БАГЦ: EGUUR.MN сайтын долоо хоногийн ОНЦЛОХ контентууд

Мэдээ, мэдээллийн EGUUR.MN сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох контентуудыг нэг дор багцлан хүргэж байна.
У.Эрхбаяр: Би “Өнөө өглөө” хөтөлбөрөөрөө хүмүүжиж яваа

Монголын хамгийнолон үзэгчтэй өглөө хөтөлбөр “Өнөө өглөө”. Шалгуур их, босго өндөртэй энэ айлын гишүүн болно гэдэг хөтлөгчдийн хувьд нэр төр. Эерэг дулаан уур амьсгал, сонирхолтой зочид, өнгөлөг төрх, нөр их хөдөлмөрөөрөө ялгардаг “Өнөө өглөө”-гөөр “хүмүүжсэн” хөтлөгчид үргэлж бренд болж, салбартаа жишиг болдог нь аргагүй үнэн.
Бид энэ удаа “Өнөө өглөө” хөтөлбөрөөсөө суралцаж, хөтөлбөрөөрөө “амьдарч, амьсгалж” яваа залуухан хөтлөгч У.Эрхбаярыг урин ярилцлаа. Түүний өглөө бүр хэдэн цагт хэрхэн эхэлдэг, түм түжигнэж бум бужигнасан их хотын хэмнэлд өглөөний хүн хэрхэн “амьдарч” яваа тухай, түүний мэргэжил, алдаа оноо, хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр хэрхэн тэмцсэн зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцав.
-Өглөөний мэнд. Таны өнөө өглөө хэдэн цагаас эхлэв?
-Миний өглөө 04.50-05.10 цагийн хооронд эхэлдэг. Жаахан ядарсан үед сэргүүлгээ ганц нэг удаа таван минутаар ухраасаар 05.10 цаг болгочихдог. Харин амралтын өдөр нэвтрүүлэг маань 09 цагаас эхэлдэг учир 07 цаг гэхэд босчихсон байдаг. Өглөө 07 цагаас сэрнэ гэдэг маш сайхан амралт болдог шүү.
-Өглөө 05 цагт босохын тулд орой хэдэн цагт унтаж амардаг вэ?
-Стандартынхаа дагуу 11 цагаас хэтрэхгүй орондоо орсон байх ёстой. Хүн өдөртөө 6-8 цаг унтсан тохиолдолд бүрэн амарч чаддаг. Миний хувьд жаахан хэлбэлзэлтэй. Заримдаа шөнө сууж ажиллаад 1,2,3 цаг хүргэх нь ч бий. Монгол телевиз наадмын дараачаас кино сар зарлаж, албуудаа амраасан юм. Ингээд наймдугаар сарын 26-нд эфир эхлэх болов оо. Гэтэл би яг л есдүгээр сарын 01-нд хичээлээ бэлдэж байгаа хүүхэд шиг, өмнөх орой нь догдлоод нойр хүрдэггүй, шөнийн 03 цаг хүртэл орондоо хөрвөөдөг юм. Эфир эхлэх гэж байгаа гээд ганц нэг цамц шинээр худалдаад авчихсан, шинэ хувцсаа ч өмсмөөр санагдаад, шөнөжин догдолсон тохиолдол бий. Тэр шөнө хоёрхон цаг унтаад буцаад сэрж байсан. Сэрэхдээ сэргэлэн цовоо, баяр баясгалантай л босож байгаа юм.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Фитнесс эмч Н.Лүдэвдорж: Гоё биетэй болох гэж бус эрүүл мэндийнхээ төлөө зорилго тавь

"Цахим фитнесс эмч” фэйсбүүк хуудас ажиллуулан фитнессээр зөв зүйтэй хичээллэх тухай шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл түгээдэг Н.Лүдэвдоржтой ярилцлаа. Тэрбээр АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн бөгөөд, эзэмшсэн мэдлэгээ фитнессийн спорттой уялдуулж, Монголд дутмаг байдаг “фитнесс эмч”-ийн орон зайг бий болгохоор хичээж буй залуу үеийн төлөөлөл.
-Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Н.Лүдэвдорж гэдэг. АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. Фитнессийн спортыг сонирхон судалж эхлээд 4 жил орчим болж байна. Монгол улсад фитнессийн спортыг анагаах ухаантай холбож хөгжүүлье, эх суурийг нь тавья гэсэн зорилготойгоор ажиллаж байгаа.
-Сүүлийн жилүүдэд фитнессийн газрууд олноор байгуулагдах болсон. Үүнийг эрэлт, хэрэгцээ нь их байгаагийн илрэл гэж хардаг?
-Тийм шүү. Фитнессийн спортыг сонирхон хичээллэж буй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Түүнийг дагаад фитнесс клубууд ч нэмэгдэх болсон. Гол нь хичээллэгсэд нэмэгдэж байгаагийн хэрээр тэдэнд чанартай үйлчилгээ үзүүлэх мэдлэг чадвартай боловсон хүчин дагаад ихсэх хэрэгтэй. Тэгж чадахгүй бол энэ спорт зөв хөгжихгүй. Нөгөөтэйгүүр залуус маань яагаад энэ спортыг сонгох болсон бэ гэдэг нь их чухал. Фитнессээр хичээллэж эхлэгсдийн дийлэнх нь гадаад үзэмжиндээ анхаардаг болсонтой нь холбоотой гэж би хардаг. Залуус нь булчинлаг биетэй болъё, харин бүсгүйчүүд туръя хэмээн хүсэж фитнессээр хичээллэх нь илүү элбэг байна.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Х.Болдбаатар: Токиогийн олимпын дараа яах вэ гэдэг асуудал одоо тулгарчихаад байна

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар шинээр томилогдсон Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатартай ярилцлаа. Бээжингийн олимпод Н.Түвшинбаярыг дасгалжуулан олимпын аварга төрүүлж, монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн тэрбээр хос Гавьяат цолтой Монголын хоёрхон эрхмийн нэг (нөгөөх нь З.Дүвчин) билээ. Нэгэн цагт Монголын жүдо бөхийн нүүр царай болж, олимп, ДАШТ-ий медалийн оосроос атгаад алдсан Х.Болдбаатар БНХАУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад хоёр жилийн өмнө эх орондоо ирсэн юм.
-Та шинэ ажлаа хүлээж аваад хэдхэн хонож байна. Монголын жүдо бөхийн холбооноос танд санал тавьсан уу, эсвэл ахлах дасгалжуулагч болох хүсэлтэйгээ илэрхийлсэн юм уу?
-Аль аль нь. Ер нь олон дасгалжуулагч МЖБХ-нд хүсэлт гарган, ахлах дасгалжуулагч болох хүсэлтэйгээ илэрхийлсэн. Би ч бас тэгсэн. Манай холбооноос намайг сонгож, ахлах дасгалжуулагчаар томиллоо.
-Жүдо бөхийн спорт өндөр хөгжсөн өнөө цагт ДАШТ-ээс медаль хүртэх аль ч орны тамирчдын хувьд өндөр даваа. Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчид энэ жил дэлхийн дэвжээнээс нэг хүрэл медаль хүртсэндээ уучлалт гуйн, өөрсдийнхөө хүсэлтээр ажлаа өгсөн. Тэдний шийдвэрийг та хэрхэн хүлээж авсан бэ?
-Бусдын гаргасан шийдвэрийг хүндлэх учиртай. Би зөв, буруу гэж дүгнэх учир дутагдалтай байх. Энэ асуудлын нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй болохоор үнэндээ тодорхой хэлж мэдэхгүй нь. Тэд үнэхээр сайн ажиллаж, тамирчдаа өндөр амжилтад хүргэсэн. Шигшээгийн өмнөх дасгалжуулагчдын ажлыг үргэлжлүүлж, амжилтыг нь буухиалах бидний гол үүрэг. Нэр төрийн гэхээсээ илүү хариуцлагын асуудал.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
ТУС ТУСЫН СТРАТЕГИ: Ээлжит бус сонгууль явуулах нь ТЭДЭНД АШИГТАЙ

Эрх баригч намынхан дийлэнх олонхоороо нэгдэж, Ард нийтийн санал асуулгатай зэрэгцүүлэн УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах лоббиг хийж эхлээд буй. Уг мессежийг анхлан УИХ-ын дарга Г.Занданшатар телевизийн нээлттэй хэлэлцүүлэгт орох үеэрээ илэрхийлсэн. Төд удалгүй УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн албан бланкин дээр гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн юм.
Энд нэг сонирхолтой өнцөг байгаа нь, ээлжит бус сонгууль явуулах асуудлыг парламентын бүрэн бүтэн байдлаа хамгаалах учиртай спикер нь алга ташин дэмжсэн явдал. Шууд байдлаар гарын үсэг зурвал Үндсэн хуулийн зөрчил болох учраас нөхдөө уриалах ажилд идэвхтэй оролцож байгаа гэх. Бүр парламентын гаднаас МАН-ын генсек Д.Амарбаясгалан оролцож, “Зурвал тойргийг тань өгнө” гэхчлэн гишүүдтэй наймаа хийж явна.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Ч.Лодойсамбуу: Би жинхэнэ эх оронч үйлдэл хийж чадсан гэж бодож байгаа

“Улаан бал” нэвтрүүлгийн сэтгүүлч Ч.Лодойсамбуу өнгөрсөн даваа гарагт /2019.09.23/ “Уранхай төр” тойм нэвтрүүлгийнхээ үеэр Монгол төрийн далбааг урсан нь олны шүүмжлэлийг хүлээгээд байна. Бид уг асуудлаар сэтгүүлч Ч.Лодойсамбуутай уулзаж ярилцлаа.
-Та Монгол төрийн далбааг олны өмнө урлаа. Ямар дайралт ирэхийг нь мэдсээр байж ийм үйлдэл хийсэн гэсэн. Яагаад?
-Уурлуулмаар байсан юм. Монголчуудын юунд уурлаж, юунд хүлцэнгүй хандах вэ гэдгийн байр солигдчихоод байгаа. Төрийн далбааг урахад урж байгаа хүндээ ч хэцүү. Гэвч төрийн далбаа гэж юу юм? Эх орон гэж юу вэ? Төрийн далбаа яагаад байдаг юм? Төрийн далбаа бол бэлгэдэл, төрийн бэлгэдэл, тусгаар тогтнол, эрх чөлөө, бие даасан улсын бэлгэдэл. Хэрэв бие даасан байдал, аюулгүй байдал, тусгаар байдал байхгүй бол төрийн далбаа байхгүй. Өөрөөр хэлбэл, мөн чанар руугаа хүмүүсийг хараасай гэсэндээ энэ үйлдлийг хийсэн. Над руу маш их дайралт, хараал зүхэл ирнэ гэдгийг мэдэж тооцож хийсэн. Тэгээсэй гэж хүссэн. Харин түүнийхээ дараа бодоосой гэж хийсэн.
Нэг дуучин “Лодойсамбуу арай ч дээ, бидний өндөрт өргөж явдаг төрийн далбааг урлаа” гэж бичсэн байсан. Тэр дуучин төрийн далбааных нь мөн чанар болсон эх орон, газар шороо, газар нутаг, тусгаар тогнол, эрүүл аюулгүй орчин, байгаль гээд бүх боломжийг нь хулгайлж, луйвардаж, урж тасдаж явдаг хүмүүсийн сонгуульд тугаа нөмрөөд дуулаад явдаг. Түүний оронд урсан нь дээр. Хэрэв туг далбаа үг хэлдэг бол луйварчдын сонгуульд дуулах дуучны мөрөн дээр явснаас мөн чанарыг нь ойлгодог сэтгүүлчийн гарт урагдахыг илүүд үзнэ.
Өнөөдөр төрийн ордонд намирч байгаа төрийн далбаа бөхийхийг, урагдаж алга болох эсвэл мөн чанарыг нь ойлгодог хүний авдар дотор хэвтэхийг хүсэж байгаа. Хэрэв төрийн далбаа юм боддог бол тэр их хуйвалдаан, эх орныг нь устгаж буй хүмүүсийг сонсож, зовж суугаа. Төрийн далбаа хаана жаргадаг вэ гэвэл тусгаар улсын бүрэн эрхэт байдлаа хадгалахад чин сэтгэл зориулдаг хүний гэрт, олимп дэлхийн аваргын “тэнгэрт” л жаргаж байдаг. Бидний нүдэн дээр төрийн далбаанаасаа адис аваад далдуураа эх орноо зарж байгаа хүмүүсээс монгол төрийн далбаа ичиж байгаа.
Одоо цаашид наадам, цагаан сар зэрэг төрийн далбаа тренд болдог өдрүүдээр хүмүүс далбаандаа хүндэтгэлтэй хандаж эхэлнэ. Машиндаа өлгөсөн далбаагаа хаялгүй хурааж хадгалах тухай боддог болно. Ядаж энэ бол үр дүн.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
А.Номин: Хүүгээ амьд үед нь ангир уургаа амлуулж чадаагүй дээ харамсдаг

Амгалан амаржихад наймдугаар сарын 30-нд эндсэн нярайн талаар бид мэдээлж, ар гэрийн зүгээс /нярайн аав О.Мөнхбаяр/ ярилцлага авч байсан.
Өмнөх ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.
Эндсэн нярайн асуудалд эмч нар буруутай, хариуцлагагүй үйлдэл гаргасан хэмээн гомдолтой буйгаа илэрхийлж, хууль хяналтын байгууллагад хандсан гэдгээ ар гэрийнхэн нь хэлж байсан. Тэгвэл манай сайтад нярайн ээж А.Номин хандаж ярилцлага өгөхийг хүссэн. Иймд бид түүнтэй нөхцөл байдал одоо ямар байгаа талаар ярилцлаа.
-Сайн байна уу? Төрснөөсөө хойш дахин Амгалан амаржих газартай холбогдож, биеэ үзүүлэв үү та?
-ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины айлчлалаар мягмар гарагийг амралтын өдөр болгож, хагассайн /2019.09.07/ өдрийг ажлын өдөр болгосон. Тэр өдөр төрсний дараах хяналтын эмч дуудан үзлэгт орж, оёогоо үзүүлсэн. Гэвч тухайн үзлэг хийж оёдол цэвэрлэж байсан сувилагч намайг их шоолж дооглонгуй байсан. Тэр хүн төрсний дараа надад боолт хийж байсан сувилагч байсан. Үнэхээр, хагалгааны сорив дээр дарахад өвдөж байсан учраас ёоёо гэсэн. Би чинь төрөөд долоо л хонож байсан хүн шүү дээ тийм хурдан, хагалгааны сорив эдгэх биш. Гэтэл баашиллаа, төрөөд долоо хоночхоод яасан арчаагүй юм гээд л цаанаасаа хүн дуудаж ирснээ, хагалгааны сорвинд минь дарж үзүүлээд шоолоод байсан.
-Та ямар хариу үйлдэл үзүүлэв?
-Тийм үйлдэл гаргахад нь би боолт хийлгэхгүй гээд уйлчихсан чинь “Чи өмнө нь зүгээр хийлгээд л байсан биз дээ ” хэмээн аргадсан. Гэсэн ч хандлага нь үнэндээ таалагдаагүй. Бусдаар надтай эмнэлгийн зүгээс холбогдож уулзаагүй. Хүүг эндсэний дараа эмнэлгээс гараагүй байхад, эмч нар нь таарчхаад сонин харж зөрснөө цаашаагаа инээлдээд л явсан. Ядаж уучлаарай ч юм уу, ямар нэгэн гэмшсэн сэтгэлийн үгс хэлж болох л байсан. Ер нь төрөх эмнэлгийн эмч нар хэн нэгний танил тал, ямар нэг гар цайлгах мөнгө өгөөгүй л бол тоодоггүй дүр зураг байсаар л. Надтай адилхан “хийсвэр ” хагалгаанд яаралтай орсон эмэгтэй боолт хийлгэх үеэр ирэхэд “Өө манай тэрний хэн байна шүү дээ, нааш ир ” гээд л шал өөр болчихсон. Энэ мэт дүр зураг, гар цайлгахгүй л бол өвчтөнөө тоохгүй байгаа нь үнэхээр хариуцлагагүй байдал.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
ТОЙРОГ СОЛИЛТ: Д.Дамба-Очир Дундговьд, Ц.Цогзолмаа Ховдод, Ц.Нямдорж Увсад нэр дэвших үү

УИХ-ын хэд хэдэн гишүүн тойргоо сэлгэж, нэр дэвшихээр яригдаж буй. Тойрог солихоор яригдаж буй гишүүдийн асуудал зарим тойргийн мандатыг нэмж, хасахтай ч холбогдон гарч байгаа юм. Одоогоор сонгуулийн ямар хэлбэрээр явагдах нь тодорхойгүй хэвээр байгаа ч Нийслэлийн тойргуудыг цөөлж, орон нутагт нэмэх чигийг барьж байна.
Тухайлбал, зургаан мандат бүхий Банзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн нэг мандатыг ганц гишүүнтэй тойргууд руу шилжүүлэхээр яригдаж байгаа. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргээс Ц.Гарамжав гишүүнийг мандаттай нь Булган аймаг руу илгээх хувилбар яригдаж байна.
Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүрэг таван мандаттай болж, Булган аймаг мандатаа нэмэгдүүлэх хувибар гэсэн үг. Уг хувилбар хэрэгжвэл Сонгинохайрхан дүүрэг дэх Ц.Гарамжав гишүүний тойргийг бусад тойрогт хувааж, түүний нэр дэвших эрхийг Булган аймаг руу шилжүүлэх асуудлыг ярих юм. Яг энэ хэлбэрээр Баянзүрх дүүргээс нэг тойрог Сүхбаатар аймаг руу шилжих хувилбар яригдаж байна.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Д.Амартүвшин: Би “өвс” ярьсан болохоос хар тамхи сурталчлаагүй

Твиттер орчинд, “Өвс буюу марихуаныг хуулиар зөвшөөрөх хэрэгтэй” гэсэн утгатай жиргээ хийснээсээ үүдэн цагдаагийн байгууллагад дуудагдаад буй, комедиан дүр төрхөөр олонд танигдсан Д.Амартүвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таныг комеди шоу хийх үеэрээ хар тамхитай холбоотой сэдвийг хөндсөн гэдэг ойлголт нийгмийн сүлжээгээр түглээ?
-Комеди шоутай маань энэ бүхэн холбоогүй юм. Харин өөрийнхөө фэйсбүүк болон твиттер хуудсанд хар тамхитай холбоотой сэдвээр хувийн үзэл бодлыг нээлттэй илэрхийлсэн. Ерөнхийдөө олон улсад хар тамхитай тэмцэх ажиллагаа яагаад үргэлж бүтэлгүйтдэг, ямар зүй тогтол үйлчилдэг талаар бичсэн. Гэтэл “өвсийг нь зөвшөөрчихөөч ээ” гэх мэт жиргээг нь дангаар тастаж аваад, сошиал орчинд түгээсэн байна билээ. Үүний өмнөх пост, жиргээнүүдийг харалгүйгээр зөвхөн тэр хэсгийг нь хэсэгчилж авсан байсан. Үүнээс болж намайг цагдаагийн хэлтэс дээр дуудаж, мэдүүлэг авсан. Бас нэгжлэг хийснээс гадна, биологийн дээжийн шинжилгээ авсан.
-Цагдаагийн хэлтэс таныг дуудаж мэдүүлэг авсан шалтгаанаа юу гэж тайлбарласан бэ? Шинжилгээний хариу яаж гарав?
-Намайг шалгасан үндэслэл нь ерөөсөө хар тамхи, мансууруулах бодисыг олон нийтэд сурталчилсан явдал гэж тайлбарласан. Харин яагаад надаас биологийн дээж-шинжилгээ авсан, тэр бүү хэл нэгжлэг хийсэн тухайгаа хэлээгүй. Найман янзын хар тамхи болон сэтгэцэд нөлөөт химийн бодисын шинжилгээ авсан. Тэдний аль нь ч надаас илрээгүй.
Энэ бол ардчилсан тогтолцоотой нийгэмд маш ноцтой үзэгдэл л дээ. Хувь хүн хар тамхитай тэмцэх үйл ажиллагаатай холбоотой үзэл бодлоо фэйсбүүк болон твиттер орчинд илэрхийлсэнтэй нь холбогдуулж шууд шинжилгээ аван, нэгжлэг хийнэ гэдэг маш бүдүүлэг хэрэг гэж харж байгаа.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
СУРВАЛЖИЛГА: Даршилсан ногооны хачрыг урд хөршөөс оруулж ирдэг

"Миний”, “Номин”, “Сансар”, “Оргил” тэргүүтэй томоохон хүнсний сүлжээ дэлгүүр болоод захуудад элбэг зарагддаг даршилсан ногооны хачирны талаар сурвалжиллаа. Уг бүтээгдэхүүн манай зах зээлд худалдаалагдаж эхлээд багагүй хугацаа өнгөрч, хэрэглэгчид ч тогтмол худалдан авдаг болсон хэдий ч хаанаас оруулж ирдэг, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэх нь тодорхойгүй хэвээр. Иймд манай сурвалжлах баг юун түрүүнд “Миний” сүлжээ дэлгүүрийн нэг салбараар орлоо.
“Миний” Хайпермаркет дэлгүүрт төрөл бүрийн даршилсан ногоонууд задгай хэлбэрээр зарагдаж байв. Хүмүүс өөрсдийн хүссэн хэмжээгээр граммлуулан худалдаж авдаг аж. Нэг киллограмм нь 7200 төгрөг. Худалдагчаас хаанаас оруулж ирдэг талаар нь тодруулахад, “пакеттэй даршилсан ногоог задлаад зардаг” хэмээн хариулав. Чингээд хөргөгчин дотроосоо хятад бичигтэй ууталсан ногоо гаргаж ирэн үзүүлсэн юм.
Үзвэл “Яруу зүйл” ХХК урд хөршөөс эдгээр ууталсан бүтээгдэхүүнийг оруулж иржээ. Мөн “Гантуяа” гэсэн компани дотооддоо үйлдвэрлэн худалдаалдаг юм байна.
Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Б.Эрдэнэцэцэг: “Зүрхэнд шивнэсэн үг” кинондоо тоглож 50 мянган төгрөгөөр шагнуулж байлаа

Найруулагч О.Бат-Өлзий аав МУГЖ У.Осорын мэндэлсний 80 жилийн ойд зориулан “Зүрхэнд шивнэсэн үг” киногоо бүтээж, “Мөн ч их хүлээсэн дээ гэсэн шүү” гэх хоолой зангируулан шивнэх охины үгээр үзэгчдийн сэтгэлийн утсыг хөнджээ. Үхсэн амьдын сураггүй болсон эрийг хүлээх эхнэр, охин, ээж гурван эмэгтэйн тухай уг киноны зохиолыг МУГЖ Д.Норовын “Мөнхийн дуудлага” туужаас сэдэвлэн бүтээсэн гэдэг.
Гол дүрийн бяцхан охин киноны үйл явдлын гол зангилааг тун ч чадварлаг гаргах бөгөөд наймхан настай ч жүжиглэлтээрээ олны сэтгэлийг өөртөө татаж, өдгөө ч түүний хэлдэг хэдхэн үгс үзэгчдийн сэтгэлд хадаатай байдаг билээ.
Хүүхэд насны гэнэхэн дүрээ кино зургийн хальснаа мөнхөлж үлдээсэн энэ бяцхан охиныг Батбаярын Эрдэнэцэцэг гэдэг. Өдгөө өөрөө хоёр ч хүүхдийн ээж болсон тэрбээр “Одоо ч киногоо үзэх бүртээ уйлдаг, ээж болоод бүр илүү их ойлгосон” гэсээр бидний яриа эхэллээ.
-Хүмүүсийн сэтгэлд хайр бас харуусал үлдээсэн дүрд тоглох болсон түүх тань их сонин юм билээ. Азтай гэмээр тэр тохиолын талаар та эргэн дурсахгүй юу?
-Би Монголын хүүхдийн ордонд дөрвөн настайгаасаа эхэлж явсан. Д.Саранхүү багшийн удирдаж байсан драмын дугуйланд орох гэтэл хэтэрхий жаахан байна гээд ээж бид хоёрыг авахгүй, буцааж байлаа. Гэвч ээж минь багшаас гуйсаар байж оруулж байв. Охин хүүхэд болохоор их адтай, нэлээд сэргэлэн байсан болохоор ээж намайг чадна гэж мэдээд ийн гуйж байж оруулж байж. Ингээд драмын дугуйланд явах боллоо. Дараа жил нь буюу таван настай байхдаа “Тавилан” кинонд тоглож, удалгүй дугуйлангийн багш маань солигдож н.Амарзаяа багш бидэнд багшлах болсон. Зүрхэнд шивнэсэн үг кинондоо тоглох холбоос нь Амарзаяа багш маань байсан юм шүү дээ. Багш “Тэр киноны пробонд очоод ороод үз” гэх саналыг анх тавьж, ээж бид хоёр ч дуртайяа зөвшөөрөн, орохоор болсон ч шалгаруулалтаасаа хоцорчихсон. Шалгаруулалт хэдийнээ дуусчихсан байхад бид хоёр явж очсон бөгөөд ээж маань “Манай охиныг шалгаад өгөөч” гэж ахиад л гуйж байж намайг шалгуулж, кинонд тоглох болсон доо.
-Бараг шалгаруулалт авахгүй, таны дүр төрхийг хараад л “мөн юм байна” гэж харж байсан талаар найруулагч нь ярьсан байдаг шүү дээ?
-Тухайн үед надаас “уйлж чадах уу, морь унаж чадах уу” гэх мэт асуултууд асууж, текст уншуулж байсныг санадаг. Яг бүгдийг нь бүтэн сайн санадаггүй юм. Миний бодлоор Сарантуяа эгчийн төрхтэй жаахан төстэй байсан байж магадгүй. Өтгөн хөмсөг, цагаан царай зэрэг нь ойр байсан болохоор тэнцүүлсэн юм болов уу даа гэж одоо боддог. Хэдийгээр гуйж байж шалгаруулалтад орсон ч тэнцэх эсэхээ сайн мэдэхгүй, итгэл муутайхан байсан. Гэтэл удалгүй залгаад тэнцсэн тухай баярт мэдээг дуулгаж, би ч их баярлаж байснаа сайн санадаг.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
М.Өлзийтөмөр: Амьтан бол хэд хоног зугаагаа гаргаад буцаадаг ТОГЛООМ биш

Амьтанд хайртай, тэжээвэр амьтантай хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй. Тэгвэл энэ удаа бид монголын томоохон амьтны дэлгүүрийн нэг болох “Amazon” амьтны дэлгүүрийг үүсгэн байгуулагч М.Өлзийтөмөртэй ярилцлаа. Багаасаа цаг зав гарвал амьтантай ноцолдож өнгөрөөх дуртай, амьтанд чин сэтгэлээсээ хайртай түүний сонирхолтой ярилцлагыг хүлээн авч уншина уу.
-Сайн байна уу? Юуны өмнө өөрийнхөө тухай яриач?
-Би багаасаа амьтанд сонирхолтой байсан. Мэдээ орсон цагаасаа л бүх төрлийн амьтанд хоббитой хүүхэд байлаа. Цаашлаад дунд сургуульдаа энэ төрлийн хичээлдээ илүү сонирхолтой байсан ч барилгын инженер болох хүслээрээ мэргэжил эзэмшиж төгссөн. Одоо бол дуртай зүйлээ буюу амьтантай холбоотой амьтны дэлгүүр ажиллуулж байна. Удахгүй амьтан судлаачаар мэргэших зорилготой байна. Дараа жилээс сурч эхэлнэ.
-“Amazon” амьтны дэлгүүрээ хэзээ нээж байсан бэ? Анх нээж байхад хэцүү тулгамдсан асуудлууд тохиолдож байв уу?
-Одоогоос 6-7 жилийн өмнө нээж байсан. Нээсэн цагаасаа хойш маш завгүй ажилласаар өдийг хүрсэн байна. Хүмүүс зуны улиралд хөдөө гадаа аялал зугаалгаар их явдаг бол надад тийм боломж олддоггүй. Олон амьтан асарч халамжилдаг учраас нэг өдөр ч орхиж явж чаддаггүй. Энэ ажил маань нэг хийгээд өнгөрдөг ажил биш. Барааны дэлгүүр бол нэг сайхан тоосыг нь арчаад өрөөд тавьчихвал болчихдог. Харин бидний ажил байнгын асарч, хооллож, цэвэрлэн нэг өдрийн дотор маш их зүйл хийдэг ажил. Энэ нь л анхандаа хэцүү байсан байх. Сонирхолгүй хүн бол аль хэдийн больчих байсан. Гэвч дуртай сонирхдог зүйлдээ хэзээ ч шантарч залхдаггүй. Надад сонирхол, зорилго байсан учраас л өдийг хүрсэн. Энэ салбар төдийлөн хөгжөөгүй учраас эхний гурван жил их алдагдалтай ажилласан. Түүнээс хойш ашиг өгч эхэлсэн, энэ хугацаанд би ерөөсөө шантраагүй.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Ц.Гантулга: Өөрийн үзүүлбэрээр гиннесийн амжилт эзэмших зорилготой

Хүнээс хэр их бяр тэнхээ гарч болохыг өөрийн сонирхолтой үзүүлбэрээр бичлэг хийж, баримтжуулан нотолж яваа Ц.Гантулгатай ярилцлаа. Тэрбээр хот хоорондын автобус болон таван ширхэг “Land cruiser 200” маркийн машин шүдээрээ амжилттай чирсэн бөгөөд удахгүй онгоц чирэх зорилготой байгаа тухайгаа бидэнд сонирхуулсан юм.
-Уншигчдад маань өөрийнхөө талаар танилцуулна уу?
-Намайг Цогнэмэхийн Гантулга гэдэг. Баянхонгор аймгийн Өлзийт суманд 1992 онд төрж өссөн. Сонирхол, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн бяр тэнхээ шаардсан үзүүлбэр хийх дуртай.
-Таныг шүдээрээ автобус чирсэн, аваргуудын өргөж байсан чулууг өргөж үзүүлсэн зэрэг олон сонирхолтой зураг болон ярианууд байдаг. Энэ талаар хуваалцвал?
-Би анх 2017 оны долдугаар сард хүнд тээврийн микро автобусыг шүдээрээ чирж үзсэн. Тухайн үед “Youtube”-ээс олон янзын бичлэг үзэж байгаад санамсаргүй гадаад хүн шүдээрээ автобус чирж буй бичлэгийг үзсэн. Тэгээд “Үгүй ээ, яаж ингэж чирээд байна вэ? Ер нь монгол хүн яагаад чаддаггүй юм” гээд ажлынхаа автобусыг чирэх гэж оролдоход болохоор санагдсан. Цаашлаад өвөл нь хот хоорондын зорчих тээврийн 45 хүний суудалтай автобус таван метр гаруй газар чирсэн. Үүнээс хойш энэ төрлийн бяр тэнхээ шаардсан үзүүлбэрүүд хийе гэж шийдсэн. Энэ хүрээнд нэлээд хэдэн ажил хийж, хүмүүст ч танигдаж эхэлсэн.
-Тухайн үед монгол хүн автобус чирлээ, чулуу өргөлөө гэж их яригдаагүй өнгөрсөн санагдана. Таны автобус шүдээрээ чирж буй бичлэгийг олж үзсэн. Монголд хийгдсэн бичлэг үү? Эсвэл өөр оронд байсан уу?
-Микрог чирсэн үзүүлбэрийг урд хөрш буюу Хятадад хийсэн. Түүнээс бусад бүх бичлэг монголд хийгдсэн. Хамгийн сүүлд би хот хоорондын 45 хүний суудалтай хамгийн хүнд буюу “Granbird” гэдэг автобусыг шүдээрээ чирсэн. Хот хоорондын автобус нь гурван төрөл байдаг бөгөөд хамгийн хүнд нь “Granbird” юм. Үүнийг би саяхан төрөлх нутаг Баянхонгор аймагтаа очоод 24 метр газар чирсэн.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Ц.Нямдорж: Г.Занданшатар аа, УИХ-ыг тараавал би та нарын эсрэг ажиллана шүү

Ард нийтийн санал асуулгатай зэрэгцүүлэн, УИХ-ын ээлжит бус сонгуулийг зохион байгуулах асуудлаар эрх баригч намынхан гарын үсэг цуглуулсан. Гэвч Ард нийтийн санал асуулгад Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ хугацаанаасаа өмнө тарах нь хэт эрсдэлтэй талаарх шүүмжлэл хөвөрч эхэлсэн билээ. Үүнээс үүдэн, гарын үсэг зурсан гишүүд “буцаж”, албан бус байдлаар цагаан цаасан дээр зурж үзсэн гэж “гөвцгөөж” буй.
Эрх баригч намынхан энэ эргэж буцсан байдалдаа шийдэл олохоор өчигдөр бүлгийн хурал зарлав. Өмнөх өдөр нь 40 орчим гишүүн бүлгийн хуралдаа ирэх боломжтой гэж мэдэгдсэн ч 2-3 цаг хүлээлгэж байж, 20 гишүүн л цуглаж чадсан юм.
Бүлгийн хуралд МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан оролцож, “Намын удирдлага болоод генсекийн зүгээс ээлжит бус сонгууль зохион байгуулахыг дэмжиж байгаа” гэж мэдэгджээ.
Гэвч түүний улс төрийн асуудлаарх ерөнхий танилцуулгыг гишүүд төдийлөн хүлээж аваагүй байна. Улмаар Ц.Нямдорж гишүүн “Г.Занданшатар аа, энэ УИХ-ыг тараавал би та нарын эсрэг ажиллана шүү. Ард түмэн миний үгийг сонсоно. Чи хэт хүний үгээр явж, энэ парламентыг самарч гүйцлээ” гэхчлэн тачигнасан байна.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
БАГЦАЛСАН: С.ХОНГОРЗУЛ





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.