"100 ортой цэцэрлэгийг ашиглалтад оруулсан ч үйл ажиллагааг нь эхлүүлээгүй байна"

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Лавай зах орчимд 100 ортой цэцэрлэгийг ашиглалтад оруулж, нийслэл, дүүргийн төсвөөр анги танхимыг тохижуулжээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл цэцэрлэгийн дугаар, эрхлэгчийг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байна.
Энэ талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин өнөөдөр /2025-09-18/ мэдээлэл өглөө. Ингэхдээ "Улаанбаатар хотод нийт 139 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна. Үүнээс есдүгээр сарын 1-нээс өмнө 20-ийг нь ашиглалтад оруулсан юм. Улмаар заримд нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч томилоогүйгээс болж үйл ажиллагаа эхэлж чадаагүй байна.
Үүнээс болж Сандал, ширээ зэрэг хатуу зөөлөн эдлэл авч чадахгүй Багш, ажилтан томилж чадахгүй Үйл ажиллагаа эхлээгүй. Энэ сарын 1-нээс хойш дахин 4 сургууль, цэцэрлэгийг улсын комисст өгсөн боловч мөн адил удирдлагын томилгоо, тавилга эд хогшлын асуудал тулгамдаж байгаа. 2025 онд багтаан нийт 20 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд зөвхөн 11-р сард гэхэд 12- ыг нь ашиглалтад оруулна.
Одоогоор нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 171 сургуулиас 146 нь сандал, ширээгээ яаралтай шинэчлэх шаардлагатай байгаа. Өдгөө олон сургуулийн тавилга стандартын шаардлага хангахгүй, хүүхэд суух боломжгүй түвшинд хүрсэн. Гэсэн ч 2025 оны улсын төсөвт энэ асуудлыг шийдэх ямар ч хөрөнгө суулгаагүй байна.
Нийслэлээс уг асуудлыг удаа дараа яаманд тавьсан ч шийдвэрлэгдээгүй. Үүнээс гадна 2025 оны хичээлийн жил эхлээд бараг сарын хугацаа өнгөрч байхад сурах бичгийн хангалт бүрэн шийдэгдээгүй байна. 6-12 дугаар ангийн сурагчдын сурах бичгийн зөвхөн 50 хувь нь хангагдсан үр дүнд нь 40 гаруй хүүхэдтэй ангийн тал нь сурах бичигтэй, тал нь сурах бичиггүй болж, хоёр хүүхэд нэг ном хуваан хэрэглэж буй. Эцэг эхчүүд өөрсдөө худалдаж авах гэсэн ч ном байхгүй, цахимаар захиалах боломжгүй байгаа юм" хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ хүн энд тэнд очоод шүүмжлээл явах юм тэгээд гарц шийдлийг нь олоод ажиллуулаач ээ
Хүрэлсүхээ энэ улс орон НЭГ л болж өгөхгүй байна даа.