ШИНЭ НАМ: Ард түмэн хүүхдүүдийхээ хувь заяаг Н.Энхбаярт худалдчихлаа

ШИНЭ намаас нөхөн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал хэлэхдээ “Нөхөн сонгууль наймаа тохироотой сонгууль боллоо. Төрийн бүх аппарат нэг сар зөвхөн Э.Батшугарыг ялуулахын төлөө ажиллалаа. Мөнгө тараах, санал худалдаж авах гэсэн үйлдэл эрээ цээрээгээ алдсан.
Сонгинохайрхан дүүргийн цагдаад Сонгуулийн хууль ноцтой зөрчсөн 200 гаруй үйлдлийг илрүүлсэн боловч цагдаа нь дүр эсгэсэн байдлаар нэг намд үйлчиллээ.
Ард иргэд хоногийн хоол, бэлэн мөнгө, хүнсний талон, сайжруулсан түлшний хөнгөлөлтөөс хасагдах, хорооны даргад ялгаварлуулах зэргээс айж, ядуурдын зовлонд ялагдлаа. Тогтолцооны шинэлэл ярьж өрсөлдөнө гэсэн. Шинэ нам ард түмний өмнөөс ганцаархнаа ярьж өрсөлдлөө.
Эрх баригч намд ард иргэдээ ядуу байлгах нь сонгуулиас сонгуульд ашигтай гэдэг нь нотлогдлоо. Эрх баригчид иргэдээ ядуурлаас гаргах ямарч сонирхол алга. Ноёны хүүхдүүд яллаа. Ард түмэн ирээдүйн хүүхдүүдийхээ хувь заяаг Н.Энхбаярт худалдчихлаа. АН-ын өвгөн баатрууд алийн болгон залуучуудынхаа өмнүүр орох юм бэ. ХҮН нам өрсөлдөгч сөрөг хүчинтэйгээ тэмцэхээ боль. Сонгууль бүрээр ялахгүйгээ мэдсээр байж тохироогоор нэр дэвжиж, санал хуваадгаа боль.
Нэмэлт санал хураалтад МАН-аас бусад улс төрийн намууд оролцохоо болъё. Эрх баригч нам нь, Э.Батшугар нь ганцаараа өрсөлдөөд, ганцаараа ялаг. Ийм бохир муухай зүйлийн эсрэг шударгаар өрсөлдлөө. Энэ бүхний эсрэг ШИНЭ нам тэмцэх болно” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.