“21 аймагт 21 байшин” аянаар өрх толгойлсон найман хүүхэдтэй ээж 62 мкв байшинтай боллоо

“Үнэн худлын дэнс Хайр 2000 төсөл”-ийн санаачлагч М.Орхонтуул Хэнтий аймагт өрх толгойлсон найман хүүхдэд 62 мкв байшин барьж бэлгэлжээ. Тэрбээр уг төслөөрөө дамжуулан сайн дурын ажил зохион байгуулж хандив босгон нийгмийн боломж муу айл өрхөд тусалж өдгөө 49 дахь гэрээ хандивлаад байгаа юм байна.
Түүнчлэн Эрдэнэт хотод өрх толгойлсон таван хүүхэдтэй ээжийг байшинтай болгосон юм. Тус аян нь 21 аймгийн айл өрхөд 21 байшин барьж бэлэглэх зорилготой бөгөөд цаашдаа 19 аймагт 19 байшин барьж хандивлах аж.
Энэ тухай М.Орхонтуул өөрийн цахим хуудаснаа “Эхнэр бид хоёр хүүхэд олох боломжгүй гэсэн хариуг олон удаа эмчээс сонссон. Аль сайн гэсэн бүхий л газраас явсан ч тусыг эс олсон. Сүүлдээ арга мухардаж хүүхэд үрчлэх талаар судалж ярилцаж байсан. Гэтэл нэг удаа хөдөө найзтайгаа ажлаар явж байгаад нэг боломж муу өрхөд гэр хандивласан юм. Энэ явдалаас удалгүй эхнэр маань бие давхар болж бид охинтой болсон. Ер нь “хүнд туслах ёстой юм байна” гэж ойлгоод идэвхтэй бусдад буян үйлдэж эхэлсэн. Түүнээс мөн төд удалгүй хүүтэй болж үнэхээр их баярласан. Бусдад үйлдсэн буяны ачаар надад сайн сайхан бүхэн ирсэн. Тиймээс цаашдаа сайн үйлсийн аянаа үйлдсээр байна” гэжээ.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.