Эртний ном судар баримтат өвүүдийг үнэрээр судална

Монгол Улсын Үндэсний Номын Санд хадгалагдаж буй ном, судар, эртний баримтат өвүүдийг үнэрээр судлах "үнэрээр номыг шинжлэхүй" судалгааг эхлүүлжээ.
Тус судалгааг Австри Улсын Байгалийн нөөц, амьдралын шинжлэх ухааны их сургуулийн Химийн лабораторийн профессор, доктор Д.Гүнбилиг, молекул биологич, доктор Р.Өлзийням нар явуулах аж. Судалгааны хүрээнд үндэсний номын сангийн үнэт ховор номын музей, Монгол судлал, гар бичмэлийн сан хөмрөг, тогтмол хэвлэлийн сан хөмрөгт хадгалагдаж буй судар ном, эртний баримтат өв, сонин сэтгүүлээс микробиологийн болон номын үнэрийн дээжүүд авчээ.
Судалгааны гол зорилго нь Үндэсний номын санд хадгалагдаж буй ном, судар, эртний баримтат өвүүд ямар үнэртэй болох, энэ үнэр нь юунаас үүдэлтэй болохыг судлах, болон номыг бүрдүүлж буй материалуудад химийн урвал хэрхэн явагдах, урьдчилан сэргийлэх, хадгалалт хамгаалалтын аргачлал боловсруулахад чиглэх юм. Мөн номын гадаргуу дээр ямар бичил организм үүсэж буйг таньж тогтоох зорилготой юм.
Номын сангийн мэргэжилтнүүдийн зүгээс ирэх онд судалгааны сонирхолтой үр дүн гарна гэж найдаж байгаа аж.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.