Улс төрийн мэдээ

Монголбанкны 6.9 их наяд төгрөгийн алдагдал | эцэст нь хэн төлөх вэ?

Монголбанк өөрийн хуримтлагдсан алдагдлын нэг хэсгийг Засгийн газрын бонд гаргаж барагдуулах саналыг 2027 оны төсөвт оруулж ирлээ. Алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүний 1-1.5 их наядыг бондоор төлүүлэхээр тусгасан байна. Энэ мөнгө эцэстээ хэний халааснаас гарах вэ, мэдээж татвар төлөгчдийн халаасыг тэмтэрнэ.

Алдагдал хаанаас үүссэн бэ?

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар "Алдагдал нь 2012 оноос хойш хуримтлагдсан бөгөөд 6.9 их наяд төгрөг байгаа. Хуулиараа энэ алдагдлыг Засгийн газар бонд гаргаж барагдуулах зохицуулалттай. Яагаад хуримтлагдсан бэ гэдэг асуултын тухайд, үе үеийн Засгийн газрын хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд нөлөөлсөн. Ипотекийн зээлийн санхүүжилт, тэтгэврийн зээлийг тэглэсэн, БНХАУ-тай хийсэн своп хэлцэл гэх мэтийг дурдаж болно. Энэ алдагдлыг хуулийн хүрээнд барагдуулах санал оруулсан. Сангийн сайд өчигдөр энэ талаар дуугарч байна лээ” хэмээн хариулав.

Ерөнхийдөө, Засгийн газар бонд гаргана гэдэг нь шууд утгаараа өр. Тэр өрийг эргээд төсвөөс, өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн төлсөн мөнгөөс эргэн төлөх учиртай. Энэ нь эдийн засгийн энгийн логик бөгөөд тоо хэмжээг нь тооцоход мэргэжлийн дүгнэлт хэрэгтэй. Нөгөө талаас Э.Анарын хэлснээр энэ нь хуульд заасан зохицуулалт. Мөн нийгмийн ашигтай хөтөлбөрүүдийн зардал гэж үзвэл, төв банк ганцаараа бус төр хэсэгчлэн хариуцах нь зүйтэй.

Засгийн газар 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвөөр нийтдээ 21 их наяд төгрөгийн нэмэлт өр бий болгох гэж байна гэж шүүмжлэгчид хэлж байгаа. Үүнд Монголбанкны алдагдал нэмэгдвэл өрийн дарамт өснө гэж хэлж болно.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button