймд ерөөс мөнгө хот руу маш сайн чиглэж байна.
Улстөрчийн хувьд эсрэг байсан тоглогчтойгоо ийн гар барьсны нь цаана ажлыг хурдтай явуулах зорилго байж болох ч адаг сүүлд нь буруутдаг жишиг бий л. Эс буцахад үүнд ёс зүй яригдах билээ. Гэхдээ улстөрд хэн ч найзууд бас дайснууд биш.
Харин одоо л тэр хазайвал...
Одоо Х.Нямбаатар ам л нээвэл уурладаг хүн болчихлоо. Ууртай Улаанбаатарын дарга хийгээд ирэхээр өөрөө бас ууртай болчихдог юм уу гэхээр тийм биш. Х.Нямбаатарын ааш угаас тийм. Хэдэр ёдор, хэрүүлч зангаар тэр ХЗДХ-ийн сайдаа ч хийж байсан, хэнээс ч айдаггүй араншингаар ажлыг хурдтай урагшлуулж ирсэн.
Гэхдээ арай ч вакуумжаагүй л дээ. Одоо харин Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар вакуумжиж байна. Ёс зүйн хувьд алдаа гаргаж, битүү хатуу дүрийг үүтгэх боллоо. Сэтгүүлчдийг “Дарааллаараа асуу, логиктой асуу, чамд дахиж хариулахгүй” гэхчлэн загнаж суугаагаас нь харахад тэр олон нийтийн шүүмжлэлээс айдгаа бол ардаа хийчхэж. Гэхдээ нэг уур нь хүрвэл босоод ирэх асар их стресс бухимдалтай 1.5 сая хүн энэ хотод амьдарч байгааг мартаж, тэднийг басаж болохгүй. Хот нь, иргэд нь түүнийхийг хэд нугалсантай дүйцэх хэмжээний бухимдалтай, асуудалтай. Тэдний дээр суусан хүн, нийтийн алба хашиж яваа хүн тодорхой хэмжээнд барьертай байх ёстой.
Магадгүй хотын сонгуулийг сайн давсан нь түүнийг өөрчилсөн. Ойрын хүмүүсээ албан тушаалд аваачсан. Бонд босгосон Н.Мандуулыг Засаг дарга болгох зэргээр шагнах хүнээ ч шагнаад эхэлсэн. Энэ үүднээс, эхлээд бүхнээ золиод Улаанбаатарыг аврах даалгавар авсан бол одоо харин эндээ үүрээ засаж, холбоо хамаарлаа сүлжиж авах схемийн “зураач” болох вий гэсэн болгоомжлол төрж байна.
Тэр хувь хүний сигналаа алдалгүй ажиллавал Улаанбаатарт өөрчлөлт авчирч чадна гэдэг нь харагдаж байгаа. Тууштай, тэвчээртэй, хөдөлмөрч байж чадахыг нь бүгд мэднэ. Харин жил хүрэхгүй вакуумжвал Монгол Улс дараагийн “хаан”-тай болно гэсэн үг. Учир нь Улаанбаатар хот бол хүн амын талаас илүү нь амьдардаг, одоо эдийн засгийн хувьд бүрэн бие даачихсан бараг л нэг улс билээ.
М.ТЭНГИС
2024 ОНЫ ГОЛЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
2024 онд улс төрийн ертөнцөд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
-НЭГ. Улаанбаатар улс төрийн халуун сэдэв болов-

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг 2024 оны онцлох улстөрчөөр аргагүйн эрхэнд нэрлэсэн шиг улс төрийн ертөнцөд анхаарал татсан хамгийн том сэдэв энэ жил Улаанбаатар хот л байлаа.
Улаанбаатар хотын түгжрэлийг, гэр хорооллыг, агаарын бохирдлыг, эрчим хүчний дутагдлыг ЯАЖ ШИЙДЭХ ВЭ? гэдэг асуултууд нэг ёсондоо Нийслэл хот өөрөө хамгийн сэдэв болон хувирч байна.
Өмнө нь агаарын бохирдол, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг нь үндсэндээ нийгмийн шинжтэй сэдэв болж бичигддэг байв. Нийслэл анхаарал татаад буйн шалтгаан бол,
- Нэгт, үнэхээр тодорхой шийдлийн өмнө ирэхгүй бол Улаанбаатар хотын асуудал бүр тулчихсан
- Хоёрт, эрх баригч нам Нийслэлд үлэмж анхаарч, Ерөнхий сайд нь бодлогоор хотын даргаа дэмжих байдлаар эрх зүйн хувьд ч чөлөөлж буй.
Ийм нөхцөлд Улаанбаатар хотод мөрөөдлийн сэдэв метро газар шорооны ажлаа хийхэд ойртож, гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрүүд ч хэрэгжээд эхэлж байгаа юм. Хүлээлтүүд бол байна.
Гэхдээ л энэ өвөл олон удаа, бараг тогтмол тог тасалж байна. Эрчим хүчний дутагдалд бүр ч ихээр орж буйн илрэл. Мөн сайжруулсан шахмал түлш нэгэнт үеэ өнгөрөөж, утаа дахин гамшгийн хэмжээнд дэгдэв. Яг одоо оны сүүлд иргэд бухимдал, стресс өндөртэй л байна. Он гараад жагсаал болох сурагтай. Эдгээр бүгд чухамдаа Улаанбаатар хотын асуудлуудаас шалтгаалж байгаа юм.
-ХОЁР, Холимог тогтолцооны үр дүнгийн 126 гишүүний алдаа оноотой эхлэл-
Үндсэн хуульд 2019, 2023 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд "амилсан".
- Багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг нийгмийн төлөөллүүд жагсаалтаар УИХ-д орж ирсэн
- Эмэгтэйчүүдийн квотыг өсгөснөөр түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент болсон.
- Бүсчилж томсгосон тойргоос ТАВАН намын төлөөлөл бүхий 126 гишүүн сонгогдсон. Жижиг намуудын УИХ-д суудалтай болох боломжийг хязгаарласаар ирснийг ямартай ч эвдсэн.
Чингэхлээр, тогтолцооны шинэтгэл хийх гэж оролдсон нь том алхам байв.
Түүхэндээ анх удаа төсөвтөө хориг тавиулж, хоёр хэлэлцэж, хугацаа алдаж туршлагагүйтэв. Туршлагагүй гэхээсээ илүү хариуцлага алдсан. Төсөв хэлэлцэх үеэр 30, 40-үүлээ гадаадад айлчилж, хууль батлах үндсэн үүргээ умартсан асуудал ч үүссэн билээ.
Нөгөө талаар бас Засгийн газрын мега төслүүдээ даруйхан явуулъя гэдэг давчуу шаардлага УИХ дээр хянагдаж, илүү нямбай болж буй нь одоогийн улс төрийн тогтолцооны нэг эерүү тал гэж харахаар. 126 гишүүнтэй болсноор популистуудын дуу хоолой сулдаж, жулдаж байгаа нь ч анзаарагдана.
-ГУРАВ. Л.Оюун-Эрдэнэ хэн байв, хамтарсан Засгийн газар байгуулсанаар хаана хүрэв-

Тооны эсрэг тоо. Парламентын 126 гишүүнтэй дүйцүүлж, Засгийн газраа тогтвортой ажиллуулахын тулд 16 яам, 23 сайдтайгаар эмхлэн байгуулсан. Энэ 23-таа намуудын буюу фракцуудын төлөөллүүдийг тэнцвэржүүлэн шингээсэн.
Л.Оюун-Эрдэнэ хэн байв. Ковидын үед “Таавчигтай эмэгтэйн дуулианаар ажлаа өгч, Засгийн газраа тараахдаа У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлсэн. Түүний сайн муу, гүргэр, шатдаг занг мэдэх учраас тэр. Айхтар том бүлэглэл фракцид хамаардаггүй ч улстөрийн элдэв тоглолт бүхэн дээр Л.Оюун-Эрдэнэ зэвүүн байж чаддаг. Авлигатай тэмцэх жил гэж зарлаад, 5Ш ажиллагаагаа хэрэгжүүлсэнээс нь харж болно. Намын ах нарыгаа, нам дамнасан бүлэглэлүүдийн цөмийн гүн рүү өмнө нь ингэж нэвтэрсэн хүн байсангүй. Ядаж зах зухаас нь ч атугай тасдаж, задлав.
Л.Оюун-Эрдэнэ хаана зогсов. Л.Гантөмөр, Т.Доржханд нартай гар барьж, хамтарсан Засгийн газраа байгуулсанаар нэр хүнд нь үлэмж уруудсан нь үнэн юм. Найман жил ажилгүй таваргасан Л.Гантөмөр, дөрвөн жил тараа таниулсан Т.Доржханд учраас тэр. Энэ парламентад МАН 68 буюу бусад нам эвслээс 10-аад суудлын л илүүтэй байдал тэдэнтэй гар барих шалтгаан болов. Ирэх дөрвөн жилийн тогтвортой байдал нэгдүгээр асуудал. Том зургаар нь харвал том төслүүд, авлигын эсрэг хийх тэмцэл, Баялгийн сангийн хэрэгжилт сэлтээ гацаахгүй явуулах агуулга.
-ДӨРӨВ, Цагаан захтнуудын хэрэг: Нүүрснийх унтаж, “Шувуу ажиллагаа” мартагдаж, “Цавчаа ногоон”-ых утгаа алдаж, Хөгжлийн банкных шувтарлаа-

Оны эхнээс нийгэмд дуулиан шуугиан тарьсан цагаан захтнуудын холбогдсон хэд хэдэн хэргүүд бий.
Нүүрсний хэрэг: 2024 он гаруут нүүрсчдийн хэрэг хоёр хэсэг зааглагдсан. Нэг хэсэг нь ял сонсож, нөгөө хэсэг нь мултарсан.
2024.01.31-нд УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, И.Даваадорж, Б.Отгонжаргал, П.Бадамханд, О.Дагвадорж, Б.Эрдэнэбаяр, Х.Батхишиг, Т.Түвшинбаатар, Г.Гантөмөр, О.Данзанлувсантүдэв нарын 11 хүн хорих ялаар шийтгүүлсэн.
Харин энэ дуулианы эхэнд нэрлэгдсэн ч хүмүүс ялгүй, сугарч үлдэгсэд бий. Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд болон УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, А.Анандбазар нар. Мөн УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэн.
Шувуу ажиллагаа: Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн ажиллагааны хүрээнд нийт 92 этгээдийг гаднаас авч ирэхээр зарласан. Жилийн дотор 84 этгээдийг баривчилсан. Хамгийн түрүүнд ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппин Улсын Сэбу хотоос 2023 оны дөрөвдүгээр сард сүр дуулиантайгаар авч ирсэн. Дараа нь "Эрүүл мэндийн шалтгаан"-тай хэмээн 461 дүгээр ангиас суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглоод орхисон. Шүүх хурал хэргийг нь "Төрийн нууц" хэмээн хаалттай болгосноор царцаад байна.
Харин Н.Удаанжаргал, Ч.Сайханбилэг “Шувуу” ажиллагаагаар гадаадаадс шүүрч дийлсэнгүй. Н.Удаанжаргалыг нүүрсний, Ч.Сайханбилигийг Дубайн гэрээний асуудалд буруутгаж буй билээ.
Хөгжлийн банк: Монголын анхны хамгийн олон холбогдогч, оролцогчтой, олон хоног үргэлжилсэн хэрэг. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шийдвэрийг танилцуулав.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэгийн 5 жилийн ялыг хэвээр үлдээж, ачуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмааг хэргүүдийг дахин хэлэлцүүлэхээр тогтсон. Харин Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр Б.Шинэбаатар, Н.Мөнхбат, Б.Найдалаа нарын гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлнэ.
Ногоон автобус: Ногоон автобусны гэх тодотголтой хэрэгт 24 хүн холбогдсон. 2024.12.16-нд шүүх хурал нь нийт 10 дахь удаагаа хойшилж, он дамнахаар болов. Өнгөрсөн хугацаанд эл хэрэгт буруутгагдаж байсан хүмүүс “буруугүй, хэлмэгдсэн” гэж мэдэгдэл хийцгээж ирсэн.
Хэрэг илчлэгдэж эхлэх үед Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар өөрийгөө хутгалж, Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдөж, Д.Сумъяабазар Хотын даргын суудлаасаа бууж, “Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг саатуулагдаж байлаа.
Нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Гэвч шүүхийн шатанд гацсан хэвээр нэг жил өнгөрлөө.
-ТАВ, Баялгийн сан: “Чайна Энержи”, “Орано майнинг”-тай гэрээлэхийн өмнөх ₮135 мянгын мессэж-

Бид саяхныг болтол Үндсэн хуульдаа "Газрын хэвлийн баялаг бүх ард түмний өмч мөн" гэдэг хоосон тунхагтай байв. Энэхүү заалт хэзээ биелж байгаагүй, зөрчигдсөөр ирсэн. Л.Оюун-Эрдэнийн манлайлал дор Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Ингэснээр Стратегийн ордуудын 34 хувь төрийн мэдэлд шууд шилжсэн. Стратегийн орд эзэмшигч хувийн хэвшлүүдийн, гадны иргэдийн, улс төрчдийн эрх ашиг томоор хөндөгдсөн. С.Баярын ч, Ц.Элбэгдоржийн ч, Сү.Батболдын ч үед хийгдээгүй, хийж чадаагүй том алхам.
Өдгөө өчнөөн жил гацсан “Орано майнинг”, “Чайна Энержи”-тэй зэрэг дийл хийх нь Монголын амбиц.
БНХАУ-ын "Чайна энержи" компанитай байгуулах "Гашуунсухайт-Ганцмод" боомтын төсөл: Бүхэл бүтэн 53 удаагийн уулзалт, хэлэлцээ хийсэн гээд бодоцгооё. БНХАУ-ын Төрийн өмчит компани улс төрийн үзэл суртал, олон Засгийн газрын нүүр, төрийн залгамж халаагүй шийдвэр, монголчуудын туйлбаргүй байдал зэргээр залхсан гэж хэлж болно. Иймд, энэ удаад “Чайна Энержи”-гийн итгэлийг олох хүндхэн сорилт тулгараад буй. Тус компани монголд хоёр улсын төмөр замын хил холболтыг хийх терминал барьж, нүүрсийг чинь олборлож өгье гэдэг хоёр л саналыг голчилсон. УИХ-аар мөн л гэрээг нь хэлэлцэнэ. Нүүрсний зах зээлийн хамгийн том хэрэглэгчийнх нь хувьд Хятадтай улс төрийн үзэл суртал шингээлгүй, цэвэр бизнесийн зарчмаар хандах нь зүйтэй гэдэг санал ч олон талаас цухалзаж буй.
Францын "Орано майнинг" компанитай байгуулах ураны төсөл: Монгол Улс уранаа хөдөлгөе гэж олон арван жил ярьснаа ажил хэрэг болгож, энэ онд эцэслэн шийдэх нь. Оюутолгой гэрээний алдааг давтахгүй гэж хэдэн талаас нь “мөлжсөн”. Гэрээнд уран олборлохдоо ашиг малтмал ашигласны суурь 5 хувь, тусгай 5 хувь, өсөн нэмэгдэх 5 хувь буюу 15 хувь дээрээ зах зээл дээрх ураны үнийн өсөлтөөс хамаарсан хувь нэмэгдвэл багадаа 19 хувь хүртэлх АМНАТ авна. Одоогийн зах зээлийн ханшийн өсөлтөөр цаашид үнэ өснө гэдэг зарчмаар харвал, Орано 2028 оноос олборлолт хийж эхэлнэ гэвэл 15-16 хувийн АМНАТ манай улсад төлөх зураглал бий. Жилдээ ойролцоогоор 50 орчим сая ам.долларын татвар төлөөд явна гэсэн үг.
Ямартай ч нэг жилд хоёр том мега төсөл үзэглэсэн үйл явдлын гэрч болох амбиц УИХ, Засгийн газарт бий.
-ЗУРГАА, Нарансэвстэйн боомт хамтарсан Засгийн газрыг "гутаав"

Хамтарсан Засгийн газарт АН, ХҮН орсон нь эхнээсээ л шүүмжлэл дагуулсан. Одоохондоо тэд нэг цонхоор асуудлыг харж байгаа юм шиг ойлгогдож байна. Гэхдээ, Нарансэвстэйн боомт нээх тухайд үнэндээ тодорхойгүй байдал үүсчхээд удаж байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гэж яривал “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Боомтын сэргэлт” зэрэг баримт бичигтээ огтхон ч Нарансэвстэйг дурдаж байсангүй. БОУАӨ-ийн сайд асан Б.Бат-Эрдэнэ уг асуудлыг бүрэн эрхийн хугацаандаа хоёр ч удаа буцааж байсан гэж мэдэгдсэн.
Гэтэл Ардчилсан нам Засгийн газарт хамтардаг болтол сая наймдугаар сард, үйл ажиллагааны хөтөлбөрт “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээх” гэсэн ганцхан заалт “тооно”-оор орж ирээд тусчихсан юм.
Одоо хөшигний ар дахь мэдээллүүдийг цуглуулахад ерөөс байр сууриа нэгтгэж чадахгүй байгаа ганц сэдэв энэ болж хувирчээ.
Угтаа Нарансэвстэйн боомтыг нээх нь Засгийн газар, цаашлаад Ерөнхийлөгчийн институцийн нэр хүндэд бүрэн халдах эрсдэлтэй юм. Улс төрийн үүднээс нэр хүнд хэмээн бичиж байгаа ч, бодит байдал дээр энэ Монгол Улсын үүрэг хариуцлагын асуудал.
Говийн их Дархан цаазат газрын А хэсгийн урд хилд Нарансэвстэйн боомт бий. Өөрөөр хэлбэл дархан цаазат газар боомт нээх асуудал хөндөгдөж байна. Боомт нээвэл зам тавина. Тэгэхээр наанадаж Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчинө.
Цаанадаж олон улсын хэмжээний гэрээ конвенцуудыг хэд хэдээр нь зөрчих юм. 1975 оноос хойш 49 жил хамгаалж байгаа Говийн их Дархан цаазат газар нь ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд хамрагдсан. Дэлхийд нэн ховор мазаалай, хавтгайн цор ганц үлдэц нутаг. Төв азийн цөлийн экосистемийг илэрхийлж чадах цор ганц үлгэр загвар нь. 49 жил хамгаалсан учраас ийм онгон дагшин төрхөө өнөө хэр хадгалж байгаа. Тийм ч учраас нэн эмзэг. Хэрэв энэ нутагт боомт нээж, зам тавьж, хүн техникийн хөдөлгөөн ихэсвэл экосистем сүйрэхээс гадна мазаалай, хавтгайд эрсдэл учирна гэдгийг эрдэмтэд нэгэн дуугаар хэлж байна.
Говь-Алтай аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатарын ярьж буйгаар, хилийн өргөст тор дагуу зам тавих учир дархан цаазат газар, тэр дундаа мазаалайн тархац нутгийг хөндөхгүй гэх. Атал сансрын хүзүүвчний мэдээллээр, мазаалай БНХАУ руу баруунш нэвтэрч, генийн солилцоо хийдэг нь тогтоогдсон. Хэрэв тэгж зам тавибал энэ нь мазаалайн нүүдлийн жимийг тэхий дундуур таслахаар байна.
Яг дэргэд нь одоо ажилладаг Бургастайн боомт байхад, түүний үйл ажиллагааг сайжруулахад л баруун аймгуудын хөгжлийг дэмжинэ гэх гол бодлого хэрэгжих боломжтой. Атал яагаад заавал, ийм олон эрсдэлт хүчин зүйлүүдийг сөрөөд Нарансэвстэйн боомтыг нээх гээд байгаа нь анхаарал татсаар байна.
Үүний цаана Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа өдгөө УИХ-ын гишүүн болсон О.Амгаланбаатарын ашиг сонирхол бий гэж харагдаж байна. Тэр өөрөө Бургастайн боомтод гаалийн байцаагч хийж явсан. Говь-Алтай аймгийг удирдахдаа 2016 онд тус боомтыг эрчимжүүлнэ гэж хүртэл ярьж байлаа. Гэвч гэнэтхэн л Нарансэвстэйн асуудлыг хөндөх болсон. Үүний цаана, түүнийг БНХАУ-ын Ганьсу мужаас мөнгө авсан уу гэж хардах үндэслэл бүрддэг.
Учир нь, Ганьсу муж Нарансэвстэйн боомт руу чиглүүлж хар замаа тавиад эхэлчихсэн, бараг дуусаж байгаа. Энэ тал дээр Засгийн газар ямар ч димпломат яриа хэлэлцээр хийгээгүй, мэдээ ч үгүй.
Түүнчлэн, Нарансэвстэйн боомтоос дотогш хэдхэн километрт Талын мэлтсийн алтны орд бий. Нэг зах нь л гэхэд Оюу толгой болж үргэлжилдэг энэ орд үеийн үед эрх баригчдын анхаарлыг татаж ирсэн. М.Энхсайхан, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед тус тус Талын мэлтсийн орд газрыг тусгай хамгаалалтаас гаргах асуудал тавигдан буцаагдаж байлаа.
О.Амгаланбаатар одоо 1975 оноос хойш 6.4 сая га газар нутгийг онгон дагшин хэвээр нь хадгалах гэж өдөр шөнөгүй зүтгэж яваа байгаль хамгаалагчдыг “Өөрсдөө алт ухдаг” хэмээн гүтгэж, “Мазаалай, мазаалай л гээд байх юм. Ер нь мазаалай харсан хүн байна уу?” гэж даапаалахдаа тулаад байгаа.
Түүнийг Говь-Алтай аймгаас сонгогдсон ахмад гишүүн, бүр эрдэмтдийн эрдэмтэн хийж явсан Д.Рэгдэл дэмжсэн нь нэн харамсалтай үйл явдал боллоо.
АН-аас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж О.Амгаланбаатарын талд байна. Бусдаар тэд Засгийн газар, УИХ-ын дэмжлэгийг авч чадах эсэх нь тодорхойгүй. Гэхдээ л энэ үйл явдал одоо Засгийн газрын асуудал болчхоод байна. Мазаалайг үндэсний бахархалт амьтан болгон зарлаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэн цөлжилтийг бууруулна гэж олон улсын өмнө ам өчгөө өгсөн Ерөнхийлөгчийн институт ч үүнд тодорхой байр суурь илэрхийлэх шаардлагатай байна.
-ДОЛОО, Ерөнхийлөгч гадаад бодлогоос гадна дотоод улс төрөө анхаарч, хөлөө маш сайн бэлдэв-

Гадаад бодлого: Гадаад бодлого дээр У.Хүрэлсүх, Б.Батцэцэг нарын хамтрал сайн давхилаа. Цар тахлаас эхлээд Орос-Украины дайны эвгүй үеүдэд ажиллаж таарцгаав. Ажиллахдаа гал алдаагүй нь үнэн. Дээр нь тэр Ерөнхийлөгчийн хүн. Ерөнхийлөгч өөрөө гадаад бодлогын гол тоглогч болдог статус. Иймд энэ чиглэлд Б.Батцэцэгтэй үргэлжлүүлэн, тогтвортой ажиллах хүсэлтээр хоёр Засгийн газар дамнуулан авч үлдэв.
Ерөнхийлөгчийн айлчлалаар Францын “Орано майнинг”-ийн гэрээний урьтал хэлэлцээр, ойлголцлууд хийгдсэн. Цаашид ч геополитикийн шинэ сорилтууд ирж байна.
Энэ жилийн хувьд Беларусийн ерөнхийлөгч А.Лукашенко, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар манай улсад айлчилж, томоохон үйл явдал болсон. Гадаад бодлогын хувьд бид алдаа гаргаагүй. Харин Орос, Украины асуудлаас үүдэж гадаад орчинд таатай хүлээж аваагүй ч ОУЭШ-д хариу тайлбар урьдчилан хүргүүлэх зэргээр ГХЯ хариуцлагатай ажиллаж чадсан.
Мөн хуучин социалист орнуудтай үргэлжлүүлэн харилцах, харилцаагаа нэг шат дээшлүүлэх бодлого энэ жил амжилттай хэрэгжиж, Лаос, Вьетнам, Филиппин зэрэг улсуудын тэргүүд манай улсад айлчлаад буцав.
Мэдээж Казахстан, Словени, Швейцарь гээд чөлөөт эдийн засгийн зарчмаар замнаж буй улсууд ч ирлээ. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ч айлчилсан. Гадаад бодлогын хувьд хийгүй, буруу хазгай гишгээгүй, гадаад орчинд ч түүнийгээ ойлгуулж, бага багаар шат ахин нөлөөллөө бататгаж байгаа шинжтэй он өнгөрлөө.
Дотоод улс төр: Ерөнхийлөгч гадаад бодлогоо тасралтгүй тэлэнгээ дотоод улс төрөө ч анхаарч амжив. Тэрбээр "виз"-ээ 2027 онд сунгах амбицтай. Энэ утгаараа 2024 оны УИХ-ын сонгуульд өөрийн хүмүүсээ олноор нь нэр дэвшүүлсэн. Өөрийн төрсөн дүү, ажлын албанд ажиллагсдаа сонгуулиудад тасралтгүй урагшаа зүтгүүлсээр хүссэн суудлуудаа авлаа. 2027 он хүртэл хаанчлах, "виз"-ээ үргэлжлүүлэн сунгуулах хөлөө асар сайн бэлдсэн гэж ч харагдав.
Сэдвийг мэдэрч "попордог" нь ч хэвээрээ. 2025 оны улсын төсөвт хориг тавьж, утааны асуудлаар сайд нарыг дуудан "загнаж" байгаа зэрэг нь тэр өөрийн оршихуй орон зайг ард түмэнд үргэлж сануулсаар байхыг эрмэлзэж байна.
Хэдийгээр УИХ-ын сонгууль зэрэг шилжилтийн шинжтэй үйл явдал бүрд тэр хийгүй сайхан төрийн тэргүүний дүрийг үүтгэж үлдсэн ч цаанаа Л.Оюун-Эрдэнийг ажаастай. "Та нар тэгэхгүй шүү" гэж утас цохиход үргэлжийн бэлэн, тийм л Ерөнхийлөгч хэвээр ажээ. Түүний хуулийн байгууллага дахь нөлөөллийг ч өндөр гэж хөшигний ард ярьсаар байна. Иймд ирэх 2025 онд тэр дотоодын улс төрөө илүү эрчимжүүлэх вий.
-НАЙМ, Д.Амарбаясгалан дээшээ, Ц.Даваасүрэн дундаа, С.Амарсайхан байрандаа-

Өнгөрч буй 2024 онд муу арга бүхнээр дээшээ цойлсон хэд хэдэн дүрүүд бий.
МАН бол генсек нь сайд нараасаа том эрх мэдэлтэй байдаг онцлог газар. Тэр ч утгаараа Д.Амарбаясгалан сүүлийн жилүүдэд томилгоонд хамгийн өндөр нөлөөтэй байж, бүхий л салбарт хөлөө бэхжүүлэх ажлыг ч амжуулсан. АН-ын хурган генсекүүд хэдэнтээ солигдоход Д.Амарбаясгалан улиран сонгогдсоор ирсэн. Тэр УИХ-ын хоёр удаагийн сонгуулийг супер удирдаж, сайн муу бүхэнд тархи нь хурдтай гүйдэг менежер гэдгээ ч намынхандаа нотолчихсон. 2024 оны УИХ-ын соншуулиар өөрөө нэр дэвшиж, зогсолтгүй дээшлэх амбицаа ч ил харуулав.
16 жил элдэв арга сүвэгчилж парламентад сууж эрх баригч намд хоёр ч удаа элсэж удирдах зөвлөлд нь багтсан Ц.Даваасүрэнг МАН сонгуулиар сольж чадаагүй. “Шанаажист” байдлаар намдаа шигддэг арга барилтай. Аймагтаа баяслагны үйлдвэрийн 20 тэрбумын төсөв зулгаасан түүнийг Төсвийн байнгын хорооны суудлаас буулгах яриа залуу гишүүдээс цухалзсан. Гэвч чаддагүй. Яаж ийгээд суудалд үлдчихдэг.
МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн дэмээр Б.Амарсайхан яваад яваад Шадар сайдын суудалдаа л тогтож үлдэв. Нийслэлийн удирдах байгууллагаас шууд гишүүн болсон аж ахуйн ажил л зохицуулах чадвартай С.Амарсайханыг Д.Амарбаясгалан дэмжиж, Шадар сайдын суудалд хүргэсэн. Энэ хоёрын хамтран одоо ч үргэлжилж буй. Бүр өөрсдөдөө ашигтай байлгах үүднээс НИТХ-ын сонгуулиар Х.Баттулгатай гар барьсан гэх шуум бий. Ямартай ч эрх мэдлийнхээ хүрээнд ОБЕГ-ын дарга нарыг өөрийн хүмүүсээр солиод буй С.Амарсайханыг саяхан өрнөсөн Засгийн газрыг буулгах хөөсний цаана Ерөнхий сайдын суудлыг санаархаж байсан гэх таамаглал гараад байна.
-ЕС, Г.Занданшатарын улстөрийн карьерыг 2025 оны нөхөн сонгуулиар үргэлжлүүлэх төлөвлөгөө-

болон улс төр дэх хөшигний ар дахь үйл явцуудыг 2025 он руу шидэж тайлбарлах. Магадгүй Д.Цогтбаатар болон нөхөн сонгууль бичигдэнэ. Ерөнхийлөгчийн институтийг тойрсон тайлбарламж бүхий агуулгууд
2024 оны УИХ-ын сонгуулиар өвдөг шороодож, хууль засаглах өндөрлөгөөс унасан хүн бол Г.Занданшатар. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэргэдээ авч, гал тогоогоо бариулах болсон. Төрийн хамгаалалттай ЕТГ-ын дарга болчихсон суугаа юм. Нэг их гэнэн ч юм шиг төрхтэй эл хүн 2016 оноос хойш улстөрийн нүүдлийг хамгийн сайн өрж, У.Хүрэлсүхийн дэмжлэгээр ЗГХЭГ-ын дарга, Х.Баттулгын нөлөөгөөр УИХ-ын даргын суудалд хоёр ч удаа суугаад буув. Нэг харахад, МАН-ын том лидер ч юм шиг, нөгөө талд Х.Баттулгын утсан хүүхэлдэй ч юм шиг.
Ирэх 2025 онд түүний урд улстөрийнх нь зам шинээр зурайх магадлалтай. Учир нь, Хөгжлийн банкны хэргийг УДШ дэнсэлснээр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татагдах нөхцөл бүрдээд байна. Ирэх онд нөхөн сонгууль гарцаагүй явагдах нөхцөл үүсэв. Энд гарах цонхоор л Г.Занданшатар орж ирэх магадлал өндөртэй.
-АРАВ, Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарын эрчим хүчний реформ лаатай нийслэлчүүдээр эхлэв-

Эрчим хүчний салбарын суурилагдсан чадлыг 200 МВт-аар нэмсэн ч, нэмэр болсонгүй. “Бодь групп”-т найдаж байсан ч, өнөөх нь одоогоор ашиг тусаа өгөөгүй байна. Эрчим хүчний сайд, Эрчим хүчний үндэсний хорооны дарга хоёр нийслэлчүүдийг лаатай нөхөрлүүлэх болов. Ээлж дараалан цахилгаанаа таслуулна. Хэзээ таслуулахаа мэдэхгүй бухимдана.
2015 онд “Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлого” батлан, 2030 он хүртэл эрчим хүчнийхээ дотоод хэрэгцээг бүрэн хангаж, цаашлаад эрчим хүчээ экспортлох зорилт тавьсан. 2030 он болоход тавхан жил үлдлээ. Тоггүй, лаатай сууж байгаа нь бидний бодит царай.
Хоржоонтой нь, Т.Доржханд лааны гэрэлд цахилгаан экспортлох тухай яриад зогсож байгаа юм. Бид дэлхийг байтугай өөрсдийрөө яая гэж байгаа тухай мэдрэмж Шадар сайдад алга.
Ирэх онд эрчим хүчний салбарыг мега төслүүдээ хөдөлгөх амбиц, зориг юу юунаас чухал болчхоод байна.
Сэтгүүлч: М.ТЭНГИС, П.УРНАА, О.СОЁЛМАА
Зургийн эвлүүлгийг: Б.ЭРДЭНЭБАЯР















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Суммъяа сайн ажилласан ч гэх шиг. Хот дампуурч, хогондоо баригдаж, бүх юм задгай болсон доо.
НЯМБААТАР ШИГ ХОТЫН ДАРГА ДАХИАД ОЛДОХОД МАШ ХЭЦҮҮ. НЭРЭЭ ХИЧЭЭГЭЭД ХУДЛАА САЙН ХҮН БОЛЦГООГООД АРААР НЬ МУУ МУУХАЙ ЮМ ХИЙДЭГ БУСАД ХҮМҮҮСТЭЙ АДИЛГҮЙ.
Ерэн оны ардчилсан хувьсгалаас хойш ардын намынхан 30-аад жил хотыг удирдсан! Байгаа байдал нь дэлхийн хамгийн бохир заваан нийслэл болсон! Хулгайч авлигчин луйварчид УБ хотыг зөв удирдаж хөгжүүлэх биш, бузарлаж бөөлжис цутгам сэжгийн болгосон доо!
Нямбаатарыг үлдээ
Төрийн хүний төлөв зан ааш төлөвшүүлээ Нямбаа
Нуснууд
МУНДАГ ДАА, НЯМБААТАР
ОДОО ТЭГЭЭД МАШИНЫ ТАТВАРАА НЭМЭЭД МАШ ИХ МӨНГӨ ЭНГИЙН ИРГЭДЭЭС АВААД БАЯРХАЖ ЯВАА БИЗ ДЭЭ 800К БЭЛЭГ СЭЛТ ӨГӨӨД ЯВААД СУРАГТАЙ. ДАХИАД СОЛИОРОХ ЮМ ҮҮНИЙГ ГААГЫН ШҮҮХЭД ИРГЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ НОВШ
ҮХСЭН ЯАСАН ГЭЖ ГААГА МААГА БОЛООД ЯВЧИХАВ, ЭРХ АШИГ НЬ ХӨНДӨГДӨЖ БАЙЖ ЯДСАН АМЬТАД ОЛОН БИЙ, БҮҮ ШАНТАР НЯМБААТАР. ШАНТРАХГҮЙ БАЙВАЛ УЛААНБААТАРЧУУДАД Л ТУСТАЙ.
Хөөрхөн
САНАЛ АСУУЛГА ЯВУУЛЛАА ГЭХЭД, НЯМБААТАР Л ТОДРООД ИРНЭ. ИЙМ ИХ ЮМ ХИЙСЭН ХҮНИЙГ УЛААНБААТАРЧУУД ХЭЗЭЭ Ч ӨМӨӨРНӨ. ХАРИН БИТГИЙ БИЕЭ ТООГООРОЙ.
Сайн юмыг нь сайн мууг нь муу гээд хэлээд явах нь зөв. Заавл хав харанхуй орчлонд амьдрах гэж оролдоод бүх юмыг муулдаг тэгвэл л шудрага гэж харагдана гэдэг бол маш буруу, эргээд бараан стрeсстэй нийгмийг бүтээлцэж байгаа хэрэг юм
Нямбаа авилга хорооллыг яаж ч чадахгүй бгаа нь өрөвдөлтэй
эдэн дундаас хийсэн зүйл эхлүүлсэн ажил ирээдүйд хийх зүйл нь тодорхой ганц хүн нь нохойд барьдаг мод хочтой Нямбаатар л байна. Сүүлийн үед биеэ тоох гээд байна уу даа гэсэн хардлага төрмөр аядаад л байгаа. Анхаараарай....
Хотын төсвийн гүйцэтгэлд Номтой баяраар аудит хийлгье