Дани улсын парламент шашны номыг гутаахыг хориглосон хууль батлав

Дани улсын парламент пүрэв гарагт /2023.12.07/ ямар нэгэн шашны номыг шатаах гэх мэт аргаар гутаахыг хориглосон хуулийг баталжээ. Сүүлийн үед тус улсад Исламын шашныг шүүмжлэгчид Куран шатааж эсэргүүцлээ үзүүлэх явдал их гарах болсон.
Үүнийг Лалын шашинтай хүмүүс шүүмжилж, ном шатаахыг хориглохыг шаарджээ. Мөн Дани улсын Исламын орнуудтай тогтоосон харилцаанд сэв суугаад байсан юм. Данийн Хууль зүйн яам мэдэгдсэнээр шинээр баталсан хууль нь тус улс дахь терроризмын заналхийллийг ихэсгэхэд нөлөөлсөн явдлыг эсэргүүцэх зорилготой гэсэн байна.

Хууль зүйн сайд Питер Хуммелгаард “Энэ явдал нь Дани улсын бусад оронтой харилцах харьцаа, бидний ашиг сонирхол, эцэст нь бидний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэж хэлжээ.
Шинээр баталсан хуулийг шүүмжлэгчид шашныг шүүмжлэх явдалд ямар ч хэмжээний хязгаар тавих нь бидний томоохон хүчин чармайлт гарган олж авсан либерал эрх чөлөөг алдагдуулна гэж үзэж байгаа юм.
Харин Данийн төв үзэлтэй эвслийн засгийн газар шинэ хууль үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд бага зэрэг л нөлөөлнө, шашныг өөр хэлбэрээр шүүмжлэх нь хууль ёсны хэвээр байна хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.