Тойм, анализ

Өрнөл & Анализ #1 | Улс төр, нийгмийн орчинд юу болов, үүнийг шинжлэх нь

Ард үлдсэн долоо хоногийн хугацаанд Монголд ямар үйл явдлууд олон нийтийн дунд хэлэлцүүлэг болж өрнөв. Бид эдгээр болж буй үйл явдлуудыг хэрхэн харж, бас энэ бүгдээс юуг ойлгож авч үлдэх нь зөв бэ гэдгийг ТОЙМ & АНАЛИЗ байдлаар хүргэж байна.

Редакцын бус бичвэр

#01

1. Улс төрийн гол ӨРНӨЛ: Зарим нэг УИХ-ын гишүүдэд халтай хуулийн төсөл

Өрнөл, төлөв: 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл парламентын босгыг давж, хэлэлцэх эсэхийг нь 57 гишүүн дэмжлээ. Хуулийн төсөлд парламентын гишүүдийг ёс зүйн асуудлаар болон жагсаалтын гишүүдийг намын шийдвэрээр эгүүлэн татах заалт орсон нь улс төрчдийг хоёр талд хуваагаад байна.

Мөн ёс зүй, жагсаалтын гишүүдээс гадна УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд оролцоогүй, мөн ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцоогүй бол эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхээр тусгасан нь одоогийн 34 гишүүдийг эгүүлэн татах асуудлыг босгор эрсдэл дагуулжээ. Энэ нь хууль тогтоогчдод ирцээр дамжуулан улс төрийн шахалт үзүүлэх "нууц зэвсэг" болж магадгүй гэж зарим судлаачид сэрэмжлүүлж байна. 

Пүрэв гарагийн (2026.04.16) УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 101 гишүүн оролцож, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнээр энэ долоо хоногт (2026.04.23-24) анхны хэлэлцүүлэг хийхээр болов. (Parliament.mn

Шинжлэх нь:  Магадгүй энэ үйл явдал "парламентын түүхэн дэх гунигтай өдөр" болж магадгүй. Учир нь, өнөөгийн улс төрийн өрнөл, фракцуудын хүчний тэнцвэрийн нөхцөл байдлаас үзэхэд, хэрэв хууль батлагдвал гишүүдийг ёс зүйгээр шалтаглан буцаан татдаг эрх мэдлийн төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэл эхлэх эрсдэлтэй. Жинхэнэ “УИХ-ын гишүүдийг АГНАХ ёс зүйтэй, зүйгүй “ангийн улирал” эхэлнэ. Үүний зэрэгцээ, одоогийн ирцийн мэдээллээс харахад 34 гишүүн шууд эгүүлэн татагдах "болзол" хангаад байгаа нь уг хууль хяналт тогтоох хэрэгсэл болох вий гэх болгоомжлолыг өөрийн эрхгүй төрүүлж байна.  Гэвч нөгөө талаас Академич С.Нарангэрэлийн тэмдэглэснээр, УИХ нь ёс зүйгүй гишүүнээ "дархлан хамгаалагч" биш, харин ард түмний төлөөлөх эрхийг хамгаалагч байх ёстой гэж буй нь нэг талаас УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцдог оновчтой механизм байх ёстой гэх САНААГ тэтгэж, дэмжиж буй.

Гэхдээ л одоогийн улс төрийн нөхцөлд, мөн яг дээрх хувилбараар гишүүдийг ЭГҮҮЛЭН ТАТАХ энэ “механизм” ажиллаж эхэлбэл яалт ч үгүй засаглалын хяналт тэнцвэрийг алдагдуулах аюултайг анхаарах хэрэгтэй.

Онолын хувьд, угаасаа л УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал нь ардчилсан засаглалын онол болон практикийн хувьд хамгийн их маргаан дагуулдаг сэдвүүдийн нэг. Энэ нь нэг талаас "ард түмний хяналт", нөгөө талаас "засаглалын тогтвортой байдал" гэсэн хоёр зарчмын зааг дээр оршдог эмзэг асуудал. 

Олон улсад, 

Ерөнхийлөгчийн засаглалтай улсад "Эгүүлэн татах" (Recall) механизм нь ихэвчлэн орон нутгийн түвшинд (Мужийн захирагч, хотын дарга) түгээмэл байдаг бол холбооны түвшинд (Конгрессын гишүүн) бараг ашиглагддаггүй.

● Импичмент (Impeachment) vs. Эгүүлэн татах:Ерөнхийлөгчийн засаглалд "Импичмент" буюу гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол албан тушаалаас нь “зайлуулах” хууль эрх зүйн процесс голлодог.

● Онол: Гүйцэтгэх засаглал (Ерөнхийлөгч) болон Хууль тогтоох засаглал (Парламент) нь бие биенээсээ хараат бус, сонгуулийн тусдаа мандаттай тул нэг тал нь нөгөө талынхаа гишүүнийг шууд "татах" нь засаглалын хяналт-тэнцвэрийг (Checks and Balances) нураах эрсдэлтэй тул тийм практик бараг байхгүй гэж үздэг.

Харин парламентын засаглалд (Жишээ нь: Их Британи) хууль тогтоогчдод хариуцлага тооцох механизм нь илүү нарийн, заримдаа илүү хатуу байдаг.

● Их Британийн жишээ: 2015 онд "Recall of MPs Act" батлагдсан. Гэхдээ энд нэг чухал ялгаа бий: Сонгогчид шууд "дуртай үедээ" эгүүлэн татдаггүй. Эхлээд тухайн гишүүн гэмт хэрэгт холбогдсон, эсвэл ёс зүйн ноцтой зөрчил гаргасныг Парламентын хороо тогтоож, дараа нь тойргийн сонгогчдын 10-аас доошгүй хувь нь гарын үсэг зурснаар "дахин сонгууль" явуулдаг.

● Намын жагсаалт ба Намын хариуцлага: Жагсаалтаар сонгогдсон гишүүдийг "намын шийдвэрээр" татах нь Германы загварт зарим талаар байдаг ч энэ нь гишүүнийг намын удирдлагын "хүүхэлдэй" болгох аюултай тул ихэнх улсад гишүүн намаасаа гарсан ч мандатаа хадгалах "чөлөөт мандат"-ын зарчмыг баримталдаг.

Чөлөөт мандатын зарчим (The Free Mandate): Энэхүү зарчмын гол агуулга нь "Парламентын гишүүн бол нийт ард түмний төлөөлөгч болохоос биш, зөвхөн өөрийг нь нэр дэвшүүлсэн нам эсвэл тойргийнх биш" гэдэгт оршдог. Өөрөөр хэлбэл, энэ зарчмаар бол хэрэв УИХ-ын гишүүн намынхаа бодлогын эсрэг санал өгвөл нам нь түүнийг "урвасан" гэж үзэж мандатыг нь хурааж авах эрхгүй л гэсэн үг. Эсрэгээрээ эгүүлэн татах эрх ийм эрх намд байвал парламент нь 126 бие даасан хувь хүний цуглуулга биш, ердөө 5-6 намын даргын "товчлуур дарагчдын" цуглуулга болон хувирна. 

Манай нөхцөл байдалд гарц, гаргалгаа: Эрсдэл ба Оновчтой шийдэл

Манайх шиг парламентын засаглалтай, дээр нь Ерөнхийлөгч нь ард түмнээс шууд сонгогддог (хагас ерөнхийлөгчийн шинжтэй) улсад УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах механизм дараах эрсдэлийг дагуулна:

А. Засаглалын хяналт-тэнцвэр алдагдах: Хэрэв Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиар Парламентын гишүүдийг "ирц" эсвэл "ёс зүй" гэх мэт субъектив шалтгаанаар эгүүлэн татах эрх нээгдвэл, Гүйцэтгэх засаглал эсвэл Ерөнхийлөгчийн институци Парламентыг "барьцаалах" хэрэгсэлтэй болно. Энэ нь Парламентын бие даасан байдлыг ҮНЭХЭЭР сулруулна.

Б. "Улс төрчдийг АГНАХ улирал": Одоогийн хуулийн төсөлд тусгагдсан заалтаар ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ болзол хангаж буй 34 гишүүн байгаа нь өөрөө энэ хууль "эрүүлжүүлэх" биш, харин "цэвэрлэгээ" хийх улс төрийн зэвсэг болох магадлал өндөр байгааг илтгэж байна. Олон улсад ирц болон саналын оролцоог "эгүүлэн татах" үндэслэл гэхээсээ илүү "цалин хасах" эсвэл "дараагийн сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарлах" хөшүүрэг болгон ашигладаг.

Шинжлэх нь: Тэгэхээр ямар ч байсан дээрх хуулийн төсөлд тусгагдсан ёс зүйн асуудлаар, эсвэл шууд намын жагсаалтын гишүүдийг нам доторх хэлэлцүүлгээр эгүүлэн татах нь ЭРСДЭЛ бөгөөд нийтлэг биш практик. Иймд УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудал БАЙХ ЁСТОЙ гэвэл ЁСТОЙ, харин яг одоогийн хуулийн төслийн үзэл санаа, зарчмаар биш. ЁС ЗҮЙ биш тодорхой ГЭМТ ХЭРЭГ байвал болно, ИРЦ-ээр нь эгүүлэн татах биш торгох … зэрэг ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА  хүлээлгэх байдлаар байх зэрэг практик байх ёстой.

Оновчтой хувилбар юу байж болох вэ?

Парламентын засаглалтай, шилжилтийн шатанд байгаа Монгол шиг улсад дараах хосолмол хувилбар хамгийн оновчтой байх магадлалтай:

1. Ёс зүйн хариуцлагыг ЭГҮҮЛЭН ТАТАХ БУС, өөр санкцтай байлгах, харин ГЭМТ ХЭРГИЙГ "Шүүх-Парламент" хосолсон хэлбэрээр шийдэх: 

Зөвхөн намын шийдвэрээр биш, Хараат бус ёс зүйн хороо зөрчлийг тогтоож санк оногдуулах, гэмт хэргийн тухайд мөн энэ хэлбэрээр хэлэлцэж шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа эгүүлэн татах асуудлыг ярих, хэлэлцэх.

2. Сонгогчдын шууд оролцоо: 

Гишүүнийг татах эсэхийг дээд шатны албан тушаалтан биш, зөвхөн тухайн тойргийн сонгогчид нь (тодорхой квот бүхий гарын үсэг цуглуулснаар) ХЭЛЭЛЦДЭГ, шийддэг байх. (Гарын үсгийн тоон босгыг өндөр тавих, өөр институт оролцоогүй байх зэрэг)

3. Ирцийн асуудлыг санхүүгийн хөшүүргээр шийдэх:

Ирц бүрдүүлээгүй гишүүнийг шууд татах нь төрийн зардлыг нэмэгдүүлж (дахин сонгууль), засаглалыг тогтворгүй болгодог тул үүнийг ёс зүйн өндөр хариуцлага, нэр хүндийн зэрэглэл, санхүүгийн шийтгэлтэй уях нь илүү практик ач холбогдолтой. Харин үүнийг нэлээн өндөр тавих хэрэгтэй.

УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцдог байх нь зөв боловч, уг механизм нь улс төрийн "шахалт" үзүүлэх боломжийг олгож байгаа бол энэ нь ардчиллыг бэхжүүлэх биш, харин нэг хүний эсвэл нэг институцийн засаглал руу хөтлөх шударга бусын хонгилын хойд дүр "ХАР НҮХ" болж мэдэх юм.

Олон улсын практикт (Герман, Франц, Канад гэх мэт) "Мандат бол намын өмч биш, харин сонгогчдын итгэл"гэж үздэг. Яг энэ агуулгаараа, гишүүнийг эгүүлэн татах асуудал нь намын даргын үзэмжээр бус, зөвхөн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, эсвэл сонгогчдын дийлэнх олонх нь гарын үсэг зурсан маш хүнд нөхцөлд л хэрэгжих ёстой "цөмийн зэвсэг" мэт хамгийн сүүлчийн арга хэмжээ байх ёстой юм.

Эгүүлэн татах тухай зохицуулалт ойлгомжтой, тодорхой байх ёстой юу ёстой, гэвч яг одоо арга, хэлбэр нь биш байна.

(#02) 

Төрийн тэргүүний ЛЕГАСИ, АМБИЦ: Гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, дэмжлэгээр эрдэмтэн, судлаачдын баг түүхийн олон баримтад үндэслэн Монгол Улсыг олон улсад уугуул нэрээр нь нэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. “Монгол хэмээх нэрийн судалгаа” номд 1700 оноос хойшх газрын зургууд болон өрнө, дорнын архивын баримтуудыг ашиглан энэхүү үндэслэлийг гаргасан байна. Энэ нь БНТУ өөрийн англи нэршлээ "Türkiye" болгон өөрчилсөнтэй ижил түвшний үндэсний ижилсэл, тусгаар тогтнолын ач холбогдолтой алхам юм. Судлаачид "ia" дагавар нь тухайн газар орныг колоничлолын нүдээр харах хандлагыг агуулдаг гэж үзэж байгаа бөгөөд "Mongol" нэршил нь түүхэн бие даасан байдлыг илүү тодотгоно гэж үзэж байгаа аж. (President.mn

Шинжилгээ: Улс орны нэрийг уугуул дуудлагаар нь дэлхийд таниулах нь зөвхөн хэл шинжлэлийн асуудал биш, гео-политик болон соёлын зөөлөн хүчний бодлогын хэсэг байдаг практик бий. Олон улсын байгууллагууд болон дипломат харилцаанд "Mongol" гэж хэвшүүлэх нь түүхэн үнэнийг сэргээх боловч практик түвшинд бүх бичиг баримт, газрын зургийг шинэчлэх ихээхэн ажил удах болно, ундрах болно. Энэ нь монголчуудын хувьд үндэсний бахархлаа сэргээх үнэхээр ЧУХАЛ ДОХИО болж чадах уу гэдэг нь бодох асуудал бөгөөд НЭР ӨӨРЧЛӨХИЙН ЗЭРЭГЦЭЭ олон улсын түвшинд "Soft Power" буюу Монгол хэл, соёлын дархлаагаа бэхжүүлэх цогц, бүрэн СТРАТЕГИ хэрэгжүүлэх ёстой. Ингэж гэмээнэ зөвхөн өөрчлөлтийн асуудал биш цогцоор МОНГОЛ СЭРГЭЛТ байх болно.

Олон улсын түүх, туршлагаас үзэхэд, сүүлийн 35 гаруй жилд 20 гаруй улс орон албан ёсны нэрээ (НҮБ-д бүртгэлтэй нэр) хэл шинжлэлийн хувьд өөрчилсөн байна. Гэхдээ үүний дийлэнх нь Зөвлөлт Холбоот Улс болон Югослав задарснаар олон улс шинээр төрөн гарч, уугуул нэрээ сэргээх давалгаа эхэлсэнтэй холбоотой.

Хуучин нэр (English) Шинэ нэр
(Official)
Гол шалтгаан
2022 TurkeyTürkiyeҮндэсний ижилсэл, англи
хэлний "цацагт хяруул" гэх
утга салах
2019 MacedoniaNorth MacedoniaЕХ болон НАТО-д элсэх саадыг арилгах (Гректэй зөвшилцсөн).
2018 SwazilandEswatiniКолоничлолын нэрийг халж,
Свази хэл дээрх уугуул нэрээ
авах
2016Czech RepublicCzechiaБогино нэрийг брэнд болгох,
хэрэглээг хялбарчлах
2002East TimorTimor-LesteТусгаар тогтносны дараа
португал уугуул нэрээ албан
ёсны болгох
1997ZaireDemocratic Republic of the CongoДарангуйллын үеийн нэрээс
татгалзах
1993CambodiaKingdom of CambodiaХаант засаглалаа сэргээсэн тул нэрээ шинэчилсэн
1991ByelorussiaBelarusЗөвлөлтийн үеийн нэршлийг
халж, уугуул дуудлагыг авсан
19 89BurmaMyanmarБританийн колоничлолын нэрээс татгалзаж, уугуул нэрээ
авах

УЛСЫН НЭР өөрчлөгдөхөд үүсдэг “ажиллагаа”, зардал

Улсын нэр солих нь дипломат ёс горим, болон улсын дотоодод ложистикийн хувьд тодорхой өөрчлөлтүүдийг хийх шаардлага үүсдэг.

Дипломат "шинэчлэл": 

Хамгийн амархан нь НҮБ-д нэр солих хүсэлт гаргана. Үүний дараа дипломат харилцаатай бүх улстай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрүүдэд "техникийн өөрчлөлт" оруулах буюу Гадаад харилцааны яам дэлхийн бүх улс орон, олон улсын байгууллагуудад "Манай улсын нэр ийнхүү өөрчлөгдсөн тул цаашид бүх баримт бичигт шинэ нэрийг ашиглана уу" гэсэн албан ёсны мэдэгдэл хүргүүлдэг. Энэ нь гэрээнүүдэд шууд "автоматаар" өөрчлөлт орж буй хэлбэр юм.  

Дотоодод үүсэх зардал буюу Төрийн үйлчилгээний зардал: 

Энэ хамгийн хэцүү бөгөөд зардалтай, хугацаа шаарддаг хэсэг. 

Паспорт ба бичиг баримт: 

Иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, гадаад паспорт, төрийн албан хаагчдын үнэмлэх зэрэг баримт бичгийг солих зэрэг тодорхой зардалтай ажил хийгдэнэ. 

Мөнгөн тэмдэгт: 

Төв банкнаас мөнгөн тэмдэгт дээрх улсын нэрийг цаашид солих нь хамгийн өндөр зардалтай (зөвхөн хэв сийлэх ажилд $2.5 - $4.5 сая) ажлын нэг байж мэднэ. Мөнгөн тэмдэгт бол зөвхөн цаас биш, асар өндөр технологийн бүтээл юм. Иймд гол нь “Mongolia” нэршил мөнгөн тэмдэгт дээр ил болон нууцлалтай орсон бол мөнгөн тэмдэгтийн эх бэлтгэлийг шинээр гаргах, өндөр нууцлал бүхий хэвүүдийг (Intaglio plates) шинээр сийлэх шаардлага үүснэ. Хэрэв тийм бол Монгол Улс шиг мөнгөн тэмдэгтээ гадаадад (жишээ нь, Их Британийн De La Rue компанид) хэвлүүлдэг улсын хувьд мөнгөн тэмдэгт дээрх усан хээ, хамгаалалтын утас, тусгай будгийг шинэ нэршилтэй уялдуулан өөрчлөх нь технологийн нэмэлт зардал үүсгэх нь гарцаагүй. 

Ингэснээр 5-10 жилийн хугацаанд гүйлгээнд байгаа мөнгө "ямар ч нэмэлт зардалгүйгээр" (байнгын нөхөн дүүргэлтийн зардлаараа) аажмаар шинэчлэгддэг. 

Зардлын жишээ: Хойд Македон улс нэрээ өөрчлөхөд замын тэмдгээс эхлээд паспорт хүртэлх бүх зүйлийг солиход 100 сая гаруй евро зарцуулсан гэх тооцоо бий.

Эсватини шилжилтийг 1-3 жилд багтаахаар төлөвлөж, нийт нийт зардал 60 сая ам.доллар орчим болсон бол Турк 1-2 жилийн дотор олон улсын бүх системд нэрээ нутагшуулах зорилго тавьсан, шууд зардал нь хэдэн зуун сая ам.доллар болжээ. Харин 2016 оноос хойш одоог хүртэл "хосолмол" байдлаар хэрэглэж, “зардал багатайгаар” сольжээ.

Сайн жишээ: Czechia (Чех) - 2016 он Тэд "The Czech Republic" гэх албан ёсны нэрээ Үндсэн хуульдаа үлдээсэн ч, олон улсын хэрэглээнд зориулж "Czechia" гэх богино хувилбарыг бүртгүүлсэн.

● Хугацаа: 2016 оноос хойш одоог хүртэл "хосолмол" байдлаар хэрэглэж байна.

● Зардал: Тэд албан ёсны урт нэрээ (The Czech Republic) хэвээр үлдээсэн тул шууд зардлыг маш бага түвшинд барьж чадсан.

● Тактик: Тэд паспорт, мөнгөн тэмдэгтээ яаралтай солих шаардлагагүй гэж үзсэн. Харин спортын багуудын өмсгөл, аялал жуулчлалын сурталчилгаан дээр "Czechia" гэж бичиж эхэлсэн бөгөөд энэ зардлыг тухайн жилийнхээ маркетингийн төсөвт багтаан удаан хугацаанд шийдвэрлэсэн. Энэ нь Монгол Улсад хамгийн ойр, оновчтой загвар байж болох юм.

● Үр дүн: Өнөөдөр "Czechia" нь дэлхийн газрын зураг, олон улсын мэдээллийн агентлагуудад бүрэн нутагшсан.

Шалтгаан нөхцөл: Яагаад "Mongol" гэж? Энэ бол улс гүрний АМБИЦ

1. Exonym-ээс татгалзах: 

Монгол Улс "Mongolia" биш "Mongol" (Монгол Улс) болох шалтгаан нь бусад улсуудын адил дараах 3 үндэслэл дээр тогтож байна:

"Mongolia" нь гадныхны (Европчуудын/Eurocentric) өгсөн нэр. "Mongol" нь бидний өөрсдийн нэр.

2. Колоничлолын нүдээр харахыг зогсоох: 

"ia" дагавар нь тухайн газар нутгийг "судлах объект" эсвэл "хязгаар нутаг" гэж хардаг Латин хэлний хандлагыг агуулдаг (Siberia, Manchuria гэх мэт).

3. Соёлын сэргэлт: 

"Mongol" гэдэг нь тухайн үндэстний язгуур ижилсэл, сүр хүчийг илүү тодотгосон "Core Brand" юм.

Шинжлэх нь:  Дэлхийн болон бүс нутгийн их гүрнүүд, томоохон соёл иргэншлийн төвүүд болсон улс гүрнүүд ихэвчлэн USA, China, United Kingdom, France, Japan, Türkiye, Iran, Egypt, Brazil, Mexico зэрэг байдаг. Цор ганц тохиолдол нь Russia. Орос улсыг англиар "Russia" гэдэг ч тэд өөрсдийгөө "Россия" гэдэг. Энд байгаа "ia" нь Латин гаралтай боловч Оросууд өөрсдөө үүнийг "Эзэнт гүрэн" гэсэн утгаар бэлгэдэн авч үлдсэн байдаг. Харин бусад ихэнх тохиолдолд хүчирхэг улсууд өөрсдийгөө "ia" гэж төгссөн нэрээр нэрлэхээс татгалздаг. 

Монгол Улс нэрээ олон улсад "Mongol" гэж хэвшүүлэх нь "Монгол Сэргэлт"-ийн нэг чухал алхам боловч үүнийг аажмаар (Gradual approach) хэрэгжүүлэх нь эдийн засгийн хувьд оновчтой. Чехийн загвар шиг албан ёсны бичиг баримтад "Mongolia"-г хэрэглэж байгаад, сурталчилгаа, спорт, аялал жуулчлал, экспортын бүтээгдэхүүн дээр "Mongol" гэж хэвшүүлэх нь зардлыг хэмнэж, брэндийг дэлхийд таниулах хамгийн зөв тактик юм.

Иймд зөвхөн нэр өөрчлөх биш, үүнийг цогцоор бодлоготойгоор ҮНДЭСНИЙ СЭРГЭЛТ, МОНГОЛ ҮНЭТ ЗҮЙЛ-ийн нөлөө, өсөлт хөгжлийг харж хийх нь ЧУХАЛ аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эгүүлэн татах механизмыг ингэж өргөн хүрээтэй оруулбал улс төрийн зэвсэг болж хувирах эрсдэл үнэхээр харагдаж байна

Зочин
Зочин

ene huuli heregjuulvel gishuudiig daramtlah neg tool bolchih yum bish uu gej bodogdoj bn

Зочин
Зочин

Ёс зүйгээр далимдуулж хэнийг ч унагадаг болчихвол парламент өөрөө тогтворгүй болно шүү

Зочин
Зочин

irts 70 huvi gej tavisan ni zov yum shig hernee uls turd ashiglah bolomj ihtei sanagdlaa

Зочин
Зочин

Гишүүдэд хариуцлага хэрэгтэй нь үнэн ч арга нь зөв байх ёстой, эс тэгвээс буруу систем болно

Зочин
Зочин

neg talaas ni harval ard tumnii hyanalt nemegdeh yum shig gehdee nuguu talaas ni ih ersdeltei

Зочин
Зочин

Парламентын бие даасан байдал сулрах вий гэдэг дээр санаа нийлж байна

Зочин
Зочин

ene bol yag l ulsturchdiig agnah system bolchih magadlaltai sanagdaj bn

Зочин
Зочин

Хариуцлага тооцох механизм хэрэгтэй ч ингэж шууд татна гэдэг арай хатуу

Зочин
Зочин

namyn shiidvereer gishuuniig tatah ni denduu hetsuu shiidver shig

Зочин
Зочин

Ёс зүйн асуудлыг шүүхтэй холбож байж шийдэх нь илүү зөв гарц шиг

Зочин
Зочин

songogchid ooroo shiideh system bol yostoi zuv sanagddag shuu

Зочин
Зочин

Ирцээр нь татна гэдэг бол бодит шийдэл биш, торгууль л илүү тохиромжтой

Зочин
Зочин

ene huuli batlagdval parlament dotroo l temtsel ihseh bh daa

Зочин
Зочин

Гишүүдийг ингэж шахаж байхаар хариуцлагын өөр хэлбэр бодох хэрэгтэй

Зочин
Зочин

neg hunii erh medel denduu tomrood irvel ymar ch system evderdeg shuu

Холбоотой мэдээ

Back to top button