Эзэн холбогдогчгүй асуулт: "Яагаад бүр 0 зогсолт болчхов, өвөл ингээд 4-5 цаг түгжрэх юм уу"

-Нийслэлчүүд түгжрэлд жилд дунджаар 30 хоногтой тэнцэх 720 цагийг зарцуулдаг-
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг дагаад улс, нийслэлийн нийгэм эдийн засаг, хүмүүсийн эрүүл мэнд, байгаль орчинд ямар хор хохирол учирдаг талаар гадаад болон дотоодын судалгаанууд бишгүй бий. Ойрын өдрүүдэд нийслэлчүүд өглөө, оройгүй зам дээрээ таг зогсож, ажилдаа, гэр лүүгээ яарсан иргэд "Яагаад бүр 0 зогсолт болчхов, энэ өвөл ингээд 4-5 цаг зам дээр зогсох юм уу" хэмээн өвөр зуураа бухимдах ч хариултыг хэнээс авахаа мэдэхгүй мухардаж буй.
Бид энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд болон Нийслэлийн мэдээлэл шуурхай удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба гэх мэт хамаарал бүхий байгууллагуудаас тодруулсан боловч бүгд өөрсдөөсөө бултуулж, нэгэн рүүгээ бухаж, мэдээлэл өгөх албан тушаалтан олдсонгүй. Хариулах, хамаарах эзэн холбогдогчгүй асуулт гэж л энэ байх даа.
1.5 сая гаруй хүн оршин суудаг Улаанбаатар хотод ойролцоогоор 780 мянган автомашин бүртгэлтэй байдаг. Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй автомашины дундаж хурд өглөөний 07.00-09.00 цагийн хооронд 11-14 км/ц, оройн оргил ачааллын үе буюу 17.00-19.00 цагийн хооронд 7-9 км/ц болдог гэдэг ч энэ тооцооллыг лав сүүлийн өдрүүдэд шинэчлэхээр боллоо.
Нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар 2022 онд хийсэн MMCG-ын судалгаагаар Улаанбаатар хотод авто замын түгжрэлээс үүдэх алдагдсан боломжийн өртөг 3.8 их наяд төгрөг байжээ. Нэг хүнд хуваасан дүнгээр нь авч үзвэл жилд 3174 ам.доллар буюу одоогийн ханшаар 11,4 сая төгрөгийг Улаанбаатар хотын нэг жолооч замын түгжрэлд зогсохдоо алддаг гэх тооцооллыг 4 жилийн өмнө эрдэмтэн, судлаачид гаргасан. Түүнээс хойш жил бүр энэ тоо өсөж ₮13 их наядын алдагдсан боломжийн өртөг хуримтлагдаад байгаа гэвэл та итгэх үү.
Жишээ нь, жолооч Дорж өдөрт дунджаар хоёр цагийг замын түжрэлд зарцуулдаг гэж тооцоход түүний зам дээр "хий эргэж" өнгөрөөх цагийг 365 хоногт хуваан үзвэл 30 хоногтой тэнцэх 720 цаг болж байгааг хотын дарга нар сүрхий мэдлэгтэй царайлан ярьдаг. Хоёр цаг түгжирч зогсоход 30 хоногоо алддаг бид одоо цаашдаа энэ янзаараа өдөрт 4-5 цаг түгжрээд байвал жилийн 12 сараас хоёрыг нь алга хийж, хүн төрөлхтний хуанлийн тооллоос өөрөөр амьдрах хэрэг гарах нь. Зөвхөн автозам дээр түгжирч өнгөрөөх хугацаа энэ гэтэл одоо шатахуунд дугаарлаж буй цагаа нэмбэл нийслэлчүүдийн "хийцгүйрэл" хэтийдсэн явдал гэлтэй.
Түгжрэлийн алдагдсан боломжийн өртгийг тооцохдоо зорчиж байгаа иргэдийн цаг хугацааны алдагдсан боломжийн өртөг, шатахууны алдагдсан боломжийн өртөг, тээвэр логистикийн автомашинуудын нэмэгдэл цаг хугацааны зардал, нийтийн эрүүл мэндэд учруулж буй алдагдсан боломжийн өртөг зэрэг үзүүлэлтэд тулгуурлан гаргадаг юм.
Замын түгжрэл ба эрүүл мэнд
ДЭМБ-ын мэдээлснээр жилд дунджаар долоон сая хүн агаарын бохирдлоос болж амь насаа алддаг гэх судалгаа гарсан байдаг. Тэгвэл дөрвөн уулаар хүрээлэгдсэн Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол хүчин зүйл нь хатуу болон шингэн түлшний шатах үйл явц юм. Автомашины яндангаас ялгарч байгаа хүлэмжийн хий нь агаарын бохирдлын тал хувыг бүрдүүлж, дэлхийн дулааралд сөргөөр нөлөөлдөг тухай судалгаа ч олон.
Хүний эрүүл мэндэд хамгийн их хор нөлөө үзүүлэгч нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулагч суудлын автомашин нэг цагийн турш түгжрэлд зогсоход 0.8 литр шатахуун зарцуулдаг байна. Мөн автомашинаас ялгарч буй нүдэнд үл үзэгдэх нарийн ширхэгт тоосонцор буюу PM 2,5 PM 10 нь зүрх судасны өвчнийг нэмэгдүүлж, хүнийг аажимдаа үхэлд хүргэх аюултай юм. Озон болон азоны давхар исэл нь хүний амьсгалын замыг гэмтээж уушгины өвчлөл үүсгэж хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, улаанбаатарчууд бид зам дээрээ түгжирч зогсохдоо эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч, цаг хугацаагаа ч давхар үрж байдаг гэсэн үг.
П.БАЯНБИЛЭГ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дебил монголоидууд хэзээ ч хот байгуулж чадахгүй. Физикийн 3 хэмжээст орон зайг ойлгодоггүй, чихээд л, чигжээд л бариад бн, дараа нь гайхаад л