НИЙГЭМ

Засаг төр гаднаас унтуулгын буу, сум, цацлага худалдан авч тараах процессыг баавгай хүлээсэнгүй, хүний аминд хүрлээ

-Баавгай хүн баривал хэрхэх тухай хариуцлагын зохицуулалт хуульд байхгүй гээд өнгөрөх үү-

Баавгай суурьшлын бүс рүү байн байн орж ирлээ, айлын гэр, малын хашаа хороо руу дайрч, мал барилаа, өлсгөлөн баавгайг барьж хүлж, угжиж, идэш тэжээл өгч, унтуулж байгальд нь тавилаа гэдэг мэдээнд монголчууд нийтээрээ дасал болж байтал энэхүү араатан эрдэнэт хүний аминд хүрсэн хэрэг гарав.

Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайн Бурхантын ам хэмээх газарт амьдардаг малчин айлын гэр рүү өнгөрсөн шөнө (2026.10.08) 01.00 цагийн орчимд баавгай халдсаны улмаас 40 настай эрэгтэй барж, 55 настай эмэгтэй хүн гэмтэлтэй ГССҮТ-д өдгөө хагалгаанд орж байгаа юм.

"Баавгайд бариулах нь бариулах нь гэсээр байтал бариулчихлаа шүү дээ. Араатан амьтны халдлагад өртөж хүний амь эрсэдчихээд байхад яаж ч чадахгүй байгаа нь эмгэнэл" хэмээн УИХ-ын гишүүдээс эхлээд иргэд, олон нийт ч хүчтэй шүүмжилж байна. Тухайлбал, Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон А.Ганбаатар гишүүн баавгайд хүн бариулж амиа алдсан явдалд шат шатны албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстойг хэлж, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очирыг ар гэрийнхнээс нь уучлалт гуйж, ажлаа өгөх ёстой гэдэг байр суурь илэрхийлээд буй. Засгийн газрын түвшинд ч энэ хэрэгтэй холбоотой хариуцлагын асуудал яригдсан гэх мэдээлэл байна.

Өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн төрийн дунд шатны албан тушаалтнуудын хувьд бол баавгай хүн барьсан тохиолдолд хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал хуульд тусгагдаагүй учраас цаашид асуудлыг хэрхэх, хэнд ямар хариуцлага тооцохыг мэдэхгүй гэсэн байр суурь илэрхийлнэ лээ.

Баавгай суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол элбэгшсэнтэй холбоотойгоор унтуулгын буу, сум, цацлага тэргүүтэн худалдаж авах, идэш тэжээл тавих, тухайн голомтод ажиллаж буй алба хаагчдын хэрэгцээнд зориулж Засгийн газрын нөөц сангаас нэг тэрбум 88 сая төгрөг шийдэж өгсөн. Гэхдээ баавгай бүхий аймгууд болон нийслэлд шаардлагатай унтуулгын зүү шидэгч буу худалдаж авах ажил өнөөг хүртэл бүрэн шийдэгдээгүй, удаашралтай байгааг албаныхан хүлээн зөвшөөрөв.

Тендер зарлахгүй, шууд худалдан авалт хийнэ гэсэн хэрнээ баавгай бүхий 12 аймаг, нийслэлийн шаардлагатай бүсүүдэд унтуулгын буу, сум, эм цацлага хэрэглэгдэхүүнээ яагаад одоо хүртэл авч өгч нийлүүлээгүй байгаа талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр болоод БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир нараас эхлээд хариу тайлбар хэлэх ёстой албан тушаалтнууд таг чиг.

Төрийн худалдан авах ажиллагааны өнө удаан процессыг удахгүй ичээндээ орно гэх баавгай ч хүлээсэнгүй, эцэст нь хүний аминд хүрлээ. "Хэргийн эзэн" баавгайг олохоор эрэн хайж байгаа албаныхан одоо ч гар нүцгэн байна.

Албаныхны зөвлөж анхааруулсны эсрэг тэрсэлсэн үйлдэл хийж, уул хадаар хэсээгүй, зүв зүгээр гэртээ унтаж байсан хоёр хүний нэг нь баавгайд бариулан нас барж, нөгөө нь үхэлтэй тэмцэн эмнэлгийн орон дээр хэвтэж байна. Ард иргэд хөвчийн баавгайг чадах чинээгээрээ аргалж, тэмцэж ирсэн. Одоо бол тэвдэж, мэгдэж байна. Энэ нөхцөлд салбар хариуцсан сайд нар нь гарч ирээд, бодит нөхцөл байдлыг тайлбарлаж, талийгаачийн ар гэрийнхнээс уучлалт гуйх нь наад захын соёл байлтай.  

Г.САНСАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Өлссөн баавгай биш үү?

Зочин
Зочин

Эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдэд тэр цацлагнаас нь үнээр нь ч болов олгох хэрэгтэй шүү

Холбоотой мэдээ

Back to top button