НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Туркт хар тамхины хэргээр саатуулагдсан О.Одбаяр хөлбөмбөгийн шигшээ багт тоглож байгаагүй

Энэ сарын 24-нд Турк улсын Истанбул хотын Сарыер дүүрэгт цагдаагийн байгууллага ажиллагаа явуулж Монгол Улсаас олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан О.Одбаяр, Д.Мандухай нарыг саатуулсан талаар Туркийн хэвлэлүүд мэдээлсэн. Тодруулбал, Истанбулын Цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтнууд олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийг илрүүлэх ажиллагаа явуулсан тухайн бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл хар тамхины хэргээр саатуулагдсан Монгол Улсын иргэн О.Одбаярыг "хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин байсан" гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Энэ талаар Монголын хөлбөмбөгийн холбооноос тодруулахад "Албан ёсны шигшээ багийн бүртгэл, тоглолтын түүхэнд Отгонбат овогтой Одбаяр нэртэй тоглогч огт тоглож байгаагүй. Олон нийт ташаа мэдээлэл авч Монголын Хөлбөмбөгийн холбооны өөр нэг тамирчин болох Отгонбаатарын Одбаяртай андуурагдах нөхцөл байдал үүслээ. Улмаар тамирчны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл бий болоод байгаа юм. Иймд мэдээлэл түгээгч байгууллага, иргэдийг аливаа мэдээллийн эх сурвалж, бодит байдлыг нягтлан шалгахыг хүсэж байна" гэлээ.

Монгол Улсын хоёр иргэн гадаад улсад хар тамхины хэргээр саатуулагдсан талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Турк улс дахь Элчин сайдын яамнаас холбогдох асуудлыг тодруулж цахим шуудан бичсэн байгаа. Одоогоор хариу ирүүлээгүй байна. Хариу мэдээлэл ирсэн даруй мэдэгдэх болно" хэмээлээ.

Тус хэргийн талаар Турк улсын хэвлэлд "Монголын эрх бүхий байгууллагаас хар тамхины худалдааны хэрэгтэй холбоотой цэнхэр булангаар эрэн сурвалжилж байсан Д.Мандухай, хулгайн хэрэгтэй холбоотой улаан булангаар эрэн сурвалжилж байсан О.Одбаяр нарыг Сарыер дүүрэгт байрлаж байхад нь илрүүлсэн. Одоогоор цагдаагийн байгууллагад мэдүүлэг авч, холбогдох ажиллагаа явуулсны дараа шүүхэд шилжүүлэхээр төлөвлөж байна" гэж мэдээлсэн юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button