
БТСУХ-ны шалгуурт тэнцэн, шигшээ баг байгуулах эрхтэй болсон 24 спорт холбоо холбогдох бичиг баримтаа бүрдүүлснээр “Парис 2024” олимпын наадамд бэлтгэх Монгол Улсын үндэсний шигшээ баг албан ёсоор байгуулагджээ. Хамгийн сүүлд Монголын чөлөөт бөхийн холбоо энэ сарын 17-ны өдөр бичиг баримтаа бүрдүүлж өгсөн байна. Биеийн тамир спортын улсын хорооны Шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Шаравын Баясгалангаас энэ талаар тодрууллаа.
-Олимпын наадамд бэлтгэх үндэсний шигшээ баг байгуулагджээ. Энэ олимпын циклд хэчнээн төрлөөр шиг баг барихаар болов. Нэмж хасагдсан төрөл байгаа юу?
-Монгол Улс “Токио 2020” олимпын циклд спортын 22 төрөлд шигшээ баг барьж бэлдсэн бол “Парис 2024” олимпын наадамд 24 төрлөөр шигшээ баг барьж бэлтгэхээр боллоо.
“Бээжин 2022” өвлийн олимпын наадамд эрхээ авч оролцсон пара уулын цана, “Парис 2024” зуны олимпын наадамд эрхээ авч оролцох магадлалтай пара бочи гэсэн хоёр төрөл нэмэгдсэн. Ингэснээр Монгол Улс түүхэндээ спортын хамгийн олон төрлөөр шигшээ баг байгуулаад байна.
-Хэдий хамгийн олон төрөлд шигшээ баг байгуулсан ч монголчууд амжилт гаргах боломжтой, уламжлалтай дугуй гэх мэт олон спортын төрөл алга байна. Шигшээ баг байгуулах спорт холбоог ер нь яаж сонгодог вэ?
-Спорт холбоод эхлээд манайд хүсэлтээ өгдөг. Дараа нь манайх судлаад сүүлийн гурван жилд олимп, тив, дэлхийн АШТ-д үзүүлсэн амжилт, цаашид амжилт гаргах магадлал зэргийг нь харж байгаад сонгодог журамтай. Дугуйн холбооны хувьд хүсэлтээ өгсөн ч багтаагүй юм.
-Уламжлалтай спортуудаас өөр ямар, ямар төрлүүд үлдэв?
-Усан спортын бас “Олимпод дандаа цагаан хуудсаар ордог” гэдэг шалтгаанаар багтаагүй.
-Дугуйн спортын хувьд сүүлийн үед амжилт өндөр амжилт үзүүлж байгаа. ОУДХ олимпын эрхийг холбооны чансааг харгалзаж өгдөг болсон. Монголын дугуйн холбоо чансаагаар олимпийн эрх авах байрт яваа юм билээ?
-Дугуйн холбооны хувьд нэлээд нухацтай яригдсан. Олимпын эрхийн байраа баталгаажуулаад, амжилттай байвал ирэх жилээс бараг орох байх.
-Шигшээ баг жаахан оройтож байгуулагдав уу. Өмнөх олимп нэг жилээр хойшилж, дараагийн олимп шахагдсан учир шигшээ багийг эртхэн байгуулах байх гэж харж байсан. Жаахан хожуу байгуулав уу, юунаас болоод аажуурав?
-Шигшээ баг байгуулах, сонгон шалгаруулах журмаа бид энэ жил шинэчилсэн. Журам шинэчлэхэд төсөл боловсруулахаас эхлээд Засгийн газар, Ерөнхий сайд захирамжилж батлах хүртлээ тодорхой цаг хугацаатай хуулийн процесс явдаг. Шигшээ баг хожуу байгуулагдсаны нэг шалтгаан энэ. Гэхдээ журам сүүлд батлагдсан ч гэсэн тамирчдын бэлтгэлжилт огт тасраагүй, “Токио 2020“ олимпын дараа шууд эхлээд л үргэлжлээд явж байсан. Эрхийн тэмцээндээ оролцоод эхэлсэн байлаа. Энэ тал дээр цаг хугацаа алдсан асуудал байхгүй.
-Шигшээ багт хамруулах тамирчдаа холбоо өөрсдөө сонгож байгаа юу. Шигшээ багийн бүрэлдэхүүнийг тодруулахад БТСУХ, Үндэсний шигшээ багийн алба ямар үүрэгтэй оролцдог вэ?
-Манай байгууллагаас квот тогтоох , шалгалтаа зохион байгуулах, батламжлах л үүрэгтэй оролцдог. Батлагдсан орон тоон дээр хэнийг оруулахаа холбоо нь өөрсдөө шийдэж байгаа. Хуулийн зохицуулалт нь ийм юм.
АМЖИЛТ ГАРГАХ МАГАДЛАЛ ӨНДӨРТЭЙ ЖҮДО, ЧӨЛӨӨТ БӨХ, БОКСЫН ХОЛБООДОД ХАМГИЙН ОЛОН КВОТ ХУВААРИЛСАН
-Шигшээ багийн бүрэлдэхүүнийг харлаа. Жүдо бөх 40, чөлөөт бөхийн төрөлд 34 орон тоотой байна. Квот олгохдоо амжилт гаргах магадлалыг нь харгалзаж, холбоодыг эрэмбэлсэн үү. Түүнээс гадна, чөлөөт бөхийн төрөлд зарим жинд ганц тамирчин байхад жүдо бөхийн төрөлд нэг жинд ихэвчлэн 3-4 тамирчин байна.
-Амжилт гаргах магадлал өндөртэй жүдо, чөлөөт бөх, бокс зэрэг холбоодод илүү квот хуваарилах нь мэдээж, ойлгомжтой. Харин манай өгсөн квотын хүрээнд хэнийг оруулахаа шийдэх эрх нь холбоонд бий. Холбоо өөрсдийн бодлогодоо тохируулаад аль жинд, хэдэн тамирчин байлгахаа шийддэг.
-Спорт холбоод тамирчдаа солих юм уу, БТСУХ-ноос холбоодод өгөх квотыг нэмэх боломж хэр байгаа вэ?
-Тамирчин солих тал дээр бол ямар ч хүндрэл байхгүй, холбоо нь шалтгаан, үндэслэлүүдээ бичсэн хүсэлтээ өгчихөд л бид нар дор нь солиод өгнө...
-Квот нэмэх бол мэдээж, төсөв мөнгөтэй холбоотой байх?
-Тийм. Тухайн жилд батлуулсан төсвийнхөө хэмжээнд явдаг учраас нэмэх тал дээр жаахан бэрхшээлтэй. Бид бол мэдээж, жил бүр орон тоог нэмэгдүүлэхийн төлөө л ажиллаад явна. Энэ жил Засгийн газрын 156 дугаар тогтоол гарч, үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын цалингийн хэмжээг шинэчилж баталсан. Тамирчин 1 200 000, дасгалжуулагч 1 500 000 төгрөгийн цалинтай болсон. Үүнтэй холбоотойгоор орон тоо нэмэхэд нэлээд өндөр төсөв шаардагдаад байгаа.
ҮШБ-ИЙН ГИШҮҮД ТАНГАРАГ ӨРГӨДӨГ УЛАМЖЛАЛЫГ СЭРГЭЭСЭН
-Үндэсний шигшээ баг албан ёсоор байгуулагдсанаар тамирчид, холбоодод ямар боломж бололцоо бүрдэж байгаа вэ?
-Бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэх, эрхийн тэмцээндээ үргэлжлүүлэн оролцох, цаашлаад “Парис 2024” олимпод хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож өндөр амжилт үзүүлэх гол зорилгынхоо төлөө тууштай явах бололцоо бүрдэж байна гэж хэлж болно.
-Шигшээ багийн тамирчин дасгалжуулагчид тангараг өргөнө гэж сонслоо?
-Тийм ээ. 2017 онд анх зохион байгуулж байсан “Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын тангараг өргөх ёслол”-ыг энэ жил сэргээж байгаа. Тангаргаг өргөх ёслол маргааш болно. Энэ нь нийт тамирчид, бие бүрэлдэхүүний сахилга, дэг журмыг сайжруулах, бэлтгэл сургуулилтаа сайн хангаж, олимп, паралимпод өндөр амжилт гаргах сэдлийг төрүүлэх зорилготой.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БААХАН ХООЛНЫ САВ. ЭНЭ ТАМИРЧИД ГЭЭД БАЙГАА ҮМБҮҮНҮҮД БҮГД ГАДАГШАА ГАРАХ ХЭРЭГТЭЙ
Өөрсдийгөө зөв зүйлээр хөгжүүлж чадаж байвал тэгээ л болио шдээ. Спиртлэг биш спортлог байвал тэгээ л болооо доо
хэрэггүй амьтан
дэмжиж байна яах уу дээ буруу юм хийсэн биш ямар