НийгмийнСПОРТ

Залуучуудын өвлийн олимпын анхны аварга Б.Сумъяагийн тухай СОНИРХОЛТОЙ 10 БАРИМТ

Залуучуудын өвлийн олимпын III наадам энэ сарын 9-22-нд Швейцар улсын Лозанн хотод болно. Тус наадамд Монголоос гүйлтийн цана, биатлоны төрөлд зургаан тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна.

2016 онд Норвегийн Лиллехаммер хотод болсон залуучуудын өвлийн олимпын тэшүүрийн холимог багийн төрөлд Буянтогтохын Сумъяа түрүүлж, монгол түмнээ баярлуулсан. Тэгснээр Монгол Улс өвлийн спортын түүхэнд олимпын анхны аваргаа өлгийдсөн түүхтэй.

Залуучуудын өвлийн олимпын гуравдугаар наадам болох гэж буйтай холбогдуулан Б.Сумъяагийн тухай сонирхолтой 10 баримтыг уншигч та бүхэнд сонирхуулъя. Монголын өвлийн спортын түүхэнд тод мөртэй эрхэм, мартах учиргүй амжилтын эзэн тэр яах аргагүй мөнөөс мөн.

НЭГ: Б.Сумъяа 1999 оны нэгдүгээр сарын 25-нд Дархан-Уул аймагт төрсөн. Өдгөө 21 настай.

ХОЁР: Тэрбээр найман настайдаа Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. Түүндээ урамшин, Дархан-Уул аймгийн дасгалжуулагч Л.Мандах, Д.Нацагдорж нарын шавь болсон. Улмаар 2010 онд Улаанбаатар хотод ирснийхээ дараа Гавьяат тамирчин Л.Цэндийн удирдлагад бэлтгэлээ хийж байгаад “Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Д.Энхбаяр агсны шавь болжээ.

ГУРАВ: “Лиллехаммер-2016” залуучуудын II олимпын тэшүүрийн холимог багийн төрөлд 17 настайдаа түрүүлэхдээ тэрбээр Итали, БНХАУ, БНСУ-ын тамирчидтай нэг баг болон уралдсан. Тус багийг түүний багш Д.Энхбаяр дасгалжуулсан нь ховор тохиолдол.

ДӨРӨВ: Б.Сумъяа Дэлхийн цомоос олимпод оролцох эрх авсан. Улмаар “Лиллехаммер-2016”-гийн өмнөх бэлтгэлээ БНХАУ-д 21 хоногийн хугацаанд базаасан юм.

ТАВ: Тэрбээр залуучуудын олимпод түрүүлсэн Монголын гурав дахь, өвлийнхөд нь түрүүлсэн анхны тамирчин. Түүнээс өмнө Б.Батцэцэг (чөлөөт бөх), Л.Эрдэнэболд (гимнастик) нар залуучуудын олимпын аварга болж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн түүхтэй. Өвлийн олимпод түрүүлсэн Б.Сумъяагийн амжилтыг өдгөө ч монгол тамирчин давтаагүй байна.

ЗУРГАА: Олимпод түрүүлснийхээ дараа тэрбээр Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан болсон. 2017 онд түүнийг “Алтан гадас” одонгоор шагнасан юм.

ЗУРГАА: 2016 онд болсон Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын галт бамбарыг Б.Сумъяа асаасан.

ДОЛОО: Монгол Улсын дээд амжилтыг 20 гаруй шинэчлэн, өдгөө эзэмшиж байгаа.

НАЙМ: Б.Сумъяагийн багш Д.Энхбаярын аав нь Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Ч.Дагвадорж. Д.Энхбаяр дасгалжуулагч өнгөрсөн оны гуравдугаар сард бурхан болсон юм.

ЕС: Хөдөлмөрийн баатар, Их аварга Д.Дагвадорж Б.Сумъяаг Японы биеийн тамирын их сургуульд суралцуулахаа амласан юм.

АРАВ: Б.Сумъяа тэшүүрээс гадна дугуйгаар хичээллэдэг. Дугуйн спортоор гаргасан түүний амжилт нэлээд жин дарна.

Дугуйн өсвөр үе, залуучуудын ангиллын бөөн болон цуваа гараанд түрүүлсэн. Насанд хүрэгчдийн хосын гараанд алт, хүрэл медальтай. Мөн дугуйт тэшүүрийн УАШТ-ий 10-аад түрүүтэй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button