Улс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан: МАН-ыг дотоодод нь хагалгах ажлыг хийж байгаа Г.Занданшатар дарга ухсан нүхэндээ өөрөө унав аа

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчийн асуултад хариулт өглөө.

Тэрбээр "Монголд ямар нэгэн дэглэм тогтсон гэдэг асуудал хэлж, ярих сонирхол алга. Х.Нямбаатарын өөрийн байр суурь. Тэрийгээ өөрийн албан ёсны цахим хуудсаараа илэрхийлж байна. Монголын хувьд улс төрийн түвшинд эв нэгдлээ хангаж, харилцан ойлголцлыг бий болгох, намууд болон улстөрчид зөвшилцөл гэдэг зүйлийг хийж, хэрэгжүүлж чаддаг байх ёстой. Зөрүүтэй байр сууриараа хоорондоо дайсагнаж, бие биеэ дарж авахын төлөө хүч хэрэглэдэг байдаг ардчилсан парламентын тогтолцоог устгах, эдийн засгийн болон хүний эрх чөлөөний асуудал хумигдах эрсдэлтэй. Нэг хоёр хүний асуудал гэхээсээ илүүтэй нийгмийн чухал асуудал талаас нь хандах нь зөв юм.

Үнийн өсөлт, шатахууны хомсдол, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын тэгш хүртээмж, нийгэмд шударга ёсыг тогтоох асуудлыг хөндөж байна. Төр засгийн зүгээс асуудал бүрийг задалж, цэгцлэх ажлаа хийж байх ёстой. Харамсалтай нь, сүүлийн хоёр жилийн хугацаанд улс төрийн зөрчил, тэмцэл, үл ойлголцол, байх ёстой хэм хэмжээнээс давсан учраас төрийн ажилд ард иргэдийн үнэлэмж сул, төрд итгэх итгэл асар их буурсан байна. Бүх түвшинд үүнийг ойлгож, ажиллах хэрэгтэй гэж дүгнэж байна.

Хүнийг гүтгэсэн асуудал байвал хуулийн дагуу нэр төрөө сэргээхээр цагдаагийн байгууллагад ханддаг учиртай. Гэтэл Г.Занданшатар яагаад АТГ-т нэр төрөө сэргээлгэхээр хандаж байна вэ. Цэвэр улс төр.

Өндөр зохион байгуулалттайгаар МАН-аас таван гишүүнийг хөөж, АТГ-т хандаж байгаагаа мэдэгдсэн. Энэ бол мань хүний улс төрийн халуун тогооноос гарсан хэрнээ тойрог дотор байгаа гишүүдтэй зууралдаж, анхаарлын төвд орох сонирхлыг агуулж байгааг илтгэнэ.

МАН гэдэг маш олон сонгуулийн ард нийт гишүүдийнхээ нуруун дээр ачаа үүрүүлж гардаг нам. Хэн нэгэн мундаг байснаар сонгуульд ялалт байгуулчихдаггүй. Харамсалтай нь, сүүлийн хоёр жилийн хугацаанд МАН-ыг дотроос нь хагаралдуулах ажлыг Ерөнхий сайд асан Г.Занданшатар өндөр оролцоотойгоор идэвхтэйгээр хийж байна. Гадаад, дотоодын зөвлөхүүдийн үгийг сонсож, энэ ажлыг хийнэ гэдэг чинь өөрөө ухсан нүхэндээ унах зүйл болно шүү. Улс төрийн хов живийг бага ярьдаг болмоор байна.

Ерөнхий сайд Н.Учрал анхны улсын төсвөө оруулж ирж байгаа. Гэхдээ энэ цаг үед үнийн өсөлтийн хүндрэл ард иргэдийн нуруун дээр ихээхэн ачаа болж байна. Энэ удаа маш олон зарчмын зөрүүтэй саналууд гарсан ч байнгын хороон дээр ихэнх нь дэмжигдээгүй юм билээ. Улсын төсвийн алдагдалтай холбоотой асуудал өмнө нь нэлээд том улс төрж болж, шүүмжлэл дагуулж байсан. Дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байна. Засгийн газар энэ асуудалд анхаарч, ажиллах ёстой.

Бортээгийн орд Д.Амарбаясгалан гэдэг хүнтэй огт холбоогүй гэдэг шүүхийн шийдвэр гарсан. Бортээгийн ордыг надтай холбоогүйг нотолсон шүүхийн шийдвэр гарсан. Нүүрсний хэрэгтэй холбогдуулж намайг болон холбоо хамаарал бүхий хүмүүсийг дарж авах хэрэгсэл болгосон. Миний орд биш монголынх. Стратегийн ордыг хэн нэгэнд хувьчлах ямар ч боломжгүй юм. Би хуулийн байгууллагыг дуудсан цагт нь очиж, мэдүүлгээ өгч байгаа" гэв.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button