“Эко өрх”-ийг дэмжих бодлого, эрх зүйн зохицуулалт, санхүүжилтийн арга хэрэгслийг боловсронгуй болгох ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогтын захирамжаар Гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор “Эко өрх” болохыг дэмжих бодлого, эрх зүйн зохицуулалт, санхүүжилтийн арга хэрэгслийг боловсронгуй болгох, санал дүгнэлт гаргах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа.
Энэхүү ажлын хэсэг нь айл өрхүүд гэр, амины сууцаа дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй сууц шинээр барих, цахилгаан болон дулааны хангамжаа сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, утаагүй халаалтын болон хөрс бохирдуулдаггүй бие даасан ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхийг цогцоор нь дэмжих чиглэлд ажиллах юм. Мөн “Эко өрх”-ийн шалгуур, дэмжлэгийн хэлбэр, нөхцөлийг тодорхойлох гэнэ.
Түүнчлэн амины орон сууцны ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон зээлийн хугацааг уртасгах, хүүг бууруулахад шаардагдах зардлыг 2027 оны улсын төсөвт тусгуулах санал, тооцоо судалгааг боловсруулах чиг үүргийг тус Ажлын хэсэгт даалгасан байна. Ажлын хэсэг холбогдох санал, дүгнэлтийг УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулж, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллах юм байна.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Г.Очирбат, Л.Соронзонболд, А.Ундраа, С.Цэнгүүн, М.Энхцэцэг нар ажиллана. Мөн захирамжийн хавсралтаар баталсан Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүнд холбогдох яамд, төрийн болон нийслэлийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулжээ.
Г.САНСАР








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.