Э.Болормаа 80 малчны бүх зардлыг дааж, ӨМӨЗО-нд туршлага судлуулах 4 өдрийн аялалд сугалаа явуулжээ
УИХ-ын гишүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сугалааны лайв хийсэн нь шүүмжлэл дагуулаад байна. Тэдний лайвын учрыг тайлбарлая.
Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн сум, тосгон бүрээс нэг малчин 11 дүгээр сарын 2–5-ны хооронд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймагт туршлага судлуулах юм байна. Аяллыг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаагийн ажлын алба NomadicHUB Travel компанитай хамтран зохион байгуулах бөгөөд бүх зардлыг Э.Болормаа гишүүний ажлын алба даах юм байна. О.Батнайрамдал гишүүний хувьд лайв хийхэд нь тусалжээ.
Аялалд нийт 80 малчин хамрагдана. Тодруулбал, дөрвөн аймгийн 78 сум, Говь-Алтай аймгийн Баянтоорой, Гуулин тосгоноос тус бүр нэг хүн явна. Аймгаар нь авч үзвэл Завханаас 24, Говь-Алтайгаас 20, Увсаас 19, Ховдоос 17 малчин оролцохоор болсон байна.
Малчид 2,000 толгой махны үхэр бордож таргалуулдаг талбай, орчин үеийн сүүний ферм, сүү, цагаан идээ, мах боловсруулах үйлдвэртэй танилцана. Мөн мал эмнэлэг, малын эмийн сан, альпака өсгөдөг аж ахуй, уралдааны цэвэр цусны адууны үржлийн цогцолборын үйл ажиллагааг үзэж, сүү, махан бүтээгдэхүүний дэлгүүр, Эрээн хотын худалдааны төвүүдээр орох аж.
Аяллын нэг хүний зардал 550,000 төгрөг. 80 малчны нийт зардал 44 сая гэсэн үг юм.
Бүртгэл 10 дугаар сарын 12–26-ны хооронд явагдсан. Өөрийн сумандаа мал аж ахуй эрхэлдэг өрхийн 18 нас хүрсэн гишүүн бүртгүүлэх эрхтэй байв. Түүнчлэн гадаад паспорттой, эсвэл 10 дугаар сарын 23-наас өмнө паспорт авах хүсэлтээ өгсөн байх шаардлага тавьсан байна.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэмий юм хийж байх юм
газар үзэж, нүд тайлсан хүн л өөрөөр сэтгэдэг