Өндөгний хомсдлын шалтгааныг холбогдох байгууллагууд тайлбарлаж чадахгүй байна
Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын зарим хүнсний дэлгүүр, зах, худалдааны төвд өндөгний нийлүүлэлт тасалдаж, олдоц муудсан. Мөн худалдаанд байгаа өндөгний үнэ 700 төгрөгт хүрсэн талаар иргэд шүүмжилж байна.
Тэгвэл ҮСХ-ны хамгийн сүүлийн буюу |2026.10.26|-ны өдрийн судалгаанд дурдсанаар захуудад өндөгний дундаж үнэ 620 төгрөгийн ханштай. Харин иргэдэд хамгийн ойр байрлах хүнсний дэлгүүрүүдэд 650-700 төгрөгийн үнэтэй байна.
Монгол Улс жилд ойролцоогоор 500–520 сая ширхэг өндөг хэрэглэдэг бөгөөд дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг хангадаг. Үлдсэн хэрэгцээг импортоор нөхдөг. ХХААХҮЯ-наас 2026 оны дөрөвдүгээр сард баталсан шийдвэрийн дагуу хүнсний өндөгний импортыг сард есөн сая ширхэг байхаар зохицуулжээ.
Нийлүүлэлт яагаад тасалдаж буйг бид хэд хэдэн эх сурвалжуудтай холбогдож тодрууллаа. Ингэхэд шалтгааныг холбогдох төрийн байгууллагууд тодорхой тайлбарлаж чадах хүн байсангүй.
ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун: Өндөг тасалдсан талаар мэдээлэл аваагүй байна, манай мэдэх асуудал биш, мал эмнэлгийн газраас асуу.
МЭЕГ-ын Мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын газрын даргын түр орлогч Б.Чулуунчимэг: 2026 оны 04 сард яамны сайдын баталж өгсний дагуу сард 9 сая өндгийг оруулж ирж байгаа, манай зүгээс шийдвэр гаргалтад оролцдог тал биш учраас хомсдолын шалтгааныг тайлбарлаж мэдэхгүй. 11 сард импортын өндөгний тоог нэмэгдүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх байх.
Гаалийн Ерөнхий газар: Заасан тоо хэмжээгээр хилээр хэвийн орж ирсээр байгаа.
“Түмэн шувуут” ХХК: Өдөрт 700 мянган ширхгийг тасралтгүй нийлүүлж байгаа, дотоодын үйлдвэрлэгчид нийлүүлэлтээ нэмэгдүүлж байгаагаас огт бууруулаагүй. Мөн үйлдвэрийн үнэ 520 төгрөг байдаг.
Ийнхүү төрийн байгууллагуудын зүгээс импорт хэвийн үргэлжилж, дотоодын үйлдвэрлэгч нийлүүлэлтээ бууруулаагүй гэж мэдээлж байгаа ч худалдааны цэгүүдэд өндөгний олдоц муудсан талаарх иргэдийн гомдол үргэлжилсээр байна. Шатахууны тасалдал, махны үнийн өсөлт иргэдийн халаасыг хоосолж буй. Атал хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох өндөгний нийлүүлэлттэй холбоотой асуудал хөндөгдөж буй энэ үед хомсдол чухам юунаас үүссэнийг тогтоох, нийлүүлэлтийн сүлжээний аль шатанд саатал гарсныг тодорхой хэлж чадах хүн одоогоор алга.
Б.МӨНХСАРНАЙ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.