Улс төрийн мэдээ

Нөмрөгийг "шатаасан" асуудалд ангийн захирагч, Хилийн боомтын захиргааны даргыг чөлөөлөөд өнгөрөх үү

Нөмрөгийн дархан цаазат газар нийт 528 мянган га газрыг хамрагдаг бөгөөд үүний 468 мянган га газар нь түймэрт өртсөн. Энэ бол НҮБ-ын гишүүн 30 гаруй орны нутаг дэвсгэрээс том газар нутаг. Мөн биологийн олон янз байдал, дэлхийн хэмжээний ховор экосистемийг хадгалж байсан онцгой бүс нутаг. Атал уг газар шатсанаас хойших 18 хоногт Засгийн газрын анхаарлын төвд орлоо.

Өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал холбогдох салбарын сайд нар болон ОБЕГ, Хил хамгаалах ерөнхий газрын дарга нартай уулзах үеэрээ Дархан цаазат газар руу нэвтрэх зөвшөөрөл олгосон Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч Б.Гантөгс нарыг ажлаас нь чөлөөлж Дорнод аймгийн засаг дарга Ш.Ёлд сануулах арга хэмжээ авахыг үүрэг болгосон юм.


Тэгвэл олон нийтийн сүлжээнд “ажил үүргээ гүйцэтгэсэн гэмгүй хилчдээр асуудлыг намжаах гэлээ" гэх шүүмжлэл өрнөж байна. Ингэж шүүмжлэхээс ч аргагүй. |2026.10.13|-нд ХХЕГ-аас гаргасан мэдэгдэлд:

Хилийн боомтын захиргаа, Мобиком корпорацийн удирдлага, орон нутгийн иргэд болох нийт 13 хүн, 5 машинтай хилийн бүсэд нэвтрэх хүсэлтийг гаргасан. Хүсэлтийг дараах хуулийн заалтыг үндэслэж олгосон. Монгол Улсын хилийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн: 

  • 25.2-т "Энэ хуулийн 26.2.3-т заасан зөвшөөрлийг улсын хилийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас нэг жил хүртэл хугацаагаар, энэ хуулийн 30.2.3-т заасан зөвшөөрлийг тухайн орон нутагт байрлах хилийн анги /салбар/ 30 хүртэл хоногийн хугацаагаар олгож, хяналт тавина".
  • 25.9-т "Улсын хилийн зурвас, бүс, боомтод нэвтрэх зөвшөөрөл нь эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тэмдгээр баталгаажуулсан хэвлэмэл хуудас бүхий байна" гэсний дагуу зөвшөөрөл олгогдсон хэмээсэн тайлбарласан байна.

Асуудалд буруутан эрж, хэн нэгнийг ажлаас нь чөлөөлснөөр мухардагдахгүй. Ингэж асуудлын галыг намжаах бус дахин энэ төрлийн асуудал гарахаас сэргийлэх нь чухал байна. Нөмрөгийн дархан цаазат газар бол хилчдийн дайны үед амиа зориулж, энх тайван цагт амьдралаа зориулж хамгаалсан газар. Биологийн олон янз байдал, дэлхийн хэмжээний ховор экосистемийг хадгалж байсан онцгой бүс нутаг. Ганц даргын зөвшөөрөл, ганц билет тасалж 5, 10 мянган төгрөг төлөөд чөлөөтэй нэвтэрдэг байх ёсгүй.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button