Нөмрөгийн түймэр Япон, Хятадын зөрчлийн шинэ сэдэв болов уу?

Монголын зүүн хязгаарт гарсан түймэр хэдэн зуун мянган га талбайг хамарсан байгаль орчны ноцтой хохирол төдийгүй, Япон, Хятад хоёр улсын харилцаанд нөлөөлж болзошгүй шинэ сэдэв болон өргөжих нь үү гэдэг асуулт хөндөгдөв. Уг нь Нөмрөгийн түймрийн шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, хариуцлага хүлээх этгээдийг Монголын эрх бүхий байгууллагууд эцэслэн тогтоох учиртай ч Хятадын төрийн хэвлэлүүд энэ хэрэгт Японы KDDI компанийг хариуцлага хүлээхийг шаардаж эхэлжээ.
Хэрэв мөрдөн шалгалтаар Японы KDDI компанийн охин компани болох “Мобиком”-ын үйл ажиллагаатай холбоотойгоор түймэр гарсан нь тогтоогдож, хохирол барагдуулах үүрэг үүсвэл хохирлыг барагдуулж, байгаль орчныг нөхөн сэргээхээс гадна хил дамнасан үр дагавар, хөрш орнуудын харилцааны асуудлыг Монгол Улс зохицуулах шаардлагатай болж мэдэх нь.
“Global Times”: Хятад улс түймэр хил даван орж ирэхээс сэргийлэн 3400 гаруй хүн дайчилсан
2026 оны аравдугаар сарын 8-нд Дорнод аймгийн Халхгол сум, Нөмрөгийн дархан цаазат газрын цөм бүсэд гарсан түймэр нийтдээ 528,765.5 га талбайг хамарсан гэж БНХАУ-ын Синьхуа агентлаг орон нутгийн хэвлэлүүд болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэдээлэлд тулгуурлан уламжилжээ. Үүний 468,965.7 га буюу ойролцоогоор 80 хувь нь дархан цаазат газрын тусгай хамгаалалттай бүсэд хамаарч буй.
Урьдчилсан мэдээллээр, Японы харилцаа холбооны KDDI компани 98.85 хувийг нь эзэмшдэг “Мобиком” компанийн удирдлагуудын зорчиж явсан автомашин шатсанаас хуурай өвсөнд гал алдсан гэж үзэж байгаа. Тухайн өдөр таван автомашинтай цуваа дархан цаазат газарт нэвтэрсэн бөгөөд албан бус эх сурвалжууд тэднийг нэн ховор амьтан агнах, загасчлах зорилгоор явсан байж болзошгүй гэж мэдээлсэн. Тухайн газарт байсан “Мобиком”-ын гүйцэтгэх захирал Ясүхиро Очи аравдугаар сарын 14-нд Монголын ард түмнээс уучлал гуйж, учруулсан хохиролд харамсаж байгаагаа мэдэгдсэнийг уншигчид санаж буй биз.
Тэгвэл Хятадын төрийн мэдлийн “Global Times” сонин Японы компани болон хариуцлага хүлээх хүмүүс Хятадаас уучлалт гуйх ёстой гэж мэдэгдсэн байна. Тус сонины тайлбарт Хятад улс галыг хил даван орж ирж, тархахаас сэргийлэхийн тулд 3400 гаруй онцгой байдлын ажилтан алба хаагчдыг дайчилж, бараг долоо хоногийн турш ажиллуулсан бөгөөд үүнд ихээхэн зардал гаргасан гэжээ. Тухайлбал, гал сөнөөгчид галын зурвас өргөжүүлэх, шатамхай ургамлыг цэвэрлэх, хил орчмын хэсгүүдэд эргүүл хийх, гал хил давсан тохиолдолд шуурхай унтраах бэлтгэл хангах арга хэмжээ авсан байна. Мөн түймрийн голомтын ойролцоо үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас оруулах ажиллагаа зохион байгуулжээ.
Хятадын төрийн хэвлэлүүд KDDI-г уучлалт гуйхыг шаардав
Нөмрөгийн түймрийн асуудал Хятадын хэвлэл мэдээллийн орон зайд хэрхэн тусаж буй нь анхаарал татахуйц байна. “South China Morning Post” болон Хятадын төрийн мэдлийн “China Daily” сонины тайлбарууд түймрийг зөвхөн Монголын байгаль орчны асуудал бус, Хятадад учирч болзошгүй хил дамнасан эрсдэл хэмээн онцолжээ.
Тус сонины зүгээс Японы харилцаа холбооны KDDI компанийг уучлалт гуйхыг шаардан, хариуцлагыг тодруулах, Хятадын олон нийтийн санаа зовнилд тодорхой хариу өгөх хэрэгтэй хэмээн тодорхойлсон байна. Мөн Бээжин хотын захиргааны “Beijing Daily” сонины ажиллуулдаг “Changanjie Zhishi” цахим сувгаар япон компанийн аяллын зорилгыг нуун дарагдуулсан гэх шүүмжлэл гаргажээ. Уг тайлбарт Монголын хэвлэлүүдэд гарсан ан агнуур, загасчлалын талаарх мэдээллийг эшилж, компанийн тайлбар болон уучлалт нь үнэн бодит нөхцөл байдлыг бүрэн илэрхийлж байгаа, эсэхэд эргэлзсэн тухайгаа дурдсан байна.
Ийнхүү Монголын зүүн хязгаар нутаг, Нөмрөгийн түймэртэй холбоотой асуудал Хятадын төрийн хэвлэлүүдэд Японы компанийн хариуцлагыг онцлон тавих нэгэн шинэ сэдэв болсон бололтой. Гэхдээ түймрийн шалтгааныгэцэслэн тогтоож, хохирлын үнэлгээг нарийвчлан гаргаж, барагдуулах асуудал нь бодит баримтад тулгуурлан шийдвэрлэх нь нэн түрүүний асуудал юм.
Б.ОЮУНСАЙТАР













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.