Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит 2.8 километр үргэлжлэх гудамжтай болно
Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан нэрэмжит гудамж бий болгох асуудлыг НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцсэн байна. Хуралдаанаар, Хан-Уул дүүргийн 11, 15, 17, 18 дугаар хороо болон Баянзүрх дүүргийн 11, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дамнан байрлах, “Олимпын гудамж”-наас урагш “Дүнжингаравын зам” хүртэлх 2.8 км гудамжийг “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Юмжаагийн Цэдэнбалын гудамж” хэмээн нэрлэхээр тогтсон байна.
Шинэ нэршил нь тухайн гудамжны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, мөн оршин суугч иргэд болон хаягжилт, бүртгэл мэдээлэлтэй холбоотой этгээдэд хамаарах юм.
Мөн гудамжны шинэ нэршлийг газрын бүртгэл, хаягийн мэдээлэл, нийтийн үйлчилгээ, шуудан холбоо, түргэн тусламж, онцгой байдал болон бусад холбогдох үйлчилгээний мэдээллийн системд тусган шинэчлэхээр болжээ.
Б.САНАА





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.