БАЛАГ: Ш.Батхүү “Стандарт”-ын 69 сая ам.долларын зээлээс МУЛТАРЧ, “Эрдэнэт”-ээс гарсан 37.8 тэрбумын шүүхийн зардлыг ТӨЛӨХГҮЙ өнгөрнө
-Ш.БАТХҮҮ 109 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ, ШҮҮХЭЭС “ЭРДЭНЭТ”-ИЙГ 115 САЯ АМ.ДОЛЛАР ТӨЛӨХ ҮҮРЭГ ӨГСӨН-
Жастын Ш.Батхүү Өмнөд африкийн “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан, ДӨРВӨН удаагийн зээлийн гэрээгээр нийт 109 сая ам.доллар авсан байдаг. Ингэхдээ эхний гэрээнд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авахыг зөвшөөрч, тус үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг тэргүүтэй албан тушаалтнууд гарын үсэг зурсан байдаг билээ.
Тухайн үед Ерөнхий сайдаар С.Баяр, Төрийн өмчийн хорооны даргаар Д.Сугар нар ажиллаж байсан. Тиймээс ч Улс төрийн хүрээнд тухайн үед Ерөнхий сайд асан С.Баярыг “Эрдэнэт” үйлдвэр рүү аман байдлаар чиглэл өгсөн гэгддэг. Мөнхүү уг асуудлаас үүдэн, Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцэд зориуд орж, өөртөө хамгаалалт үүсгэсэн гэх шүүмжлэл явдаг.
Ш.Батхүү өөрийн хөрөнгүүдээ бусдад шилжүүлж, “Жаст групп дампуурлаа зарласнаар уг зээлийн төлөлтөд асуудал үүсч, хэрэг мөрдөн байцаалтын шатандаа нам гацсан юм. Ингэж явсаар “Эрдэнэт” үйлдвэр Английн дээд шүүх дээр унаж, нэхэмжлэгч талын хохирлыг бүрэн барагдуулах үүрэг хүлээсэн юм.
Үе үеийн албан тушаалтнууд “Надад хамаагүй” гэж зугтсаар уг асуудал даамжирч, “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалын трейдер компаниудын дансыг хаах асуудал хүртэл яригдаж байв. Тиймээс ч Засгийн газрын түвшинд Ш.Батхүүгийн тарьсан балагийг хэрхэн цэгцлэх асуудлаар ажлын хэсэг гарч, “Стандарт” банканд /2019.03.29/ 40 сая ам.долларыг төлсөн юм.
Тухайн үед Шадар сайд Ө.Энхтүвшин “Дундын зуучлагч гаргаж, нийт 115 сая ам.долларын өрийг 40 сая ам.доллар болгон бууруулж төлсөн” гэж мэдэгдэж байв. Үүний дараа Засгийн газраас Ш.Батхүүд хамаарах хөрөнгүүдийн жагсаалтыг гаргаж, битүүмжлэл үүсгэсэн юм.
Ш.БАТХҮҮГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАГАА: 69 САЯ АМ.ДОЛЛАР+ 37.8 ТЭРБУМ ТӨГРӨГ
Ингэснээр Ш.Батхүүгийн хураагдсан хөрөнгөөр “Стандарт” банканд төлсөн 40 сая ам.долларын төлбөрийг барагдуулах хэлцэл эхлээд байна. Сонирхолтой нь, тэр “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар зээлсэн. Үүний зөрүү нь, 69 сая ам.доллар. Өөрөөр хэлбэл, Ш.Батхүү 69 сая ам.долларын зээлийн төлөлтөөс цэвэр мултарч байгаа юм.
Ш.Батхүүгийн ашигтай ажиллагаа энэ хүрээд зогсчихгүй. Олон улсын арбитрын шатанд дөрвөн удаа уг асуудлаар “Эрдэнэт” үйлдвэр шүүхдэлцсэн. Английн дээд шатанд давж заалдаад унасан. Эдгээр шүүх хурлуудтай холбогдсон зардал “Эрдэнэт” үйлдвэрээс гарч байсан билээ.
“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР “СТАНДАРТ” БАНКТАЙ ШҮҮХДЭЛЦЭХ ЯВЦЫН ЗАРДЛЫН ДҮН:
- “Taylor wessing” өмгөөллийн компанид 36.3 тэрбум
- “Эрдэнэт” үйлдвэр ХХК-иас Арбитрын шүүх хуралтай холбоотой томилолтын зардалд 1.3 тэрбум,
- “Pinsent Masons” компанийн шинжилгээний хөлсөнд 115 сая төгрөг,
НИЙТ: 37 тэрбум 871 сая төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргажээ.
Гол нь, энэ бүхнийг Ш.Батхүү төлөхгүй. Засгийн газраас Ш.Батхүүгийн хураагдсан хөрөнгүүдийг нь зараад, 40 сая ам.доллар олж авахыг “Эрдэнэт” үйлдвэр үүрэгдээд байгаа юм. Энэ логикоор хөөж үзэхэд, Ш.Батхүү 69 сая ам.доллар ХЭМНЭЖ, шүүхийн зардлын 37.8 тэрбум төгрөгөн дээр ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ.
ЗАСГИЙН ГАЗАР Ш.БАТХҮҮГИЙН ТОЛГОЙГ ИЛЖЭЭ
Хардахад, Ш.Батхүү зориуд дампуурлаа зарлаж, бүх хөрөнгөө бусдад зүгээр л өгсөн нь ийм том мөнгүүдээс мултрах ирээдүйн төлөвлөгөөнийх нь нэг хэсэг байсан гэлтэй. Арбитр дээр асуудал шийдэгдэж, “Эрдэнэт” үйлдвэр төлөлт хийнгүүт “Би зохиомол дампуурал үүсгэсэн тул хөрөнгүүдээрээ төлөлт хийе” гэж өөрөө бичиг барин ирсэн гэх.
Засгийн газар ч тэр, нүдэн дээр ийм том тоонуудын зөрүү, шүүхийн зардлын хэмжээ ил байсаар байхад “40 сая ам.долларыг төлүүлээд наадахаа зүгээр явуулж үз” гэсэн аятай асуудалд ханджээ. Тэд олигархиудтай ийм л түвшинд хариуцлага тооцож, хувийн хэвшлүүдээ аятайхан байхгүй бол буутай цэрэг оруулна гэж айлгаж суугаа билээ.
Ж.МЯДАГБАДАМ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Khả năng của Nano curcumin có lẽ rằng người nào cũng
biết. http://zadachnet.pw/user/Marcelino94A/