СПОРТ

78 насандаа, 56 жилийн дараа дутуугаа гүйцээхээр зүтгэж яваа тэшүүрчин

Спорт залуу насны ажил. Тамирчны замнал цахилаад л өнгөрдөг гэдэг. Тийм богино хугацаанд өдөр бүр хичээж, бусдаас илүү хөдөлмөрлөсөн хүн л амжилтад хүрнэ. Тэгвэл спорт бол зөвхөн залуу насны ажил биш, нас бол зүгээр л тоо гэдгийг амжилтаараа баталж, дутуугаа гүйцээж яваа олон шилдэг тамирчин манай улсад бий. Тэдний нэг Бүжийн Жалбаа гуай.

ӨВЛИЙН ОЛИМПОД ОРОЛЦСОН МОНГОЛЫН АНХНЫ ТАМИРЧДЫН НЭГ

Өвлийн олимпын наадамд оролцсон Монголын анхны тамирчдын нэг тэрбээр өдгөө 78 настай ч цөөнгүй спортын төрлөөр хичээллэж яваа авьяаслаг нэгэн. Үндэсний сурын болон шагайн харвааны тамирчин, тэшүүрчин гээд олон тодотгол түүнийх.

Олимпын наадамд хоёр, насанд хүрэгчдийн ДАШТ-д нэг удаа өрсөлдсөн тэрбээр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат. Насанд хүрэгчдийн УАШТ болон Бүх ард түмний спартакиадад нэг түрүүлсэн Б.Жалбаа гуай улсынхаа дээд амжилтыг дөрвөн удаа шинэчилсэн.

Монгол Улс “Инсбрук-1964” өвлийн олимпод анх удаа өрсөлдөхөд эх орноо төлөөлөн хурд сорьсон анхдагчдын нэг нь Б.Жалбаа гуай. Тэрбээр олимпын наадамд анх удаа хүч сорихдоо 22 настай байсан юм билээ.  

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД 51 ЖИЛИЙН ОРОЛЦООД ТҮРҮҮЛСЭН

1968 оны Греноблийн олимпод оролцсоноосоо хойш олон улсын тэмцээнд өрсөлдөөгүй байсан Б.Жалбаа өнгөрсөн жил 77 насандаа Японд Төрийн дууллаа эгшиглүүлсэн. Тэгэхдээ улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн юм. Өдий насандаа, 51 жилийн дараа олон улсын тэмцээнд түрүүлснээр нь бахархахгүй байх аргагүй.  Б.Жалбаа Японд болсон олон улсын тэмцээний 75-80 насны ангилалд хурд сориод түрүүлэхдээ эхний өдөр 500 метрийн зайд нэг минут, хоёр секунд тэшин, өөрийнхөө эзэмшдэг Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн. Маргааш нь 59.6 секунд гүйн, түүнийгээ ахиулсан юм. Хандгайтад дөрөвхөн хоног бэлтгэл хийгээд л тийм бахдам амжилт гаргаснаар нь олон хүн бахархдаг юм билээ.

78 НАСАНДАА АХМАДЫН ӨВЛИЙН НААДАМД ӨРСӨЛДӨНӨ

Өнөө жил ахмадын өвлийн наадам Австрийн Инсрукт энэ сарын 8-20-нд болно. Тус тэмцээнд Б.Жалбаа гуай оролцохоор бэлтгэлээ базааж байна. Олимпын наадамд анх өрсөлдсөн Инсбрукийн мөсөн дээр 56 жилийн дараа дахин уралдаж, дутуугаа гүйцээхээр хөдөлмөрлөж байгаа нь энэ. Тэгэхдээ Б.Жалбаа Монгол Улсын тугчаар оролцон, олимпын наадмын нээлтэд Монгол Улсынхаа нүүр царай болох юм. Энэ нь спортоос хөндийрч, өнгөрсөн жил эргэн ирсэн түүнд бүр ч сайхан, бэлгэшээлтэй санагдаж байгаа нь мэдээж.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХҮНДЭТ МЭРГЭН, ШАГАЙН ХАРВААНЫ ХАРЬШГҮЙ МЭРГЭН ЦОЛТОЙ

Тэшүүрээс гадна үндэсний сур, шагайн харваагаар хичээллэдэг нь түүний онцлог. Үндэсний сурын ахмадын УАШТ-ий дөрвөн түрүүтэй Б.Жалбаа Монгол Улсын хүндэт мэргэн цолтой. Шагайн харвааны харьшгүй мэргэн цолтой тэрбээр улсын хоёр удаагийн аварга.

Тэрбээр үндэсний сур, шагайн, харваа тэшүүрийн спортын 1000 гаруй шавьтай. Улсын наадмын түрүү харваа Пунсалдулам тэргүүтэй олон шилдэг түүний шавь.

ТЭШҮҮРЭЭР 66 ЖИЛ ХИЧЭЭЛЛЭЖ БАЙГАА ТЭРБЭЭР ОУХМ ЦОЛ АВААГҮЙ

Тэшүүрийн спортоор гаргасан түүний амжилт нэлээд жин дарна. Гэтэл өнөөг хүртэл Гавьяат байтугай олон улсын хэмжээний мастер цол аваагүйд тань олон хүн гайхдаг юм билээ. Энэ талаар түүнээс тодруулахад “Үүнийг хүмүүс их гайхдаг. Хэвлэлийнхэн хүртэл ОУХМ цолтой гээд андуураад биччихдэг. Олимпод хоёр, ДАШТ-д нэг удаа өрсөлдсөн би тэшүүрийн спортоор 66 жил хичээллэж байна. Насанд хүрэгчдийн ангилалд УАШТ-ий нэжгээд, олон улсын тэмцээний 10-аад медальтай. ОУХМ цолны болзлыг залуудаа хангасаан. Энэ талаар хөөцөлдөж байгаагүй. ОУХМ цолоо авъя гээд гүйлтэй биш. Би ер нь алдар нэр, гавьяа шагналын араас хөөцөлддөг хүмүүсийг ер ойлгодоггүй. Тэгэх ёстой дургүй” гэсэн юм.

78  настай Б.Жалбаа Инсбрукийн мөсөн дээр 56 жилийн дараа хурд сорихдоо дөрвөн зайд буюу 500, 1000, 1500, 3000 метрт өрсөлдөнө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Тулга
Тулга

Мундаг тууштай хөдөлмөрч танд өндөр амжилт хүсье. Эрүүл энхийг хүсэн ерөөе

Мөрөн
Мөрөн

Мөрөнгийн 10 жилийн сурагч байхдаа л тэшүүрийн спортын нэртэй тамирчин болсон хүн дээ Жалбаа гуай чинь Спортын мастер Гүржав гуай байна

Мөрөн
Мөрөн

Бас цанын спортын мастер Туваанжав , Сарантуяа нар энэ сургуулийнх байх шүү

Холбоотой мэдээ

Back to top button