Хөдөлмөрийн баатар, сансрын нисэгч М.Ганзориг өөд болжээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавьяат ажилтан, сансрын нисэгч Майдаржавын Ганзориг өөд болжээ.
1949 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн тэрбээр Цэцэрлэг хотын 10 жилийн сургуулийг 1968 онд, Киев хотын Политехникийн дээд сургуулийг 1975 онд дулааны нарийн хэмжүүр, автоматикийн инженер мэргэжлээр дүүргэсэн.

М.Ганзориг 1975-1978 он хүртэл Улаанбаатар хотын нэгдүгээр цахилгаан станцад автоматикийн инженерээр ажиллахдаа үйлдвэрлэлийн ашигтай ажиллагааг хангах үүднээс тэргүүн туршлага, шинэ бүтээл оновчтой саналууд гаргасан нь үр дүнтэй болсон ба үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудын хөдөлмөр бүтээлийн аварга болж байв.

М.Ганзориг 1978 оноос Физик техникийн хүрээлэнгийн Сансар судлалын секторт эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар ажиллаж мөн оны 3 сарын 18-ны өдрөөс 1981 оны V сар хүртэл Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгт бэлтгэж Ю.А.Гагарины нэрэмжит сансрын нисгэгчдийн бэлтгэл сургуулийг дүүргэж “Союз” хөлөг, тойрог замын “Салют” станцын сансрын нисгэгч, шинжлэн судлаач болсон.
1981 оны 5 сараас Физик-техникийн хүрээлэнгийн Сансар судлалын секторт эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар томилогдон ажиллаж байгаад XI сард ЗХУ-ын ШУА-ийн Сансрын шинжилгээний институтэд томилогдон хамтарсан нислэгийн үеэр хэрэгжүүлсэн сансрын байгаль судлалын туршилтын үр дүнг боловсруулах, туршилтын судалгааны ажилд биечлэн оролцох “Спектр-Мон-83” туршилтыг бэлтгэн зохион явуулах ажлыг амжилттай гүйцэтгэн хээрийн бэлчээрийн ургамалжилтын төлөвийг спектр тодролтын коэффициенттэй холбон шинжилж “Монголын нутаг дэвсгэрийн хээрийн бүс дэх ургамалжилтын төлөвийг бүхээгийн хэмжилт, мэдээллийн цогцолборын тусламжтайгаар агаар-сансраас тандах аргаар судлах боломжийг үнэлэх нь” сэдвээр техникийн ухааны дэд эрдэмтний зэргийг 1984 онд хамгаалжээ.

М.Ганзориг 1981 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар түүнд Сүхбаатарын одон,“БНМАУ-ын сансрын нисгэгч” цол, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон , 2006 онд “Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол, 2011 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнасан. 1996 онд ШУ-ны тэргүүний ажилтан тэмдгээр шагнуулсан юм. М.Ганзориг ЗХУ-аас Лениний одон, ОХУ-ын найрамдлын одон, БНАСАУ-ын Найрамдлын медаль, 2011 онд ОХУ-ын сансрын нисгэгчдийн холбооны “Сансрыг эзэмших гавьяаны төлөө” медалиар тус тус шагнуулжээ.

М.Ганзориг нь сансар судлал, сансрын нислэг зүйд оруулсан хувь нэмрийг үнэлж Гагарины алтан медаль, нислэг зүйг дэмжих олон улсын фондын гавьяа медаль, Ю.Гагарин, Г.Титов нарын нислэгийн ойн медалиудаар удаа дараа шагнажээ.
Америкийн газарзүйн нийгэмлэг түүний геоинформатикийн салбарт нийтэлсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг нь үнэлж О.Миллерийн медалиар шагнажээ. Академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагнал 2013 онд, “Олон Эх Сурвалжийн Мэдээг Боловсруулах Арга Зүй” сэдвийн хүрээнд хийсэн хамтын бүтээлүүдийг Монгол Улсын Шинжлэх ухааны 2005 оны шилдэг бүтээлийн хоёрдугаарт байрт шалгарчээ.
Талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн төрлөө хурдан олох болтугай Ум ма ний бад мэ хум
Um mani badni hum.
Ээ бурхан минь
Хайран сайхан хүн. Эгэл даруухан, эрдэм номт хүн. Монгол орны сансар судлалд оруулсан түүний хувь нэмэрийг үнэлж барашгүй. Бурханы орондоо амгалан нойросдоо та минь.