Б.Найдалаа сайд туслахуудаасаа болж огцрох вий
Манай эрчим хүчний салбарын хувь заяа дээсэн дөрөөн дээр буй. 2026 оны тодотголд суулгасан 92.7 тэрбум өртгөөс нь 13.9 тэрбум төгрөгийг хасаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэх шийдвэр гарсан. Сая "Оюу толгой"-н ногдол ашгаас авахаар төлөвлөсөн өртгөөс 800 орчим тэрбумыг төгрөгийг эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтад зарцуулахаар Засгийн газар төлөвлөсөн байсан ч уг хуулийн төслөө буцаан татсан.
Яг одоо Б.Найдалаагийн санаа зовниох асуудал нь айсуй өвлийн эрчим хүч, өнгөрсөн өвлийнх шиг доголдол үүсгэхгүй байх. Атал түүний туслахууд "гүйх нохойд гүйхгүй нохой саад" гэдэг нь болж, шүүмжлэл дагуулсаар байна.
Тухайлбал, өнгөрсөн найман сард түүний Эрчим хүчний яам дээрх туслах нь суудал дээр нь сууж, ажлаа танилцуулж, Б.Найдалаа сайдаар бичлэг хийлгэсэн нь олон нийтээс багагүй шүүмжлэл хүлээсэн.
Үүнд Б.Найдалаагийн туслах "Миний ажлын анхны өдөр байсан, дуудахаар нь энгийн хувцастай очсон нь буруудлаа. Тийм бичлэг хийсэндээ хүлцэл өчье. Сайдтай хоёр дахь удаагаа л уулзаж үзээд их нээлттэй хүн байхаар нь төрийн ажлыг хөгжилтэй өнцгөөс харуулъя гэж зорьж бичлэг хийсэн. Цаашид ч хийх болно" хэмээсэн тайлбар өгсөн байдаг.
Энэ асуудал намжсан ч өнөөдөр түүний Төрийн ордон дахь туслах нь асуудал дагууллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг "Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах сэтгүүлчид ярилцлага өгөөд зогсож байсан миний биед халдлаа" хэмээн уйлж, мэдээлэл өглөө.
Харин М.Энхцэцэгийн биед халдсан гэх Б.Найдалаа сайдын туслах "Би өнөөдөр Төрийн ордны коридорт явж байхдаа УИХ-ын гишүүн М.Энхцэцэгтэй таарсан. Энэ үеэр намайг өндөр албан тушаалд томилох гэж байгаа гэх агуулгатай худал мэдээлэл ярьж байсан. Би түүнд “Би өндөр албан тушаалд очихгүй, туслахын ажлаа хийгээд явж байна. Та яагаад ингэж худал ярьж байгаа юм бэ” гэж хэлсэн. Үүний дараа утсаа гарган бичлэг хийж эхэлсэн. Харин би камерыг нь гараараа хаахад намайг биед нь халдсан хэмээн үндэслэлгүйгээр гүтгэсэн" хэмээн тайлбар өгсөн байна.
"Ялихгүй юманд ямааны гарз" гэх үг бий. Зургаахан сарын өмнө Эрчим хүчний сайдаар томилогдсон Б.Найдалаа туслахуудынхаа ёс зүйн асуудлаас болоод суудлаа өгөх вий.
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.