С.Одонтуяа: Хувийн хэвшил устаж алга болох эрсдэл байна
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.06.06/ хуралджээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар мэдээлэл өглөө.
Бүлгийн дарга Д.Ганбат "Өнгөрсөн долоо хоногт АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдсан. Энэ хурлаар бүлгийн дүрмээ батлав. Манай нам сүүлийн хоёр жилийн турш гадна дотнын нөлөөгөөр маргаантай байв. Бид намын дүрмээ гуравдугаар сард бүртгүүлсэн. АН-ын бүлэгт анх 11 гишүүн байв. Зарим гишүүн бүлгийн хуралдаа суухгүй байна. Бид хэнийг ч албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийн талаар бүлэг хэлэлцлээ. Хувийн өмч, хувийн компаниудыг ашигтай ажиллахыг намын зүгээс үргэлж дэмждэг. АН олонх болсон үедээ хувийн хэвшлийг дэмжсэн бодлого баримталж, хууль эрх зүйн орчныг сайжруулдаг. Гэтэл одоо бол халамж, төрийн өмч хавтгайрсан байна. Энэ тал дээр олонх анхаарч ажиллах ёстой" гэлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "АН-ын бүлэг нэг ноцтой асуудлыг ярилцлаа. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 20, 30-аад жил болж байна. Өнөөдөр улсын төсвийг орлогыг бүрдүүлэхэд 90 гаруй хувийг уул уурхайн компаниуд оруулж ирж байна. Үүний дийлэнхийг төрийн өмчит хоёр компани оруулж байна. Тэгэхээр ерөнхийдөө хувийн хэвшил устаж алга болох эрсдэл байна. 2019 онд төрийн өмчийн компаниудын төсөвт төлж буй орлого нь 9.7 их наяд байна. 7.6 их наядын зарлага гаргасан. 4.2 их наядын өртэй болсон байна. Монгол Улсын хөрөнгө хаашаа урсаж байгааг энэ гурван тоо л харуулна. Төрийн өмчит компаниудын нийт өрийн хэмжээ 40 их наяд болсон. Тэгэхээр бид хувийн хэвшлээ дэмжиж байж Монгол Улсын эдийн засаг хөгжинө.
Хэмнэлтийн хууль хэрэгтэй ч жижиг зүйлээр оролдохгүй. Том эдийн засгийн бүтцээ харж ажиллах шаардлагатай байна.
Эрх мэдэл тэнцвэртэй байх ёстой тул Ерөнхийлөгчийг ард түмэн өөрсдөө сонгох нь чухал. Парламентаас Ерөнхийлөгчийг сонгохыг бид дэмжихгүй. Мөн одоогийн Ерөнхийлөгч зургаан жил ажиллах тул бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох цаг дөхөхөд бид энэ асуудлыг ярих нь зөв" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Устах хэрэгтэй зөвзөвзөв