Сэтгүүлчдээс гуйсан Х.Нямбаатар сайдын уучлалт
Зайсан дахь шавар гэрүүдийг Нийслэлийн ЗДТГ-ын шийдвэрээр буулгасны дараа тухайн газарт үйл ажиллагаа явуулж байсан ААН-ийн төлөөлөл болон цагдаагийн албан хаагчдын хооронд үл ойлголцол үүсээд байгаа. Уг үйл явдлыг сурвалжилж байсан сэтгүүлчийн биед цагдаа нар халдсан. Энэ тухай сэтгүүлчид нэгдэн, мэдээлэл хийгээд байгаа юм.
Тэгвэл энэ тал дээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар уучлалт хүссэн байна.
Тэрбээр "Нийт сэтгүүлчдээсээ уучлал хүсье.
Цагдаагийн алба хаагчийн гаргасан хууль бус үйлдлийн өмнөөс сэтгүүл зүйн салбарт ажиллаж буй нийт сэтгүүлчид, зураглаач та бүхнээсээ уучлал хүсэж байна.
Миний бие ардчилсан нийгмийн гол тулгуур болсон сэтгүүл зүй, хэвлэн нийтлэх эрхийг цаг ямагт хүндэтгэн ажиллаж ирсэн. Цаашид ч хүндэтгэн, хамгаалах болно.
Цагдаагийн алба, алба хаагч нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чандлан сахиж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж, хамгаалж, хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй ажиллана гэсэн үг юм.
ХЗДХЯ болон Цагдаагийн байгууллагын удирдлагуудын зүгээс нийт цагдаагийн алба хаагчдын ёс зүй, мэргэжлийн харилцаа, хандлагыг хөгжүүлэх сургалт, судалгаа тасралтгүй зохион байгуулдаг. Энэ удаа ч мөн дээрх цогц арга хэмжээнүүдэд онцгой анхаарч ажиллах талаар холбогдох этгээдүүдэд үүрэг, чиглэл өгч байна.
Хүний эрхийг зөрчиж, сэтгүүлчидтэй зүй бус харьцсан, хууль бус үйлдэл гаргаж, өргөсөн тангаргаасаа няцсан алба хаагчид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох болно" гэжээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгээд хойшид сэтгүүлч гэж орилоод л бүх хууль журам зарлиг тогтоол дураараа зөрчдөг авирладаг турхирдаг цагдаагаа зоддог зулгаадаг өшиглөдөг доромжилдог нулимдаг чөлөөт сүрэг байх уу.
Цагдаа ч яахав дээ дээрээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх гэж л муйхарлаж байхгүй юу. Сэтгүүлч нь харин энд зураг авч болохгүй гэхээр нь больчихож болдоггүй юм уу, чи яадагын гэсэн байртай зураг аваад байсан юм байлгүй дээ. Хэн мэдэхэв дээ, адилхан боловсролгүй нөхдүүд, биенийгээ ойлгохгүй. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө....гэж.
Нэг ширхэг уучлал гуйгаад дуусаа