Манай сурвалжилгын мөрөөр: Мөөгөнцөртэй цэцэрлэгт суралцаж байсан I ангийн 360 хүүхэд төв сургууль руугаа шилжлээ

Сонгинохайрхан дүүрэгт байрлах 154-р сургууль 640 хүүхдийн багтаамжтай ч 3200 хүүхэд элсэн суралцаж буй. Сургуулийн багтаамж хэтэрсэн тул энэ жил нэгдүгээр ангид элссэн 360 сурагчаа түрээсийн байранд шилжүүлэн, сургаж байсан.
Гэтэл тухайн сурагчдын хичээллэж байсан "Тэмүүжин анд" цэцэрлэгийн барилга хүүхэд суралцах стандарт орчин биш, анги танхимаас нь мөөгөнцөр, ариун цэврийн өрөөний үнэр үнэртдэг. Мөн зай талбай багатай тул суралцахад бэрхшээлтэй буй талаар эцэг эхчүүдийн төлөөлөл манай редакцад хандсан юм. Иймд бид тус сургуулийн бодит нөхцөл байдлыг сурвалжлан хүргэж байсан билээ.
Тэгвэл тухайн сургуулийн удирдлагаас нэгдүгээр ангийн 10 бүлэг хичээллүүлэхээр түрээсэлсэн "Тэмүүжин Анд" цэцэрлэгийн барилгаас сурагчдыг нүүлгэж, 154-р сургуулийн А байр буюу төв сургуульдаа сургахаар болсон тухайгаа мэдэгдлээ. Ингэхдээ "Эцэг эхчүүдийн хүсэлт болон хэвлэл мэдээллийг хэрэгслээр нийтлэгдсэн мэдээллийг хүлээн авч нэгдүгээр ангийн 360 хүүхдийг төв сургууль руугаа шилжүүлэн авч ирж сургахаар боллоо. Ингэснээр манай гурван ээлжээр хичээллэнэ. Нэгдүгээр ангийн сурагчдыг өглөө болон оройн ээлжид хичээллүүлэх боломжгүй. Анхаарал төвлөрөлт болон аюулгүй байдлыг бодолцож үдээс хойш буюу хоёрдугаар ээлжид хичээллүүлэхээр бид ажиллаж байна" хэмээсэн юм.
Харин манай сайтад хандсан сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид: Мөөгөнцөр, ариун цэврийн өрөөний үнэр ханхалсан барилгаас хүүхдүүдээ гаргаж байгаад баяртай байна. Гэрийнхээ ойр, төв сургуульдаа сурахаар болсон тухайгаа хуваалцлаа.
Сурвалжилгыг уншихыг хүсвэл дараах линк дээр дарна уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.