Теннесси мужид багш нар сургуульд буу авч явахыг зөвшөөрсөн хуулийг дэмжжээ
АНУ-ын Теннесси мужийн хууль тогтоогчид багш нар сургуульд буу авч явахыг зөвшөөрсөн хуулийн төслийг дэмжжээ. Тус мужийн захиргааны Төлөөлөгчдийн танхим мягмар гарагт /2024.04.23/ санал хураахдаа г 68:28 харьцаатай дэмжсэн байна.
Мужийн захиргааны Сенатын танхим энэ сарын эхээр багш нарт буу авч явахыг зөвшөөрсөн хуулийг дэмжсэн юм. Өнгөрсөн жил Теннесси мужийн Нэшвилл хотод байрладаг нэгэн сургуульд гурван хүүхэд, гурван сургуулийн ажилтан буудуулж амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан.
Уг хэргийн дараа Теннеси мужийн хууль тогтоогчид бууны тухай хууль дээр ширүүн маргаан үүсгэсэн юм. Ардчилсан намаас мужийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон зарим хууль тогтоогчид эсэргүүцлийн жагсаал хийснийхээ улмаас албан тушаалаасаа хөөгдсөн байна.
Мужийн Төлөөлөгчдийн танхимаас хөөгдсөн ч дараа нь дахин сонгогдсон Ардчилсан намын улс төрч Жастин Пирсон “Өнөөдөр Теннесси муж, хүүхдүүд, багш нар, олон нийтийн хувьд хар бараан өдөр байлаа. Хүүхдүүдийг хамгаалахын оронд дахиад л буугаа хамгаалж үлдлээ” гэж шүүмжилжээ.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Бүгд найрамдах намын гишүүд болон консерватив үзэлтэй иргэд сургуульд галт зэвсэгтэй аллага гарахаас сэргийлэхийн тулд багш нарт буу авч явахыг зөвшөөрөх хэрэгтэй гэсэн байр суурьтай илэрхийлж ирсэн юм.
Энэ саналыг дэмжиж буй хүмүүс багш нар буутай байх нь сургуульдаа гал нээхээр зэхэж буй хүүхдүүдийг зогсооно гэж үзэж байгаа. Харин эсэргүүцэгчид санамсаргүй галд хүн амь үрэгдэж магадгүй гэсэн байр суурьтай байдаг.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.