Шонгийн модноос бууж чадахгүй хоёр хоносон муурыг цахилгааны монтёрууд АВАРЛАА

Манай редакцид өнөөдөр /2021.12.20/ СБД-ийн 13 дугаар хорооны иргэн Б холбогдож “Манай гудамжны гэрлийн шонгийн орой дээр нэг муур гараад бууж чадахгүй хоёр хонож байна. Амьтан авардаг газар байвал холбож өгөөч” гэсэн юм. Бид иргэний мэдээллийн дагуу тухайн амьтныг хэрхэн аврах талаар холбогдох газруудаас тодруулахад, ОБЕГ “Манайд хариуцсан алба хэлтэс байдаггүй. Жилд ганц нэг ийм төрлийн дуудлага Мал эмнэлэг, Амьтан хамгаалах сайн дурын нийгэмлэг зэргээс ирж аврах ажиллагаа хийгдэж байсан” гэлээ.
Үүний дараа Экологийн Цагдаагийн Албанаас тодруулахад “Манайх энэ дуудлагыг НБОГ-ын Амьтан аврах хэлтэст шилжүүлж өгье” гэх хариулт өгсөн юм. Хэсэг хугацааны дараа дуудлага өгсөн иргэн дахин холбогдсон учир бид Нийслэлийн Байгаль Орчны Газрын Амьтан аврах хэлтэстэй холбогдож муур аврах дуудлага очсон эсэхийг лавлахад “Манайх хуулиараа нийслэл орчим дахь зэрлэг ан амьтныг аврах үйл ажиллагаа явуулдаг. Гэрийн тэжээвэр амьтан аврах дуудлагыг хүлээн авах боломжгүй” гэх хариуг өглөө. Эргээд Экологийн цагдаагийн албатай холбогдоход “Бид муурыг албан бусаар буулгалаа. Тухайн орчинд үүрэг гүйцэтгэдэг цахилгаан түгээх албаны ажилчидтай холбогдож ажилтнуудад хүсэлт тавьсны дагуу муурыг аюулгүй буулгалаа” гэсэн юм.
Үүний өмнөхөн дуудлага өгсөн иргэн “Би одоо ажлаасаа өндрийн шат аваад гарах гэж байна. Албан хариуцдаг газар олдохгүй бол өөрөө очиж буулгахаас” хэмээн ярьсан юм. Мэдээлэл өгсөн иргэн болон муурыг аварсан ажилтнууд, Экологийн цагдаагийн албад талархал илэрхийлье. Одоо муурыг дуудлага өгсөн иргэний есөн настай охин Б.Эрдэнэболор гэртээ оруулж хооллож, асарч байна.



















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар хөөрхөн юм бэ танай редакци чинь
Байгаль ОРЧНЫ газар бол заавал зэрлэг тэжээмэл гэж ялгах ёсгүй. Энэ жишээн дээрээс энэ сиймхий үнэхээр байна уу ? Эсвэл ажилчид хуулиа ажил үүргээ мэдэхгүй байна уу судалж шалгах хэрэгтэй.
Хөөрхий муурыг аварсан сайн санаатнуудын Буян нь дэлгэрэг.