Есөн настай хүү мориноос чирэгдэж амиа алджээ

Унаж явсан мориндоо чирэгдэж хүнд гэмтсэн хүүхэд шархаа даалгүй амиа алдсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр /2019.08.31/ Булган аймагт гарчээ.
Хүүг аймгийнхаа нэгдсэн эмнэлэг хүргэгдэн эмчилгээ авч амжилгүй шархаа даалгүй газар дээрээ нас барсан гэх мэдээлэл байгаа юм.
Харин бид ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албан дарга Б.Баатархүүгээс энэ талаар тодруулахад “Наймдугаар сарын 31-ний өдөр 19:30 цагт Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан хүүхэд шархаа даалгүй нас барлаа гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Амиа алдсан 9 настай эрэгтэй А нь ямар нэг уралдаанд уралдаагүй. Харин унаж явсан мориндоо чирэгдэж, хүнд гэмтэл аван, нэгдсэн эмнэлэгтээ эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Уг хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ” хэмээлээ.
Түүнчлэн өнгөрсөн долоодугаар сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 13 настай хүү моринд чирэгдэн нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Тодруулбал хүү зуны амралтаараа хөдөө очиж амарч байсан. Хэрэг гардаг өдөр /2019.07.09/ хүү морь унаж хурдан давхиснаар мориноосоо шидэгдэн, чирэгдэж улмаар эмнэлэг хүргэгдэх замдаа амьсгал хураасан байна. Хүүгийн хоёр бугалаганы ар, нүүр хацар орчим зулгаралттай, баруун нүд хөхөрч хавдсан байдалтай байжээ.
Иймд эцэг эхчүүд үр, хүүхдийнхээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд өсөж, торних, хөгжих, сурч боловсрох эрхийг хангах хамгаалах үүргээ ухамсарлаж, хүүхдэд тавих анхаарлаа нэмэгдүүлж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.
Ж.ДӨЛГӨӨН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.