НийгмийнУЛС ТӨР

НЭМЭГДСЭН ТӨСВҮҮД: Гишүүд ХЭМНЭХ БИШ ӨСГӨЖ, төсвийн мөнгөөр айлд жорлон барих заалтыг хүртэл дэмжив

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Хэдхэн хоногийн өмнө Засгийн газар өдөржин хуралдаж, Ерөнхий сайд оройхон гарч ирээд төсвийг ингэж тэгж хэмнэхээр боллоо хэмээн баахан задаргаа ярьсан. Дарга нарыг цөөлнө, ТӨҮГ-уудыг хувьчилна, хувьцаат болгоно гэх мэтчилэн амлалтууд өгсөн юм.

Гэтэл өнөөдөр чуулганы хуралдаанаар уг төсвийн тодотголын хүрээнд давхар оруулж ирсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-ын гишүүн Ерөнхий сайддаа дунд хуруу өгчихөв. Өөрөөр хэлбэл, өнөөх хэмнэнэ гээд байсан заалтуудыг нь хоорондоо нийлж лоббидоод, кнопоороо авч үлдэцгээв.

Тухайлбал хэмнэх гэж байсан заалтуудаа дараах байдлаар өөрчилжээ.

  1. Засгийн газраас төсвөөс жорлон шийдэж байгаа асуудлыг хасах санал оруулсан байна. Гэтэл М.Оюунчимэг гишүүн эл заалтыг цээжээрээ хамгаалж, авч үлджээ. Өөрөөр хэлбэл, гэр хороолол жорлонг төсвөөр барих санал дэмжигдэв.

2. Төрийн хэмнэлтийн тухай хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглохоор заасан байв. Гэтэл 100 хүнтэй агентлаг дэд даргатай байна болгож өөрчлөв. Уг нь Төсвийн байнгын хорооноос 400-гаас дээш ажилтантай бол дэд даргатай байж болно гэж оруулж ирсэн боловч 100-аас дээш хүнтэй агентлауудын ажил нүсэр их байдаг гэцгээснээр 100-аас дээш байхаар нь дэмжчихэв.

3. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ТӨҮГ-уудыг нээлттэй, олон нийтийнх болгоно гэсэн. Гэтэл өнөөдрийн чуулганы үеэр эрчим хүчний компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох заалтыг гишүүд огт дэмжсэнгүй.

4. Хотын даргын зургаан орлогчийг хоёр болгож бууруулна гэснийг дөрөв болгож нэмэв. Тэгэхээр хотын дарга хоёр орлогчоо л явуулж таарах нь.

5. Аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглох заалт орж ирсэн. Гэтэл энэ заалтад дүүргийн Засаг дарга гэж нэмээд, тус бүр хоёр орлогчтой болгож Ерөнхий сайдын төсөөлсөн төслийг өөрчилж орхив. Өөрөөр хэлбэл энэ удаагийн төсөв танагдсангүй, Ерөнхий сайдын данхайсан төрийг цомхотгох амлалт биелэлээ олж чадсангүй.

Энэ байдалд УИХ-ын гишүүн Т.Доржханд уурлаж, хурлыг хаяж гарсан юм. Тэрбээр "Оруулж ирсэн хуулийн төсөлд нь хэмнэсэн зүйл алга. Юугаа хэмнэсэн гэж та нар ярих гээд байгаа юм бэ. Гишүүд нь хот хөдөөгөөрөө хуваагдаад Төсвийн байнгын хорооны даргатайгаа үзэлцээд үр дүнд нь хэмнэлт алга болжээ. Үр дүн гарахгүй бол парламентын суудал бөгөлж, чихэртэй цай ууж суух шаардлага байхгүй" хэмээн гишүүдэд хатуу үг хэлээд гарч одсон юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Арай арай

Зочин
Зочин

Хувьчлаад авчихсан бүүр боломжтой айлуудын ханыг төсвийн мөнгөөр янзлаад байгаа биз дээ.

Зочин
Зочин

Энэ арай дэндэнээ. Айлуудын жорлонг нь хүртэл татвар төлөгчдийн мөнгөөр хийж өгөөд байвал яаж бэлэнчлэх сэтгэлгээнээс салах юм бэ? Хоёрт, гэр хороолол дахин төлөвлөлт гээд нэг хөтөлбөр бий. Сайтар уялдуудахгүй бол магадгүй дараа жил нь айлууд нь газар чөлөөлж, нөгөө төсвийн хөрөнгө үхнэ биз дээ. Энэ УИХ маш чанаргүй байнаа. Өүр хэлэх ч үг олдохгүй байна.

Зочин
Зочин

Ер нь ЕС бол ярьдаг хүн - тоглоомон хүүхэлдэй ш дээ .... Эрхэм гишүүд олон юмаар даапаална аа : одоо дараа нь ХӨБА гээд л хөврөнө ...-

Zochin
Zochin

УИХ гишүүд гэж бөөн лоббичид, шантаажчин гарууд. Өөрт ашигтай төслийг хасна гэж бхгүй, улс орноо бодмоор юм

Холбоотой мэдээ

Back to top button