Нийгмийн

Цус харвалтын шалтгаант нас баралт эрэгтэйчүүдэд 1.6 дахин их байна

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29-нд “Дэлхийн харвалттай тэмцэх өдөр” тохиож байна. Дэлхийн хэмжээнд жилд дунджаар тархины цус харвалтын 13-14 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 6-7 сая хүн уг өвчний улмаас нас бардаг аж. Мөн 25-аас дээш насны дөрвөн хүн тутмын нэг нь цус харвалтад өртөх эрсдэлтэй байдаг гэнэ.

Монгол Улсад тархины цус харвалтын шалтгаант нас баралтын түвшин сүүлийн таван жилд буурсан ч эрэгтэйчүүд болон ахмад настнуудын дунд өндөр хэвээр байна.

Тархины цус харвалтын шалтгаант нас баралтын түвшнийг сүүлийн таван жилээр харьцуулахад 2021 онд 10 000 хүн амд 4.28 хувьтай байсан бол 2025 онд 2.92 болж, 31.8 хувиар буурсан байна.

Насны бүлгээр авч үзвэл, 65 ба түүнээс дээш насныхны нас баралтын түвшин хамгийн өндөр байгаа ч 2021 онтой харьцуулахад 2025 онд 49 хувиар буурчээ. Хүйсийн хувьд 2025 онд эрэгтэйчүүдийн нас баралтын түвшин 10 000 хүн амд 3.6 хувь байсан бол эмэгтэйчүүдийнх 2.27 хувь буюу эрэгтэйчүүдийн үзүүлэлт 1.6 дахин өндөр байна.

Цус харвалт нь тархины судас бөглөрөх, эсвэл судас хагарч цус алдах үед үүсдэг бөгөөд амь насанд аюултай өвчин юм. Толгой, нүүр таллаж өвдөх, гар хөл сулрах, хэл яриа ээдрэх, хараа муудах, тэнцвэр алдагдах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай тусламж дуудаж, эмнэлэгт хандах шаардлагатайг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Шинж тэмдэг түр хугацаанд арилсан ч эмнэлгийн тусламж авахыг хойшлуулж болдоггүй эрсдэлд тооцогддог аж. Иймд цус харвалтын шинж тэмдгийн үед цаг алдалгүй оношилж, эмчилгээ эхлүүлэх нь амь насыг аврах, хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Б.МӨНХСАРНАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button